Ц.Оюундарь: З.Энхболд даргын санал дүрмийн бус байсан учир унасан
Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан өнгөрсөн баасан, бямба гарагт болж өндөрлөсөн. Энэхүү хур- лаар хэлэлцсэн асуудал хийгээд гаргасан шийдвэрүүд нь олны анхаарлын төвд ороод байгаа. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намаас өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас зарим асуултад хариулт авсан юм.
-“Ротацийн сонгууль хийж, гишүүдээ шинэчлээгүй учир Ардчилсан намын одоогийн ҮЗХ-г хууль бус. Тэндээс гаргасан шийдвэрүүд нь хүчингүй гэж үзэх ёстой” гэсэн байр суурьтай зарим хүн байна билээ. Та энэ асуултад ямар хариулт өгөх вэ?
2011 оны гуравдугаар сард хуралдсан ҮЗХ-ны хурлаар ротацийн сонгууль хийнэ гэдэг дүрмийн заалтыг хүчингүй болгосон. Дүрмийн өөрчлөлтийг уншаагүй, мэдэхгүй хүмүүс өмнө нь хийдэг байсан ротацийн сонгуулийг хийх ёстой гэж дахин дахин ярьдаг. Ротацийн сонгууль хийнэ гэдэг заалт 2011 оноос хойш манай намын дүрэмд байхгүй болсон. Тиймээс ҮЗХ-ны хурлаас гаргасан аливаа шийдвэр хүчинтэй гэсэн үг.
-Ротацийн сонгууль хийхгүйгээр ҮЗХ-г ямар зарчмаар шинэчлэх юм бэ?
-Дотоод сонгуулийн хороо сонгууль зарлах зарчмаар шинэчлэлийг хийнэ. Нөхөн сонгуулиуд хийгдэхгүй байгаа шалтгааныг зарим хүн асуудаг. Нөхөн сонгууль хийгдэхгүй байсан шалтгаан нь түүнийг зарладаг дотоод сонгуулийн хороо бүрэлдэхүүнгүй болчихсонд байсан юм. Түүнээс биш хүмүүсийн яриад байгаа шиг намын дарга ч юм уу, хэн нэгэн хүн сонгууль хийлгэхгүй бариад байсан асуудал огтхон ч байхгүй.
Өөрөөр хэлбэл дотоод сонгуулийн хороо долоон хүний бүрэлдэхүүнтэй байснаас дөрөв нь төрийн албан хаагч болсон учир үлдсэн гурван гишүүн нь сонгууль зарлах эрх зүйн чадамжгүй байсан юм.
Өнгөрсөн бямба гарагт хуралдсан ҮЗХ-ны ээлжит бус хурлаар дотоод сонгуулийн хорооны гишүүдийг намын даргын санал болгосноор ҮЗХ-ноос бүрдүүлсэн учир дотоод сонгуулийн хороо одоо ямар ч сонгууль зарлах бүрэн эрхтэй байгууллага болсон.
-ҮЗХ-ны хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ гэдэг олны анхаарлыг нэлээд татаж байна. Энэ талаар тодруулна уу?
-Засгийн газрын тэргүүн огцорсонтой холбоотойгоор намын дүрмийн дагуу даргын асуудлыг зайлшгүй хэлэлцэх нөхцөл бүрдсэн. Мөн ийм нөхцөл байдал ямар учраас бий болов гэдэг асуудал дээр улс төрийн дүгнэлт гаргах шаардлага бий болсон учир ҮЗХ-г ээлжит бусаар зарлаж, хуралдуулсан.
Байгуулсан Засгийн газраа огцруулах шийдвэр гаргасан тохиолдолд хариуцлага хэрхэн тооцохыг манай намын дүрэмд маш тодорхой заасан байдаг учир Засгийн газрыг огцроход хүргэсэн намын гишүүдтэй хариуцлага тооцох ёстой гэсэн гишүүдийн шаардлагаар ҮЗХ-ны хуралдаанаар үндсэн гурван асуудлыг авч хэлэлцсэн. Ардчилсан нам олонх болж, дангаараа Засгийн газар байгуулах хэмжээний ялалт байгуулаагүй учир 2012 онд хуралдсан ҮЗХ-ны хуралдаанаас Ардчилсан намын бүлэгт УИХ-д суудалтай “Шударга ёс” эвсэл болон Иргэний зориг-Ногоон намтай хамтарч байгуулах боломжийг судлах үүрэг өгсөн.
Өнөөдөр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ гэрээнд өөрчлөлт орж магадгүй байгаа учир намын бүлэг болон намын даргад цаашид байгуулах Засгийн газрыг ямар чиглэлээр байгуулах вэ гэдгийг шийдэх үүрэг өгсөн. Энэхүү асуудлыг хэлэлцэх явцад ямар нэг тодорхой нам улс төрийн хүчинтэй гэж заахгүйгээр УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөх эрхийг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт болон намын даргад даалгасан.
ҮЗХ-ны хурал дууссан цаг үеэс эхлээд Засгийн газар байгуулах, бүх яриа хэлэлцээр эхэлсэн байх. Үүнээс гадна МАХН-ын дарга Н.Энхбаяртай Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн байгуулсан хамтран ажиллах гэрээний тухай асуудлаа хэлэлцсэн.
Нэгэнт үзэглэгдсэн гэрээ учир эрх зүйн чадамжтай гэж үзэж гэрээг хүчин төгөлдөр үү, үгүй юу гэдгийг зайлшгүй хэлэлцэх ёстой гэсэн санал гарсны дагуу уг асуудлыг хэлэлцэж, аравдугаар сарын 18-нд үзэглэсэн гэрээг хүчин төгөлдөр биш гэсэн дүгнэлт гаргасан. Учир нь ҮЗХ-ны бүрэн эрхэд хамаарсан асуудлаар намын дарга гэрээ байгуулж, гарын үсэг зурсан нь хүчин төгөлдөр биш гэдгийг тогтоол гаргаж баталгаажуулсан байгаа. Мөн намын их хурлыг хуралдуулахаар болсон.
ҮЗХ-ны хурал дууссан цаг үеэс эхлээд Засгийн газар байгуулах, бүх яриа хэлэлцээр эхэлсэн байх
Сонгуульд ялалт байгуулахад хамгийн их түлхэц болсон “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хэрэгжилт ямархуу байгааг Их хурлаараа хэлэлцэж, цаашид ямар чиг баримжаатай явах вэ гэдэг асуудлыг ч үлдээхгүй гэж үзсэн. Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг ҮЗХ-ны 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр баталж, миний бие удирдаж байгаа.
-УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөхийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон намын даргадаа үүрэг болгосон гэхээр Ардын намтай хамтарч Засгийн газар байгуулах боломжтой гэсэн үг үү?
УИХ-д суудалтай бүх намтай яриа хэлэлцээр хийх эрхийг олгосон гэсэн үг. Яриа хэлэлцээрийн явцад ямар шийдвэр гаргаж, ҮЗХ-ны хуралдаанаар танилцуулахыг дараагийн хуралдаанаар л мэдэх боломжтой байх.
-Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооноос Ерөнхий сайдыг огцруулах кноп дарсан гишүүдийг намаас хөөх шийдвэргаргасан. Гэтэл ҮЗХ-ноос энэхүү шийдвэрийг хүчингүй болгосон нь ямар учиртай юм бэ?
Нам бол тодорхой дүрэм журам бүхий байгууллага. Энэхүү дүрэм журмыг нь хүлээн зөвшөөрсний үндсэн дээр тухайн намын гишүүнээр элсдэг. Хяналтын ерөнхий хорооноос хөөх шийдвэр гаргасан гишүүдийн хувьд намын дүрэмд заасан гишүүний хариуцлагын тодорхой заалтыг зөрчсөн нь санал хураалтын дүнгээр баталгаажсан учир ҮЗХ- ны гишүүдийн гомдол дээр үндэслэж, Хяналтын хороо найман гишүүнийг хөөх шийдвэр гаргасан байсан.
Яг энэ асуудлаар бараг бүх гишүүн ҮЗХ-ны хурал дээр үзэл бодлоо илэрхийлсэн. “Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор шалтгааныг нь тодруулах ёстой, дүрмийн дагуу дээрх гишүүдэд хариуцлага хүлээлгэхгүй бол буруу жишиг тогтооно” гэдэг үүднээс Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг маш нухацтай хэлэлцсэн.
Хяналтын ерөнхий хороо үйл явцын хувьд алдаа гаргасан байна гэж ҮЗХ-ны гишүүд үзсэн. Тодруулбал, ҮЗХ хуралдах гээд хяналтын ерөнхий хороо яаралтайгаар хуралдаж хариуцлага тооцох гэж байсан хүмүүсийн асуудлыг хэлэлцэхдээ өөрсдийг нь байлцуулаагүй учир хүний эрхийг зөрчсөн алдаа гаргасан.
Хяналтын ерөнхий хороо үйл явцын хувьд алдаа гаргасан байна гэж ҮЗХ-ны гишүүд үзсэн.
Тиймээс Хяналтын ерөнхий хорооноос тухайн үед гаргасан тогтоолыг дэмжихгүй гэдэг шийдвэр гаргасан юм. Өөрөөр хэлбэл, энэ асуудал дараа хуралдах ҮЗХ-ны хуралдаанд нээлттэй хэвээр үлдэж байна гэсэн үг юм.
-УИХ-ын дарга З.Энхболд намын дарга, Ерөнхий сайдад 33 гишүүний нэрийг дэвшүүлсэн гэдгээ өөрийн цахим хуудсуудаар дамжуулж мэдээлсэн. Үүнийг ҮЗХ-ны гишүүд хэрхэн хүлээж авсан бэ?
-Намын дүрэмд “Сонгуулийн үр дүнгээр олонх болсон тохиолдолд намын дарга Ерөнхий сайдад шууд нэрээ дэвшүүлдэг. Өөрөө түүнээсээ татгалзах буюу нэрээ дэвшүүлээгүй тохиолдолд өөрөө өөр хүнийг санал болгож ҮЗХ- нд оруулж ирнэ” гэсэн байдаг. Тэгэхээр намын дарга Ерөнхий сайдаас огцорсон учир нэрээ дэвшүүлэх боломжгүй мөн УИХ- ын дарга нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн байгаа.
УИХ-ын 33 гишүүнийг бүгдийг нь зогсоож байгаад эрэмблэх зарчмаар намын дарга, Ерөнхий сайдыг сонгох саналыг УИХ-ын дарга З.Энхболд гаргасан. Гэхдээ энэ бол дүрмийн бус санал байсан учир ҮЗХ хүлээж аваагүй. Манай намын дүрмээр намын дарга санал болгосон хүнийг ҮЗХ-ны хуралдаанаар авч хэлэлцдэг.
ҮЗХ-ны гишүүн хүн “Энэ хүнийг Ерөнхий сайд болгоё” гэж нэр дэвшүүлэх эрхгүй учир З.Энхболд даргын санал шууд унасан байгаа.
-Танай намын долоон гишүүн УИХ-ын чуулганы хуралдаанд оролцоогүйгээс болоод Засгийн газар огцорсон. Тэр гишүүдтэй ямар хариуцлага тооцох вэ?
-Намын гишүүний хариуцлагын тухай журам дээр тодорхой заалт байгаа. Эс үйлдлээр намын үйл ажиллагааны эсрэг ажилласан бол сануулах, улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэхгүй байх, сонгуульт албан- тушаалаас нь чөлөөлөх, дөрвөн жилийн хугацаатай сонгуүльд нэр дэвшүүлэхгүй байх зэрэг хариуцлагын хэлбэрүүд байдаг.
Гэхдээ Хяналтын ерөнхий хороонд өргөдөл ирээгүй тохиолдолд ийм асуудлыг Хяналтын ерөнхий хороо дур мэдэн авч хэлэлцэх эрхгүй. Одоогоор ирсэн өргөдлүүдэд Засгийн газрыг огцруулах кноп дарсан найман гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хөндсөн байна билээ. Тиймээс тэдний тухай асуудлыг л Хяналтын ерөнхий хороо авч хэлэлцсэн.