Ц.Оюундарь: МАХН-тай байгуулсан 2024 он хүртэлх гэрээг хүчингүй болголоо
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь
2014.11.10

Ц.Оюундарь: МАХН-тай байгуулсан 2024 он хүртэлх гэрээг хүчингүй болголоо

Өнгөрөгч долоо хоногийн баасан, бямба гарагт ҮЗХ-ны 43 дугаар хурлаа хийсэн АН-ынхан хуралдааны үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Төрийн ордоны их танхимд нэг ч хэвлэл мэдээллийг нэвтрүүлэлгүй, интернетийн сүлжээ унагагч байршуулан “халуухан” хуралдсан ээлжит бус хуралдаанаас ямар үр дүн гарсан талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.

-АН-ын ҮЗХ-ны хуралдаа­наар ямар шийдвэр гаргав. Хаалт­тай хаалганы цаана уч­раас янз бүрийн таамаг яриа хөвөрлөө шүү дээ?

-Хоёр өдөр хуралдсан АН-ын ҮЗХ-ны хуралдаан өнөөдөр үүсээд байгаа улс төрийн нөх­цөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, намын Их хурлын тов зар­лах, Хяналтын хорооны гар­гасан найман гишүүнийг на­маас хөөх тогтоолыг тус тус хэлэлцлээ.

Үүнээс гадна на­мын даргын асуудлыг хэрхэх вэ гэдгийг ч ярилцсан байгаа. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн үр дүн­гээр манайх олонхи болж зас­гаа байгуулж чадаагүй. Тий­мээс УИХ-д суудалтай нам эвс­лүүдтэй хамтарч Засгийн газрыг байгуулсан. Энэ гэрээ цаашид үргэлжлээд явах нь тодорхой.

Тиймээс шинээр бай­гуулагдах Засгийн газрыг ямар байдлаар байгуулах вэ гэд­­гийг намын дарга, УИХ дахь на­мын бүлэгтээ эрх мэд­лийг нь өгсөн. Ингэснээр өнөөд­рөөс эхлэн Засгийн газ­рыг бай­гуулах зөвшилцөл эхэлж байна.

УИХ-д суудалтай на­мууд­­тай зөв­шилцөн Засгийн газ­­раа бай­гуулах эрхийг бүлэгт өгс­нөөр бүлгийн хуралдаан шийд­вэ­рээ гаргасны дараа ҮЗХ-ны ху­рал­дааныг дахин зарлаж ху­ралдуулна. Мөн Их хурлын то­выг нэг сарын дараа зарлаж, на­даар ахлуулсан ажлын хэ­сэг гарсан байна.

ҮЗХ-ны 15 ги­шүүнээс бүрдсэн ажлын хэ­сэг Их хурлын бэлтгэлийг хан­гана. Мөн МАХН-тай АН-ын дарга Н.Алтанхуягийн өн­гө­рөгч сарын 18-нд гарын үсэг зурж баталгаажуулсан гэ­рээ­ний асуудлыг ҮЗХ-ны маш нухацтай хэлэлцэж, гэ­рээг дагаж мөрдөхгүй гэдэг шийд­вэрт хүрлээ. Ингэснээр хоёр на­мын даргын гэрээ хүчин тө­гөл­дөр бус болж байна. Мэ­дээж 2016 он хүртэлх гэрээ нь оноо дуустал хүчин төгөлдөр байх болно. Хяналтын хороо ҮЗХ-ны хуралдаан маш шахуу ху­ралдсан.

Тиймээс шөнө ху­ралдаж жирийн гишүүдээс ир­сэн гомдол саналыг хэлэлцэн най­ман гишүүнийг намаас хөөх шийд­вэр гаргасан. Гэхдээ, АН бол хүний эрхийг дээдэлдэг нам. Тиймдээ ч тухайн найман хү­нийг байлцуулалгүйгээр шийд­­­вэр гаргасныг нь буруу­шааж тухайн өдрийн Хяналтын хо­­рооны шийдвэрийг хүчингүй бол­­гох шийдвэр гаргасан бай­гаа.

-Зөвшилцөл эхэлж байна гэлээ. Тэгэхээр АН-ынхан сө­рөг хүчнийг Засгийн газартаа урих шийдвэр гаргасан гэж ойл­гож болох уу?

Зөвшилцөл хийх эрхийг нь өгсөн. Тэглээ гээд заавал сөрөг хүчин Засгийн газарт орно гэ­сэн үг биш. Шийдвэрийг УИХ дахь намын бүлэг гаргана.

-Ерөнхий сайдын асууд­лыг ярилцаагүй хэрэг үү. З.Энх­болд дарга 33 гишүү­нээ Ерөнхий сайдад нэр дэв­шүүллээ гэх мэтээр ярьсан шүү дээ. Төсөв хэлэлцэх ха­риуц­лагатай үед Засгийн га­зар чадамжгүй байгаа нь ха­риуц­лагагүй үйлдэл биш үү?

Цахим ертөнц маш сайн хөгж­сөн. Хэдийгээр бид асуудлаа до­тооддоо ярьж зөвшилцөхөөр хаалттай хуралдсан ч мэдээлэл гадагшаа их алдагдсан. Гэхдээ ҮЗХ-ны хуралдаанаас гарч бай­сан тэр бүх мэдээлэл хувь ги­шүүний өөрсдийнх нь үзэл бодол шүү гэдгийг энд онцлон хэлэх нь зүйтэй болов уу. З.Энхболд дарга эрэмбэлэх нь зөв гэж 33 гишүүний нэрийг дэв­шүүлсэн.

Гэсэн ч энэ нь дүр­мийн бус үйлдэл учраас тэгс­хийгээд намжсан. ҮЗХ-ны бүрэн эрхийн хүрээнд өөр бусад нам, эвсэлтэй байгуулах гэрээ болон Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах гэсэн хоёр бүрэн эрх бий. Дээр хэлсэнчлэн ямар нам, эвсэлтэй гэрээ хийхээс дараа, дараагийн үйл ажиллагаанууд шалтгаална. Тийм учраас одоо байгаа намын дарга болон УИХ дахь АН-ын бүлэгт энэ үүргийг өг­сөн. Энэ үүргийн дагуу АН-ын бүлэг ажиллаад, шийдлийн ху­вилбараа дахиж ҮЗХ-нд оруул­на.

Түүний дараа Ерөнхий сайдыг тодруулах асуудлыг ҮЗХ батална. Тэгэхээр ҮЗХ ойрын хугацаанд АН-ын бүлэг хэр­хэн хурдтай ажиллахаас шалт­гаалж дахин хуралдана.

-Тодорхой хугацаа зааж өг­сөн үү?

Тодорхой хугацаа зааж өгөө­гүй. Ерөнхий сайдыг то­ми­лох асуудал маань өөрөө хуу­лийн хү­рээнд 30 хоногийн хуга­цаа­тай. Энэ хуулийн хугацаанд асууд­лыг хэлэлцэж, оруулж ирэх ёстой.

-Хяналтын хорооны ту­хайн өдрийн шийдвэрийг хү­чин­гүй болгосон гэхээр энэ асуудлыг дахиад хөндөж ярих нь ээ?

Тийм ээ. Нээлттэй үлдсэн гэ­сэн үг. Эдгээр найман гишүүний та­лаар Хяналтын хороонд дахин гомдол санал ирэх бол тухайн найман гишүүнийг хуралдаа урьж ирүүлээд асуудлыг эхнээс нь ярих нь нээлттэй үлдэж бай­гаа юм. Шууд хөөх үндэсгүй гэсэн шийдвэр гаргаагүй. Зөв­хөн хүний эрхийг зөрчиж дүр­мийн бус шийдвэр гаргасан тэр өдрийн тогтоол хүчингүй бол­сон гэж ойлгож болно.

Ер нь энэ асууд­лыг ҮЗХ маш нухацтайгаар хэлэлцсэн. Бараг бүх гишүүн үзэл бодлоо илэрхийлсэн. Нэг талаас өнөөгийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор учир шалтгааныг нь нарийн тод­руулж, ярих ёстой гэсэн зүйлийг ярь­сан. Нөгөө талаас дүрэм журамтай байгууллага учраас дүрмэн дээр Засгийн газраа огц­руулсан нь тогтоогдсон тохиол­долд намаас хасах тодорхой заалт­тай.

Тийм учраас энэ заал­тыг зөрчсөн хүмүүст ха­риуц­лага хүлээлгэх ёстой, тэ­гэх­гүй бол дараа дараагийн бу­руу жишиг тогтооно гэдэг та­лаас нь гишүүд маш нухацтай хэлэлцсэн.

-Намын даргыг Их хурлаа­раа хэлэлцэх үү?

Тэгнэ. Энэ удаад бид яриа­гүй. Их хурлаар АН-ын мө­рийн хөтөлбөр, намын дар­гын сонгуульт ажлыг цаашид ү­р­гэлж­лүүлэх эсэх асуудлыг шийд­нэ. АН өнгөрсөн сонгуу­лиар “Монгол хүн-2020” хөтөл­бөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөр өнөөдөр ямар ша­танд хэрхэн хэрэгжиж байгааг Их хурлаараа ярилцана. Мөн На­мын даргыг солих эсэхийг ч тэр үедээ шийдэх болов уу.

Дээрээс нь Их хурлын бүрэн эрхэд ха­маар­даг, Их хурлаас шийдэх шийд­лийн хүлээлтийг үүсгэсэн хэд хэдэн асуудал байгааг “Бу­сад” гэдэгт хамааруулаад явна. Өөрөөр хэлбэл, На­мын даргын сонгуулийг хийх­тэй холбоотойгоор До­тоод сон­гуулийн хорооны бүрэлдэ­хүү­­­нийг шинэчлэх шаардлага гар­сан. Манай дотоод сон­гуулийн хороо долоон хүний бү­рэлдэхүүнтэй.

Үүний дөрөв нь төрийн албанд очсон уч­раас дотоод сонгуулийн хо­роо бүрэлдэхүүнгүй нэлээд уд­сан. Энэ ээлжит бус хурлаар до­тоод сон­гуулийн хорооны бүрэл­дэ­хүүнийг бүрэлдүүллээ.

-Цаашдаа намын дүр­эмдээ өөрчлөлт оруулах уу. На­мын дарга Ерөнхий сайд байна гэсэн заалт байгаа шүү дээ. Энэ зүйл заалтад цаашдаа өөрчлөлт орох уу?

Намын дүрмэнд “Сонгуулийн үр дүнгээр олонхи болсон то­хиолдолд намын дарга шууд Ерөнхий сайдад нэрээ дэв­шүүл­нэ” гэж заасан. Мөн намын дарга өөрөө тэр эрхээсээ татгалзах буюу өөрөө нэрээ дэвшүүлээгүй то­хиолдолд намын дарга зөвхөн өөрөө өөр хүнийг санал болгож, ҮЗХ-нд оруулж ирдэг.

Тэгэхээр намын дарга өчигдрийн ээл­жит бус хурал дээр өөрөө да­хиж нэр дэвшихгүй гэдгээ илэр­хийлсэн. УИХ-ын дарга бас нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ илэр­хийлсэн. Манай дүрмээр на­мын дарга санал болгосон тэр хүнийг ҮЗХ авч хэлэлцдэг.

-УИХ-ын чуулганы хурал­даан­даа ирээгүй гишүүдийн асуу­дал бас байгаа. Энэ асуу­далд хариуцлага тооцох зүйл яригдсан уу?

Намын гишүүний хариуцла­гын тухай журман дээр тодор­хой заалт байдаг. “Эс үйлдэл” хийх гэж. Эс үйлдэл нь то­дорхой санкцуудтай байдаг. Са­нуулах, улс төрийн албан ту­шаалд дэвшүүлэхгүй байх, сон­гуульт албан тушаалаас нь чөлөөлөх, дөрвөн жилийн ху­гацаанд дахин сонгуульд нэ­рийг дэвшүүлэхгүй байх гэх зэрэг асуудал бий.

Гэхдээ Хя­нал­тын ерөнхий хороонд өр­гөдөл ирээгүй тохиолдолд энэ асууд­лыг Хяналтын ерөнхий хо­роо өөрөө дур мэдэн авч хэ­лэлц­дэггүй. Одоогоор ирсэн өргөд­лүү­дэд голдуу найман гишүүнд хамаатай байгаа. Тэр асуудлыг л Хяналтын ерөнхий хороо авч хэлэлцсэн байгаа.

-ҮЗХ-ны гишүүдийг шинэч­лэх үү. Төрийн албан хаагчид ҮЗХ-ны хуралд сууж байсан гэсэн шүүмжлэл гарлаа?

АН-ын ҮЗХ-д нийтдээ 228 гишүүн байдгаас 31 нь Тө­рийн албан хаагчийн албан ту­шаалд очсон. Тэд хуралд ирээ­гүй, бид оруулахгүй. Тиймээс ямар нэг зөрчил гараагүй. Эх­ний өдөр 174 гишүүн, хоёр дахь өдөр нь 178 гишүүн оролцсон. Тө­рийн албан хаагч гэдэгт Тө­рийн өмчит компанид ажиллаж бай­гаа ажилтан хамаарахгүй. Тий­мээс Г.Дэнзэн хууль зөр­чөөгүй.

-Хуурамч мандат ашигла­сан тохиолдол гарсан гэж бай­гаа?

Тийм зүйл байхгүй. Эхний өдөр намаас урилгаар нэлээд хүн оруулсан. Дараагийн өдөр оруулахгүй гэснийг нь хуурамч мандат гэж ойлгосон юм билээ.