2012.02.08

"Шонхор”-ууд шударга ёсны төлөө “тулалдана”

АН-д "Шонхор" нэртэй шинэ фракц албан ёсоор байгуулснаа гишүүн З.Энхболд, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Д.Одхүү нар өчигдөр зарлав. Энэ тухай мэдээлэл хэвлэлээр гарсан ч тэд нэмэлт тайлбар өгөх шаардлагатай гэж үзсэн аж. Өнгөрсөн долоо хоногт болсон Ардчилсан хүчний холбоо ТББ-ын анхдугаар чуулганаар дүрэмдээ өөрчлөлт оруулж, фракц байгуулахыг зөвшөөрсөн юм байна. АХХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн З.Энхболд "Асуудалд хандах байдлаараа санал зөрөлдөх зүйл АН-д гардаг. Ялсан нам нь ялагдсанаа урьж, хамтарсан Засгийн газар байгуулахыг анхнаас нь эсэргүүцсэн хүмүүс бол бид. Цаашид ч ийм зүйл байж болохгүй гэж үзэж байна. Улс орны эрх ашгийг намынхаас дээгүүр тавьж, олонх цөөнхтэй ардчиллын зарчмыг хадгалах ёстой" гэлээ. Үүний тулд, бас бүхий л салбар дахь шударга бус байдлыг халахын тулд "Шонхор"-ууд "тулалдах" гэнэ. Олон улс оронд барууны үзэл баримтлалтай нам доторх илүү баруун чигтэй фракцыг "Шонхрууд" хэмээн нэрлэдэг юм байна. Тэгээд ч эзэн Чингис хааны үеийн бэлгэдэл нь цагаан шонхор шувуу байсан учир ийм нэр сонгожээ. Одоогоор дээрх таван гишүүнээс бүрдэж буй уг фракц УИХ, ҮЗХ дотор нөлөөгөө нэмэгдүүлэхийн төлөө ажиллах аж. Мөн өнгөрсөн хоёр жилд АХХ улс төрийн үйл ажиллагаа явуулаагүй, одоо албан  ёсоор фракцтай  болж байгааг сануулав. АХХ-ны үйл ажиллагаа үргэлжилнэ, "Монголоо шинэчилье" уриагаа ажил болгоно, ардчилсан үзэл баримтлалтай, асуудлыг хэрхэн шийдэх тухай тэдний саналыг мөрийн хөтөлбөртөө тусгасан аль ч намыг сонгуулиар дэмжиж ажиллах юм байна.

Д.Ганхуяг: -АХХ-ноос "Хөгжлийн шинэ стратеги" боловсруулах зорилт дэв-шүүлсэн. Нийт баялгийг хүн амын 5-10 хувь нь эзэмшдэг шударга бус хуваарилалтыг өөрчлөхөд уг бодлого чиглэнэ. Шонхор шувуу бол шудар-га ёс, хүний эрх, эрх чөлөөний бэлгэ тэмдэг. Түүхээс үзвэл хүн төрөлхтнийг тагтаа, шонхор шувууны шинж чанараар ангилдаг байсан. Монголчуудын 70 хувь нь эрэлхэг, эрхэмсэг шонхрын шинжтэй. Манай фракц барууны үзэл баримтлахаа үндэснийхтэй хослуулна.

Г.Баярсайхан: -Манай фракц байгаль орчны тухайд Монголд бий болсон экологийн колоничлол, терроризмын эсрэг тэмцэх бодлого баримтална. Мөн экологийн сан байгуулж, уул уурхайн салбараас олох орлогын нэг хувийг хуримтлуулах, байгальд ээлтэй технологи ашигласан бол экологийн урамшуулал олгох, экологийн засаглал тогтоох гэх мэт 'Таван Эгийн зарчим"-аар бодлогоо тодорхойлно.

Д.Одхүү: -Бид хөгжлийн аргаа  өөрчилж.  механикаар бус эдийн засгийн агуулгаар нь аж ахуйн болон экологийн гэсэн үндсэн бүсчлэлд хуваах санал дэвшүүлж,АН-ын мөрийн хөтөлбөрт тусгахын төлөө ажиллахаар төлөвлөж байна. Ийнхүү тэд зарчмаа танилцуулав. Хамтарсан Засгийн газрыг эсэргүүцэж, намын даргаа шүүмжилдэг эдгээр гишүүн фракц нь нэг хүний эсрэг ажиллахгүй хэмээн мэдэгдсэн. Энэ талаар Д.Ганхуяг "Фракц бол үзэл баримтлал нэгдсэн хэсэг. Аливаа намд үзэл баримтлалын өрсөлдөөн байх ёстой" гэлээ.

-АХХ-ны анхдугаар чуулганаас гаргасан мэдэгдэлд МоАХ-ны цагаан морин жилийн хувьсгалыг давтах санааг дэмжинэ гэсэн байсан. Энэ юу гэсэн үг вэ. МоАХ тусдаа нам болж магадгүй гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр та бүхэн тэднийг дагах уу, эсвэл АН дотроо ажиллах уу?

З.Энхболд: -Мэдэгдэлд "тэмцэнэ" гэсэн үг бий. Бид МоАХ-той ойр ажиллаж байгаа. Энэ бол Монголын ууган ТББ. АХХ-нд янз бүрийн намын ардчилсан үзэлтэй хүмүүс, нам бусчууд ч бий. Тийм болохоор бид гишүүдээ тухайн нам дотроо сайн ажиллахыг уриалж байгаа. Одоо бүгдээрээ ялгаа заагаа сайн тодотгоё. Бидний байр суурь бол тодорхой.

С.Эрдэнэ:-1990 оны цагаан морин жилийн хувьсгал тайван замаар болсон. Бид одоо болох сонгуулиар төрийн жолоог буруу атгаад байгаа хүмүүст хариуцлага тооцъё гэж байгаа юм. Түүнээс жагсана  гэсэн агуулгаар хэлээгүй. Ер нь шаардлага гарвал гудамжинд жагсахад бэлэн байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.