С.Эрдэнэ:”Алтангадасчууд” -аас зоригтойгоор салж ардчилсан намаа шинэчилье
2012.02.06

С.Эрдэнэ:”Алтангадасчууд” -аас зоригтойгоор салж ардчилсан намаа шинэчилье

АХХ-ны анхдугаар чуулганд АХХ-ны дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн тавьсан үндсэн илтгэлийн хэсгээс.

Эрхэм хүндэт төлөөлөгч, журмын нөхөд өө.

Та бид АХХ Төрийн бус байгууллагыг зөвлөлдөн тунгааж, сайтар шүүмжлэн хэлэлцэж, үүсгэн байгуулаад цаг хугацааны хувьд удаагүй ч шударга олон түмний анхаарлын төвд ямагт байж ирлээ. Цаашдаа ч байх болно. Төв Азид ардчиллын од болж ,улсынхаа тусгаар тогтнолыг дэлхийн сонорт зарлан тунхаглаж, чадсан-бидний монголчууд өнөөдөр юуны учир ядуу зүдүүгээрээ дуудуулж, байгаа билээ. Үүнд хариулт өгөхөөр  АХХ хуран чуулж' байна.

Эрхэм нөхөд өө. Иргэн хүнд л үйлчилдэг төр, засгийн газрын олигархижсан, бизнестэй хавсайтсан улс төрийн хүнд сургалт тогтолцоо Монгол Улсын хөгжилд үнэхээрийн чөдөр тушаа болж, ард түмнийг царай даруулж, амьжиргаанд нь зүйл бүрийн дарамт шахалт учруулж, өөдтэй өнгөтэй бүрийг суйлж, өөдгүй төрхтэй, муухай Монголыг бий болгосон хэрнээ бас тэд ханаж цадаагүй байна. Муухай Монголыг сайхан Монгол болгох гэж, улс төрийн соёлтойгоор өөрчлөх гэж улс эх орны эрх ашгийг хохироосон сайдуудыг огцруулах гэж хүртэл тэмцлээ. Олигархижсан хууль бус төрд эрүүл саруул ухааныг сонсох чих, харах мэлмий байдаггүй юм байна. Үнэн үйлс цагаан мөртэй. Ямагт үнэнээрээ байж, худлыг ялж, мөнхөд хүндлэгддэг учраас шударга ёсыг эрхэмлэн нэгдсэн та нартаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, чуулганы ажилд амжилт хүсье. Нөхөд өө

1. Монголын Засгийн газар та бидний амь насны баталгааг хангах, хамгаалах онцгой бүрэн эрхт үүргээ үнэндээ биелүүлсэнгүй. Монголд луйварчид нь тансаглаж, шударгачуул нь зовж явна. Бид ийм нийгмийн төлөө хөлс хүчээ зориулахыг хүсээгүй. Ийм нийгмийг байгуулах гэж зориогүй ээ. Өдөрт дунджаар 56 гэмт хэрэг гарч, 20 хүн эрүүл мэндээрээ хохирч, таван хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна. Жиддээ 7300 хүн гэмтэл авч, 1825 хүн амь насаа алдаж байна. Хүн амын 63 хувь нь оршин буй Нийслэлд сүүлийн ганцхан жилд гэмт хэргийн улмаас нийслэлчүүд өдөрт 172,1 сая төгрөгийн хохирол хүлээж, олон арван иргэд амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирч ,хүнд, хөнгөн гэмтэл авсан байна. Нийгэмд учруулж буй аймшигт хор уршгаараа "Гэмт хэрэг, айх аюулын бөөгнөрсөн голомт " нь хаана байна вэ гэвэл улсын нийслэл Улаанбаатар хот болж байна. Цаг үргэлж дайн самууны түгшүүр зарласан байдалтай байдаг орны хэмжээнд бид амьдарч байна. Монголд үнэндээ чимээгүй дайн болж байна. Чимээгүй дайны хөлд хүмүүс өдөр тутамд тав арваараа амь насаа алдсаар байна. Бид үүнийг хүсээгүй. Ийм байхыг тэвчих, дуугүй суух эрх бидэнд байхгүй. Аюултай Монголыг-Аюулгүй Монгол болгож шинэчилэхийн төлөө бид үгээ хэлэхээр хуран чуулж байна.

2.Засгийн газрын тунхаглаж буй үсрэнгүй хөгжилбидэнд юу өгөв өө

Монгол Улсын эдийн засаг хурдацтай хөгжиж, эдийн засгийн өсөлт 20 хувь боллоо. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 5000 ам.долларт хүрлээ гэдэг нь айл өрхийн бодит амьдралд бууж ирсэнгүй. Хүн амын 40 хувь нь ядуучууд гэсэн нэр хаягтай өлмөн зэлмүүн амьдарч байна. Төрийн эрх баригч олигархиудын гарт Монгол орны баялгийн 90 хувь нь төвлөрч, хүн амын дийлэнх олонхид үндэсний баялгийн ердөө 10-хан хувь нь ногдож байна. Энэ шударга ёсонд нийцэж байна уу? Нийгмийн баялгийн шударга зөв хуваарилалт мөн юм гэж үү?

Энэ оны нэгдүгээр сард өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх сарынхаас гурван хувь, өмнөх оны мөн үеийнхээс 13.8 хувиар4 тус тус өссөн байна.Үнэндээ инфеляци өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд бид дарлуулж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 62,7 мянгад хүрч , 2010 оны мөн үеийнхээс 54,5 хувиар өссөн нь ажилгүйдэл, ядуурал хоёр хэрхэн уралдаж байгааг харуулж байна. Бидний амьдралын бодит байдал ердөө л энэ үзүүлэлтүүд. Үүнийг одоогийн Засгийн газар та биднээс нууж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд согтууруулах ундаа үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж 200 хол давжээ. Зөвхөн архины үйлдвэр 114 байдгийн 46 нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байна. Өнөөдөр 18 ба түүнээс дээш насны "нэг хүнд 36.4 литр" архи, согтууруулах ундаа ногдож байна. Монгол оронд өнөөдөр ойролцоогоор 18902 биеэ үнэлэгчидтэй, 410 гаруй мансуурагчидтай, ДОХ тээгч 100 гаруйтай, 18-35 насны залуучууд гарч байгаа гэмт хэргийн 48,3 хувийг согтуугаар үйлдэж байна. Сүүлийн тавхан жилд 683 мянган хүн эрүүлжүүлэгджээ. Монгол орон - Согтуу Монгол хэмээн цоллуулж байна. Согтуу Сонголыг бид эрүүл Монгол болгохоор хуран чуулж байна. Өвчингүй эрүүл саруул хүн Монголд өдрийн од шиг яригддаг боллоо. Өвчтэй эмгэгтэй Монголыг өвчингүй монгол болгох гарцыг бид олох гэж чуулж байна. 2010 онд гэхэд гурван тэрбум, энэ онд 6.2 тэрбум төгрөгийг төсвөөс төвөггүйхэн салгаж, Нийслэл хотоо Утаагүй-Улаанбаатар болгохоор зарцуулсан ч ямар ч үр дүн гарсангүй. Энэ мөнгөний 850 сая төгрөгийг утаагүй зуухны тендерт зориулсан байх юм. Талх хулгайлсан хүүхдэд таван жилийн ял оноочихдог төр төсвийн мөнгийг үргүй зарцуулж байгаа утаа"хариуцагч" сайд дарга нарт ямар шийтгэл оноох вэ. Харин 600 гаруй айлын зуух дэлбэрч, олон арван хүний амь насыг хөнөөчихсөнгүй.

Улсдаа төрөлтөөрөө тэргүүлдэг I амаржих газарт өнгөрсөн жил 9000 гаруй хүүхэд мэндэлсний 300 гаруй нь дутуу төрсөн гэсэн эмгэнэлтэй тоо баримт байна. Эдгээр дутуу төрсөн хүүхдүүдийн 50 хувь нь уушгины эмгэгтэй гэх оноштой байна. Үндэсний аюулгүй байдалтай харшилж байгаа утаанд жил бүр эрүүл мэнд, эх орныхоо ирээдүйг сүйтгүүлсээр байна. . Энэ бол утаатай дайтсан манай сайдуудын ажлын үр дүнг харуулж байна. Өнөөдөр Монголын нутагт байгаа хамгийн их нөөцтэй ашигт малтмалын орд газруудыг үндэстэн дамнасан корпорациуд, олигархижсан засгийн газрын сайд дарга нартай үгсэн хуйвалдах арга замаар Монголын төрд хуульгүй юм шиг дураараа эзэмшиж байна. "Айвенхоу Майнз" компани Оюутолгойн ордыг ашиглахдаа нөөцөөр нь барьцаа хийж Ингэснээр "Айвенхоу Майнз" компани цэвэр ашгийнхаа 93.2 хувийг өөртөө авч, Монголын талд 6.8 хувийг олгохоор гэрээ байгуулсан сайдууддаа өнөөгийн Ерөнхий сайд Сү.Батболд үг ч хэлүүлэхгүй байгаа. Дуугарсан бүхнийг хөлсний гэмээр мэдээллийн хэрэгслээр намнаж, хөрөнгө мөнгөөр амыг нь давхар үдэж байна.

Тавхан мянган төгрөг суйлсан хармааны хулгайч жаалхүү таван жилийн ял авч байхад тавин тэрбумыг Оюутолгойд алдчихсан сайд инээд алдаад төрийн сэнтийд заларч сууна. УИХ-ын 57 тоот тогтоолоор анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын ашиг 50 хувьд хүрнэ гэснийг 30 жилийн дараа гэж тайлбарлаад байгаа Сү.Батболдын засаглалыг Монголын засаглал гэх үү эсвэл харь орных гэх үү? Өнөөдөр би, бид хариуцлага хүлээнэ гээд буй сайдууд 30 жилийн дараа бүгдээрээ ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байх магадлалтай.Тэд манай хойч үеийнхний хөрөнгийг өнөөдөр юу ч үгүй сүйтгэж, хоослох нь ээ. Араас нь бас стратегийн 16 ордыг энэ Засгийн газрын гараар оруулж, зартай луйварчдын хүйтэн цэвдэг сэтгэл, хөсөрт хаягдах гараар самруулмааргүй байна. Эдгээр хүмүүсийн хүсэл , шуналд хязгаар гэж ер үгүй байна. Дэлхийд гайхуулах баялагтай орны ядуу ард түмэн үндэстэн дамнасан колоничлолын бодлогод нухлагдан, мөхөх сүйрэхийн ирмэг дээр тулж ирлээ. Түүх, соёл, зан заншлаа улам бүр гээж, шашин, үндэсний эх хэлээ мартагнан, бичиг үсгийн чадвар багатай бэлэнчлэх сэтгэлгээтэй нэгэн үеийг өнөөдөр бойжуулж байна. Монгол оронд монголоор, монгол зан заншлаар,ёс суртахуунаар амьдарч байх тэр иргэдийг хөдөлмөр, улсынхаа бүтээн байгуулалтаас салгаж, мөнгөөр угжиж байгаагийн цаана Монголыг монголоор нь хөнөөх колоничлол явагдаж байгааг харахгүй байна гэдэг улс төрийн харалган явдал болно. Хүнээ хамгаалж, Монголоо монголоор нь хөгжүүлэхийн төлөө бид хуран чуулж байна.

3. Шударга ёс байна уу, Монголд

Хоосон амлалтаар хууран мэхлэгдсэн нэгэн удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаа үеэ өнгөрөөж, дараачийнх нь хаяанд тулж ирлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүн амьд байх эрхтэй. Амьд байх тэрхүү эрхэм нандин эрхийг Засгийн газар биелүүлэх онцгой бүрэн үүрэгтэй. Үүргээ умартсан энэ засаг гэмт халдлагаас хун ардаа хамгаалах нь байтугай үгээ хэлж жагссан иргэдийнхээ өөдөөс "Долоодугаар сарын нэгэнд" хүчирхийлэл хэрэглэн гал нээж, олон сайхан аавын хөвгүүдийн амь насыг хууль шүүхийн шийдвэргүйгээр цус урсган хөнөөж, заримыг нь шархдуулан эрэмдэг эрхтэн дутуу болгож, 700 гаруй иргэдийг цэрэг, цагдаагийн хүч хэрэглэн баривчлан бүхэл бүтэн долоо хоногийн турш цахилгаан бороохойн дуу таслалгүй харгис хэрцгийгээр тамлан зовоож, эрүүдэн шүүж, хилс хэрэгт бөөнөөр нь ял тулган шийтгэж, байсныг түүх мартаагүй ээ. Улс төрийн нам төвтэй энэ олигархижсан Засгаас бид нэн даруй салах ёстой. Хүнээ дээдэлдэг засаг бидэнд хэрэгтэйг улс орон даяар тунхаглан шударга үйлсийн төлөө гэсэн сэтгэлтэй бүхнийг нэгтгэх цаг иржээ. Буун дуу сонсож, шархдсан 10 орчим иргэд тахир дутуу болж, ажил амьдралын гэгээн саруул замаа алдаж, ар гэртээ нэгэн насны дарамт учруулагч бас нэгэн зовлонт хүний үр болж хувирсан. Таван сайхан залууг араатан чоно нохой мэт ангуучлан араас нь машин техникээр хөөж байлдааны автоматаар шүршиж орхисон нь сонгогч иргэдийн зүрхэнд хорсол зэвүүцлийн шар ус хуруулж үлдээсэн. Тэр шарх бас эдгээгүй байгаа гэдгийг эрхмүүд санах хэрэгтэй. Хаан Чингис: " Цэргийнхэн алагдаж дуусахад бичгийнхэн улсаа худалдаж найр тавин жаргах болно" гэсэн нь орой руу орох шиг санагдсаныг нуух юун.

С.Баярт найр тавин "Хамтарсан Засгийн газар" байгуулагдсан нь сонгуулийн луйвар булхайг булшлах, "Долоодугаар сарын-Г'-ний цуст аллагыг чандарлан нууцлах, Оюутолгой, Таван толгойн ордыг хамтран цөлмөх улс төр, стратегийн хуйвалдсан байсныг үнэний шалгуур цаг хугацаа харуулж байна. Тэртээ 1990 оноос өнөөг хүртэл мөр зэрэгцэн тэмцэж ирсэн нөхдөө хэдэн зуугаар нь хоморголон барьж цагдан хориход, эхнээс нь буудаж устгахад албан тушаалын төлөө дуу ч гаргаагүй Ардчилсан намын  нийгэм гайхан харж байсан.

4. Бидний гарц- Ардчилсан намыг шинэчилье

Нөхөд өө. Одоо Ардчилсан намд жинхэнэ шинэчлэл дахин хэрэгтэй гэдгийг би энд онцлон хэлэхийг хүсэж байна. Учир нь иргэдийн олонх нь АН-ыг Монгол орныг хөгжүүлэх, улс төрийн түүчээ байж чадна гэдэг итгэлээ хараахан алдаагүй байх гэж би ойлгодог. Ардчилсан намдаа ч биш нийгэмд шударга ёс хэрэгжих боломж гарна гэсэн сүүлчийн найдлага юм. 2012 оны сонгуульд унаж, мөхөл сүйрлийн зам руу алхахгүй л гэвэл шинэ үеэ түшиглэн Ардчилсан намд сэргэлт авах цаг гарцаагүй ирсэн. "Манан" дунд мансуурсныхаа гороор нэр төрөө алдаж, төр нийгмийг удирдах ёс зүйн эрхгүй болчихсон алтангадасчуудаас зоригтой салж, намаа дахин сэргээх арга замаа бодсон нь дээрээ. Тэд ч гэсэн нам, улс орныхоо хөгжлийн төлөө зөөлөн суудлаасаа ховхорч, журмын шударга нөхөддөө зайгаа тавьж өгөөд намын дотоод эв нэгдлийг хадгалах түүхэн явдлыг ухамсарлана гэдэгт итгэе.

Энэ бол Монгол оронд бугшсан буруу бүхнийг зайлуулах улс орноо аврах түүхэн боломж, сонгодог хувилбар гэж үзэж байна.

Найман зууны тэртээх эзэн Богд Чингис хааныхаа төрт ёсны уламжлалыг дээдлэн сүслэж, төрөө төр шиг, улсаа улс шиг засаж явах гэгээн гэрээслэлийг биелүүлэх нь бидний эрхэм чухал үүрэг билээ. Монголын төр иргэнээ дээдэлж, Монгол хүн газар нутагтаа эзэн нь болъё гэвэл олигархи Засгийн газрыг яаралтай тарааж, эрх баригч намын удаа дараагийн сонгуулийн луйварт тээг тавин эцэслүүлэх чадвартай цорын ганц сөрөг хүчин Ардчилсан намаа шинэчилье гэсэн нэгдмэл ойлголтод хүчээ төвлөрүүлэн зангидаж байгаа юм. Энэ бол Монголыг аврах түүхэн боломж сонгодог хувилбар гэж илтгэгчийн хувьд үзэж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.