Хөгжлийн шинэ стратеги /өрсөлдөх чадвартай Монгол хүн хөгжлийн түүчээ нь байна/
Илтгэгч:УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
Журмын нөхдөө,
Баялаг бүтээгч иргэнээ хамгийн чухал баялагт тооцсон улс, орнууд хөгжсөн, хөгжсөөрч байна. Энэ нь хүний мэдлэг хором бүр сэргэн баяждагтай холбоотой. Хүний оюун, мэдлэг бол дуусашгүй баялаг юм. Тиймээс хүний хөгжлөөр дамжсан, хүний мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх явдал чухал юм. Өөрөөр хэлбэл өрсөлдөх чадвартай Монгол хүн л хөгжлийн түүчээ байх учиртай. Өнөөдөр Монгол Улс эдийн засгийн өсөлт 20 орчим хувьтай, 1 хүнд оногдох ДНБ 5 мянган ам.доллар хүрлээ, 30 жилийн дараа 60 мянган ам.доллар хүрнэ, удахгүй баян улс боллоо, сайхан байна, аз жаргалтай байна гэж ярьж байна. Энэ өөдрөг байр суурийг дэмжиж байна. Гэхдээ энийг сүүлийн 20 гаруй жилийн хугацааны 75 хувьд нь парламентын засаглалын, 90 орчим хувьд нь орон нутгийн эрх мэдлийг барьсан улс төрийн хүчний эсхүл аль нэг Засгийн газрын гавьяа гэвэл ихэд өрөөсгөл болно. Энэ бахархалыг өвөг дээдсээс үлдээсэн байгалийн баялаг, нийт баялаг бүтээгч монгол зон олны хичээл зүтгэлийн үр дүн байсан гэж хэлвэл үнэнд ойрхон сонсогдоно.
Эдийн засаг 20 хувьд өссөн гэх боловч бодит амьдрал дээр энэ өсөлт нийгмийн олонхийг бүрдүүлэгч иргэдэд наалдахгүй, энгийн монгол өрхийн амьжиргааны чанарт бараг нөлөөлөөгүйгээр зогсохгүй, харин ч эсрэгээр ядууралыг 40 хувьд хүргэж, дундаж орлоготой давхаргыг багасгасаар байна. Ийм эдийн засгийн өсөлтийг нийт монголчууд хүсч байна гэж үү. Тэгвэл энэ өсөлт хэнд наалдаад байна вэ? Бодвол “эдийн засаг өсч байна, баян тарган болсоор байна” гэж амны уншлага болтол ярьж байгаа хэдхэн цөөхөн эрх мэдэлтэй хүмүүсд наалдсан байхыг үгүйсгэхгүй юм. Зарим тохиолдолд эдгээр хүмүүсийг төрөөс төрсөн тэрбумтан олигархиуд гэж ярьдаг. Энэ яриа нь энгийн иргэдийн дургүйг хүргэж, төрдөө итгэх итгэл, мөн төрийн хүчийг сулруулсаар байна. Хүний жаргал хүнд наалддаггүй гэж ярьдаг. Нийт иргэдийн дотор дундаж орлоготой иргэдийн эзлэх хувь буурч, ядуурал нэмэгдсэнээс улбаалан баян, ядуугийн ялгаа нэмэгдэж байна. Энэ бол энгийн ойлголт. Өсөлтийн гол хүчин зүйл бол эргээд бэлэн мөнгөөр гарч явах гадаадын хөрөнгө оруулалт, юмны үнийн өсөлт байгаа. Ямарч байсан өнгөрсөн хугацааны эдийн засгийн өсөлт нь баячуудад наалдац ихтэй, энгийн иргэдэд халтай өсөлт байсан нь статистик үзүүлэлтээс харагдаад байна. Иймд ийм хэлбэрийн эдийн засгийн өсөлтийг Хөгжлийн шинэ стратеги /эдийн засгийн өсөлтийн шинэ стратеги/ гаргаж байж өөрчлөхөөс өөр аргагүй гэж үзэж байна. Хөгжлийн шинэ стратегийн зорилт нь дундаж орлоготой иргэд нь нийт иргэдийн 70-аас доошгүй хувийг эзлэх чинээлэг иргэний нийгмийг цогцлоох явдал юм. Өөрөөр хэлбэл нийтийн баялаг, байгалийн баялагийн хувиарлалтыг шудрага явуулах явдал юм. Түүнчлэн баян, ядуугийн ялгааг ихэсгэхгүй байх хамгийн сайн механизм бол жижиг, дунд бизнес эрхлэгч, өрхийн бизнесийг дэмжих явдал юм. Мөн шудрага өрсөлдөөнийг, шудрага бус өрсөлдөөн болон аливаа өрсөлдөөнд харш үйл ажиллагааг хориглох явдал. Шудрага өрсөлдөөн бол хүний ч, байгууллагын ч, улс орны ч хөгжлийн түлхүүр нь юм. Мөн энэ нийгэмд иргэдийн өдөр дутмын амьжиргаанд хамгийн их нөлөөтэй гол нэрийн барааны хомсдол үүсгэхгүй байх, эрэлт нийлүүлэлтийн зохистой байдлыг хангах асуудлыг Засгийн газар хариуцан зохицуулдаг жамтай.
Дээр дурдсан хөгжлийн шинэ стратегийг “Монголоо шинэчлэе” уриатай АХХ болон холбооны мянга, мянган гишүүд дэмжигчид бид санаачлан хэрэгжүүлье гэж уриалах байна.
Эдийн засаг өсч байгаа нь үнэн. Гэхдээ төр, засгийн дорой байдлаас нийгэмд олон тулгамдсан асуудал байгаа нь үнэн. Тухайлбал сүүлийн 20-иод жил ганц намын удирдлагатай байсан төлөвлөлтгүй хот байгуулалтаас үүүдэлтэй хотын утаа, түгжрэл, хүнсний аюулгүй байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдал, архидалт зэрэг асуудал байна. Мөн судалгаагаар төрийн удирдлага, байгаль орчин ба эрүүл мэнд, нийгмийн шудрага ёс, боловсрол, авилгал, эдийн засаг, хуулийн хэрэгжилт, үнийн өсөлт, амьжиргааны түвшин, ажилгүйдэл зэрэг олон асуудал ар араасаа цувран гарсаар байна. Энэ дотроо авилгал, хуулийн хэрэгжилт, үнийн өсөлт, амьжиргааны түвшний чанарын уналт /ядуурал/, ажилгүйдэл нь хамгийн хүндэрсэн асуудлууд юм. Иргэд энэ байдлыг засахыг, сайжруулахыг өнөөгийн эрх баригчдаас шаардаж байна. Гэтэл ийм олон асуудал байсаар атал эрх баригчид өөрсдөө бий болгоогүй байгалийн баялагийн нөөцийг зах зээлийн үнээр үржүүлж, ДНБ-д шилжүүлчихээд бид хөгжүүлж байна, өсгөж байна, 30 жилийн дараа ийм болгоно гэж хэнэг ч үгүй яриад сууж байна. Түүгээр ч зогсохгүй стратегийн зарим чухал ордын үүцийнх нь ихэнхийг гадныханд өгчихөөд, зарим ордын өрмийг өөрсдөө хууль зөрчиж хусчихаад, үлдсэнийг нь эдийн засгийн эргэлтэнд оруулахыг цааргалаад сууж байгаа нь ичгүүртэй. Улсын төсвийн хөрөнгөөр хайгууль хийж нөөцийг тогтоосон Таван толгойн ордыг эргэлтэнд оруулах асуудал удааширснаас төмөр зам, шинэ бүтээн байгуулалт, 100 мянган айл орон сууц санхүүжилтгүй зогсч цаасан дээр бичсэн хэвээрээ байна. Хэрэв санхүүжилт шийдэгдсэн бол нийслэлд байгаа гэр хороололын 200 орчим мянган өрхийн ядахдаа 50 хувьд нь дэд бүтцийг хүргэх ажлыг эхлүүлж болох байсан. Үнэн чанартаа бол өнөөгийн төр, засгийн эрхийг ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс удирдаж байна гэлцдэг. Эрх баригч нам олиргархиудыг дээдэлдэг, орогнуулдаг, хамгаалдаг газар болсныг олон түмэн ярьсаар байна. Энэнээс болоод “Нам дагавал ам тосдоно” гэсэн үг гарсан байх талтай. Олигархиудыг тэдний шудрага бусаар олсон мөнгөнд чөдөрлөгдсөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл шагшин магтсаар байна. Ингэж тархи угаадаг улс төрийн марзан соёл үеэ өнгөрөөж буйг тэдэнд сануулах нь зүйтэй байх аа.
Аливаа улс орон өөрийн баялагийн онцлог дээр суурилж хөгждөг. Өөрөөр хэлбэл тэр баялаг дээрээ суурилж хөгжлийн загвар, хөгжлийн стратегээ хийдэг. Хөгжлийн загвар, стратегид нэн чухал тодруулах шаардлагатай зүйл нь тухайн орны тэргүүлэх салбар, тэргүүлэх чиглэл юм. Ихэнх орнууд эдийн засгаа Бодит хүчин зүйл /тэргүүлэх салбар болон чиглэл/, Хөрөнгө оруулалт, Инновацын аргуудыг хослуулан удирдан чиглүүлж байнаа. Тэргүүлэх салбар болон чиглэлийг нөгөө талаас нь тухайн орны бүс нутгийн хийгээд, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай салбарыг гэж хэлдэг. Үүнтэй эдийн засгийн эрх чөлөө салшгүй холбоотой. Эдийн засгийн эрх чөлөө нь нэг талаас хүн бүрт тэгш бололцоо олгох, ялгаварлан гадуурхахгүй байх, хүн бүр аз жаргалтай амьдрах тухай ойлголт юм. Нөгөө талаас олон талт эдийн засгийн таатай хөгжлийн тухай ойлголт юм. Улс орны эдийн засгийн чадавхи зөвхөн нэг салбараас хамаардаг бус, аль ч салбар нь асуудалгүй хөгжиж чадах юм бол эдийн засгийн эрх чөлөө тэр юм. Хөгжсөн орнууд хөгжлийн загвар, стратеги, стандартаа аль нэг орноос шууд хуулбарлаагүй билээ.
Ойрын 10-15 жилийн хугацаанд монгол улсад тэргүүлэх салбар нь:
- Дэд бүтэц (эрчим хүч, тээвэр)
- Боловсруулах салбар /хөнгөн ба хүнд үйлдвэр/
- Үйлчилгээ /аялал зуучилал/
- Барилгын салбар
- Хүнсний салбар эхний тавд гарч ирж байна.
Тэргүүлэх чиглэлд:
- Ашигт малтмалын ордуудыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар ашиглан ил тод, хариуцлагатай уул уурхайн салбарыг хөгжүүлж, хүнд аж үйлдвэрийн суурийг тавих,
- Аж үйлдвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлж, эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх,
- Дэд бүтцийг хөгжүүлэх,
- Хүний хөгжлийг төлөвшүүлж, байгаль орчныг хамгаалан тогтвортой хөгжлийг хангах,
- Засаглалыг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх
Аль ч оронд байдаг боловсрол, эрүүл мэнд, банк, хөрөнгийн зах зээл, мэдээллийн технологийн салбарууд бол хөгжлийг дэмжих тулгуур салбарууд юм. Төрийн зүгээс дээрхи тэргүүлэх салбарынхаа хүрээнд тодруулбал импортыг орлох, экспортын чиглэлийн нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрийн салбарыг дэмжих нь нэн чухал, илүү үр дүнтэй байхаар байна. Боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагад олон шалтгаан бий. Тухайлбал хамгийн тулгамдсан ажилгүйдлийн асуудал шийдэгдэнэ. Тэрнээс баялагаа түүхийгээр нь зах зээлийн үнээс 2-3 дахин хямд үнээр, түүнчлэн 4-5 дахин бага татвартайгаар гаргачихаад өөрсдийгөө магтаад сууж болохгүй. Мөн хүний хөгжлийн суурь нь боловсруулах салбар буюу мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжих үндэс нь тавигдана. Дээр дурьдсан хүнээ дээдэлсэн, хүн нь хамгийн хүндтэй баялагт тооцогддог улс орнууд хөгжиж байгаа талаар ярьсан. Хүн нь хөгжсөн тодруулбал өрсөлдөх чадвартай монгол хүн энэ орны хөгжлийн түүчээ байх болноо.Өрсөлдөх чадвар бол нэгж хугацаанд бүтээж буй баялаг буюу бүтээмжээр хэмжигддэг. Ер нь нэн яаралтай Засгийн газраас эдийн засгийн тэргүүлэх салбар ба чиглэлийн 5-аас илүүгүй салбараа зарлаж бизнесийн салбарынхан, нийт иргэд,хөрөнгө оруулагчдын анхаарлыг эдгээр салбарынхаа хөгжилд төвлөрүүлмээр байна.
Үндэсний боловсруулах үйлдвэр болон ЖДҮ-ийг дэмжих, эдийн засгийн тэргүүлэх салбарыгг тодорхойлох бодлогоос гадна эдийн засгийн хөгжлийн маш ойлгомжтой бүдүүвчийг бас олон нийтэд тодорхой болгох шаардлагатай байна. Бидний үзэж буйгаар ийм бүдүүвч харагдаж байна.Цаашид богино, дунд хугацаанд ажил эрхлэх сонирхлыг төрүүлэх болон дэмжих, ажлын ур чадварыг дээшлүүлэх сонирхлыг төрүүлэх болон дэмжих, хөрөнгийн зах зээлд оролцох сонирхлыг төрүүлэх болон дэмжих, тэргүүний техник, технологи нэвтрүүлэх болон ашиглах сонирхлыг нэмэгдүүлэх болон дэмжих, бүх салбарт шинэчлэл болон инновацийг хурдацтай нэвтрүүлэх сонирхлыг дэмжих, өөрийн орноос үндэстэн дамнасан олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай корпорациудын хөгжлийг хуулийн хүрээнд дэмжих зэрэг асуудал байж болохоор байна.Мөн хөгжлийн шинэ стратегийн хүрээнд нэгэн зүйлийг тэмдэглэмээр байна. Энэ нь бид саалиа бэлдэхээр саваа бэлд гэж ярьдаг. Тэр нь зах зээлийг тэлэх, шинэ зах зээлд гарах явдал юм. Иймд ДХБ-ын гишүүн хоёр хөрштэйгээ нэн яаралтай хугацаанд худалдааны нэн таатай ижил тэнцүү нөхцлийг бүрдүүлэхийн тулд худалдааны ерөнхий хэлэлцээрээ дэлхийн хамтын нөхөрлөлийн орнуудын жишигт хүргэн хийх шаардлагатай байна. Мөн З-дахь ч хөршүүдийн зах зээлд гарах зам, тээврийн хурдан шийдэх, түүнчлэн тухайн орон болон бүс нутгийн зах зээлд гарахын тулд хамгийн чухал механизм болох Эдийн засгийн түншлэлийн болон Чөлөөт худалдааны хэлэлцээрийг тэдэнтэй хийж эхлэх шаардлагатай .
2011 оны байдлаар Монгол улс хүний хөгжлийн үзүүлэлтээрээ, тэр дундаа 1 хүнд ногдох орлогоороо дэлхийн 187 орноос 110 дугаар байранд, гэвч 1 хүнд ногдох байгалийн баялгаараа дэлхийд эхний аравт ордог гэж яригддаг. Баялагаараа эхний аравт ордог эх оронтой хүн хөгжлөөрөө, орлогоороо дэлхийд эхний зууд ч орохгүй байна.Энэ бол тун тусгүй явдал юм.Энийг өөрчлөх хэрэгтэй. Мөн өнөөг хүртлэх эдийн засгийн өсөлтийг энэ харьцаагаар нь явуулж болохгүй ээ. Харьцаа гэдэг нь тодорхой хугуацааны дараа манай орны нийт баялагийн 60-аас доошгүй хувийг дотоод, гадаадын нийлсэн хэсэгхэн хүмүүс эзэмшдэг болчихсон байхыг үгүйсгэж болохооргүй байна. Африкийн зарим орон ийм байдалтай байдгийг олон хүмүүс ярьдаг.
Хөгжлийн шинэ стратегийн томоохон зорилго нь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, байгалийн баялагийн хувиарлалтыг шудрага болгох, сайн засаглалыг хөгжүүлэх,шудрага ёсыг тогтоох, хууль дээдлэх болон хариуцлагатай төр, түүнчлэн дундаж орлоготой иргэд нь нийт иргэдийн 70-аас доошгүй хувиас бүрдсэн чинээлэг иргэний нийгмийг цогцлоох явдал байх болно. Журмын нөхдөө, Хөгжлийн шинэ стратегийг гол санаачлагч, манлайлагч нь ардчилсан үзэлтэй, шудрага ёсны талд байнга зогсож чаддаг “ Монголоо шинэчлэх” эрхэм зорилготой АХХ-ны мянга мянган гишүүд, дэмжигчид байна гэдэгт эргэлзэхгүй байна. Цаг үе хөгжлийн шинэ стратеги зорилтыг, шинэ зохион байгуулалтыг,шинэ арга барил, намуудын шинэчлэлийг, намуудын шинэ бодлого, намуудаас шинэлэг мэдлэгтэй, шудрага,хууль дээдэлдэг, зоримог, үзэл баримтлал нь тодорхой удирдлагыг шаардаж байна. Хамтдаа шинэчлэлийн санаачлагч нь, манлайлагч нь байхын төлөө хамтарч ажиллая.
Сайн үйлс улам дэлгэрэх болтугай.
Монгол улс улам хөгжин бадрах болтугай.