С.Эрдэнэ:Биднийг З.Энхболдын үгийг чимээгүй дагадаг гэж ойлгож болохгүй
2012.02.07

С.Эрдэнэ:Биднийг З.Энхболдын үгийг чимээгүй дагадаг гэж ойлгож болохгүй

УИХ-ын гишүүн, Ардчилсан хүчний холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Ардчилсан хүчний холбооны анхдугаар чуулган боллоо. Цагаан морин жилийн хувьсгалтай дүйх тэмцэл хийх цаг хугацаа болжээ гэсэн утгатай мэдэгдэл гаргалаа. Хувьсгалд уриалж байгаа хэрэг үү?

-Хүмүүс аливаа тэмцэл, өөрчлөлт гэхээр дандаа хүч хэрэглэсэн, нийгмийн эмх замбараагүй байдал руу уриалан дуудлаа гэж ойлгох гээд байдаг хандлага бий болжээ. Би бол цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын манлайлагчдын эгнээнд явж байсан хүний хувьд хэлэхэд, аль болох хүч хэрэглэхгүй гэсэн. Тайван замаар улс оронд хийх зорилт тавьсан, түүндээ ч хүрсэн. Тиймээс ч оготны хамраас цус гаргалгүй хийсэн хувьсгал гэж ярьдаг шүү дээ. Яг тэр аргаар өнөөгийн нийгмийн бас өөрчлөхийн тулд тэмцэх цаг болсон гэсэн утгатай мэдэгдэл гаргасан юм. Энэ он бол УИХ-ын сонгуулийн жил. Төрийг  ямар хүмүүсээр, ямар багаар удирдуулах вэ гэсэн эрх ард түмний гарт байна Олигархиуд, бизнес, улс төрийн бүлэглэлүүд Монголыг худалдаад дуусах нь ээ. Тиймээс сонгуулийн жил хариуцлагатай хандаач ээ гэж ард түмэнд уриалж байгаа юм. Манай холбооны уриалгатай нэгдэж Монгол төрөө өөрчилье, шинэчилье. Хамтдаа тэмцээч ээ гэж уриалж байгаа юм,

-Танай холбооныхон сая хуралдахдаа АН-ын дотор нэгэн шинэ фракц мэндэлж буйг албан ёсоор зарлалаа. Фракц байгуулах гол шалтгаан юу байв?

-Одоогоос хоёр жилийн өмнө Ардчилсан хүчний холбоо анхны Их хурлаа хийсэн. Энэ хугацаанд манайх ямар нэгэн улс төрийн үйл ажиллагаа, мэдэгдэл хийгээгүй. Монголоо шинэчилье гэсэн уриатай төрийн бус байгууллага өөрийнхөө дүрмийн хүрээнд л ажилласан. Биднийг ямар нэгэн алхам хийгээгүй байхад бүгд л АН-ын нэг фракц мэтээр ойлгож, тайлбарлаж ирсэн. Олон удаа бид залруулж байсан ч нийгэм өөрөөр харж байсан.

Тиймээс үгүй юм аа гэдгийг ойлгуулахыг зорьсон.

Ардчилсан хүчний холбоо бол үндэсний хэмжээний төрийн бус байгууллага гэдгийг дахин илэрхийлж байгаа юм. Харин сая болдог чуулганаар холбооны гишүүд аль ч намд өөрийн бүлэг, фракц, клубыг байгуулж болно гэж дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Ингэснээр Ардчилсан хүчний холбооны гишүүн аль ч намынх байсан бүлэг, фракц байгуулах эрхийг нээгээд өгчихлөө. Үүнтэй холбогдуулан бид ярьж байгаад АН дотор "Шон-хорууд" гэдэг фракцыг зарлалаа. Үндсэндээ Ардчилсан хүчний холбоонд байгаа АН-ын гишүүдийн оролцоотой үйл ажиллагаа явуулах фракц. Ингэж "Шонхорууд"-ыг зарласнаар Ардчилсан хүчний холбоо бол АН-ын нэг фракц биш юм аа гэдгийг дахин тодотгож байгаа юм. Тэгэхээр АН дотор улс төрийн үйл ажиллагааг "Шонхорууд" л явуулна. Холбоо бол тусдаа гэсэн утга санаа агуулж байгаа.

-АН сонгууль дөхөх тусам задардаг гэсэн шүүмжлэлийг танай гишүүд өөрсдөө хэлсэн. Энэ нь ч батлагдаж байна. Шил шилээ дараад фракцууд хөдлөөд эхэллээ. МҮДН-ынхан үйл ажиллагаагаа сэргээж буйгаа зарлаад удаагүй байхад араас нь "Шонхорууд" мэндэллээ. Энэ нь АН-ыг бутаргаж байгаа хэрэг биш үү. Ийм тайлбар яваад байна.

-Энэ бол өрөвдмөөр тайлбар.Улс төр ойлгодоггүй хүмүүсийн ярьдаг яриа. АН бол бусад улс төрийн хүчнээс ялгагддаг гол зүйл нь намын гишүүд зорилго нэг байсан ч түүндээ хүрэх арга тактик өөр байж болно гэж үздэг. Жишээ нь, хүний эрх, шударга ёсыг дээдэлсэн, хөгжилтэй улс бол-гох нь бидний зорилго. Гэхдээ түүнд хүрэх тактик нь яльгүй зөрүүтэй байж болно шүү дээ. Нэг хэсэг нь цахилгаан шатаар хялбархан хүрчихье гэхэд, нөгөө хэсэг нь шатаар явж замд таарснаа үзэх ёстой ч гэж болно. Үүгээрээ ялгарсан фракцууд ил тодоор үйл ажиллагаа явуулах нь ардчиллын зарчим. АН-ын мөн чанар нь энэ. Нам дотор байгаа фракцууд ил тод өөрсдийгөө зарлаад, ҮЗХ, ГЗ дээр мэтгэлцээд явж байгаа. Бүх юм ил тод явж байгаа нь АН-ыг илтгэж байгаа юм. Харин МАН яадаг билээ. Фракц байхгүй гэж үлгэр шиг юм ярьдаг биз дээ. Тэгсэн хэрнээ фракцууд нь дандаа хуйвалдааны шинж чанартай, нуугдмал байдаг. Жишээ нь, У.Хүрэлсүхийн, М.Энхболдын гээд фракцууд байдаг. Эхнээсээ ил тод болж байгааг ч бас хэлэх ёстой. Н.Энхбаярын фракц сая тасраад МАХН-ыг байгууллаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, ил тод байгаагаараа АН эв нэгдэлтэй байгаа юм. МАН шиг фракцууд нь нуугддаг нам бол бутрахад, хуваагдахад бэлэн байдаг. АН-ын хувьд фракцууд ил тод байр сууриа илэрхийлж, хоорондоо зөвшилцөж тодорхой шийдэлд хүрээд явж чаддаг. Энэ бол намын эв нэгдэл.

-АН-ынхан зөвшилцөөд албантушаалыг бол хувааж авч чаддаг л даа. Саяхныг хүртэл хамтарсан Засгийн газарт танай нам доторх фракцуудын төлөөлөл тэнцүү суудалтай л байсан шүү дээ?

-Үгүй тийм биш. Ардчилсан хүчний холбооноос хэн ч сайд болоогүй.

-Тэр үед Ардчилсан хүчний холбоо гэж байгаагүй шүү дээ?

-Албан ёсны фракц болоогүй бай-сан. Гэхдээ МҮДН, Ардчилсан хүчний холбоо, МоАХ, Зүүн хойд Ази гээд дөрөв таван фракц "Эрдэнийн хувь" гээд бодлого дээр төвлөрсөн байсан юм. Түүнээс сайдын суудлыг хувааж аваагүй. Өнөөдөр ч ийм л байгаа. Бид аль нэг сайд, эрх мэдлийн төлөө яваагүй. Харин авсан үедээ бол авсан шиг авна. Хийж чадах, үгүйгээ очиж үзэх ёстой. Улс төрийн зорилго нь өөрөө тодорхой эрх мэдлээр дамжуулж бодлогоо хэрэгжүүлдэг биз дээ. Бид МАН шиг хулгайгаар, худалдаж албан тушаалаа хуваарилдаггүй. Хэзээ ч АН-ынхан МАН-ын зургаан дэд сайд шиг томилгоо хийхгүй байсан. Боловсон хүчин, эв нэгдлээрээ гайхуулдаг МАН-ын сайд, дэд сайд нарын томилгоог хар даа. Ард түмэн юу гэж дүгнэж байгааг хүн бүр мэдэж байгаа байх.

-Ардчилсан хүчний холбоо анх байгуулагдаж байх үед "Алтангадас"-тай өрсөлдөхүйц фракц бий боллоо гэж байсан. Тэгвэл одоо ҮЗХ-д хүчний харьцаа ямар байх бол. Ардчилсан хүчний холбоонд байсан АН-ын бүх гишүүн "Шонхорууд" фракцад хамаарна гэж ойлгож болох уу?

-Ерөнхийдөө тэгж ойлгоход буруудахгүй. Гэхдээ бид албадахгүй. Ардчилсан хүчний холбоо бол ямар ч фракц байгаагүй. Хатуу гишүүнчлэл, бүртгэл гэж байгаагүй. Зүгээр л сэтгэлээрээ "Монголоо шинэчилье" гэж нэгдэж байсан. Сүүлийн ҮЗХ-ны хуралдааны үеэр судалгаа хийгээд үзэхэд бидний байр суурийг хатуу дэмжиж байгаа хүн 50-иад байсан. Энэ бол бага тоо биш шүү. 228 гишүү-ний дөрөвний нэг нь. Үнэндээ бол байр суурийг хатуу дэмжиж байсан нь энэ хүмүүс. Одоо бид албан ёсоор фракцын бүртгэл судалгааг хийхэд ҮЗХ-н хэдүүлээ болохыг хэлж мэдэхгүй.

-"Шонхорууд"-ын улс төрийн эхний зорилго юу вэ?

-Эхлээд намаа шинэчилье. Тэгээд Монголоо шинэчилье. Өнөөдөр Монгол орныг шинэчлэх цаг болжээ. Шинэчлэхгүйгээр явж болохгүй нь. Бид 1990 онд ийм олигархи төр бий болгох гэж тэмцээгүй. Тухайн үед нам төвтэй төрийн тогтолцооноос төр төвтэй төрийн тогтолцоо руу шилжсэн. Өнөөдөр эргээд нам төртэй төрийн тогтолцоотой болчихлоо. МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр төрийн бодлого болж хувирдаг боллоо. Яах гэж парламентыг байгуулсан юм бэ. Парламент мэтгэлцээний талбар байх ёстой байтал намын шийдвэр төрийн бодлого болдог болчихлоо.

-АН-ыг юунаас, хэнээс шинэчлэх шаардлага байна вэ?

-АН-д шинэчлэх юм зөндөө байна. Гаргасан алдаа олон бий. Хамтарсан Засгийн газарт орсноос эхлээд алдаанууд бий. Гэхдээ шинэчилж байна гээд намаа муулах шаардлага алга. Нэгэнт алдсан уу гэвэл үнэн. Одоо үүнийг түргэн л арилгаж, шинэчлэх ёстой. Одоогийн намын удирдлага шаардлага хангахгүй төвшинд байгаа юу гэвэл тийм. Энэ асуудлыг ҮЗХ авч үзэх нь зөв үү гэвэл зөв. Ингээд яривал олон юм байна.

-Шулуухан асуухад, намын даргаа өөрчлөх нь та нарын зорилго гэсэн үг үү?

-Хэвлэлийнхний хэлүүлэх гээд байдаг юм энэ, Нэг хүнийг заавал өөрчлүүлэх гэдэг. Би хэлэхгүй. Гэхдээ ҮЗХ шаардлагатай гэж үзвэл хэн ч байсан хариуцлага тооцно шүү дээ.

-Ингэж асуусан нь Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч З.Энхболд намын даргад өрсөлдөж байсан, өрсөлдөх болно гэдгээ ч мэдэгдсэн хүн шүү дээ. "Шонхорууд"-ын улс төр тэгэхээр намын даргыг өөрчлөх гэж ойлгоод байна л даа?

-Ил тод байсных нь төлөө тэр хүнийг буруутгаж болохгүй. З.Энхболд байр сууриа илэрхийлсний төлөө "Шонхорууд" фракц тэр хүний үгийг үг дуугүй дагадаг гэж ойлгож болохгүй. Шаардлагатай гэвэл ямар ч улс төрийн зорилго тавиад тэмцэхэд бэлэн. . Мэдээж аль ч фракц намын удирдлагад олонх болж гарч ирэх зорилготой байдаг. Энэ бол нууц биш. "Шонхорууд" ч гэсэн намын олонхийн дэмжлэгийг авахын төлөө ажиллана.

-Намын удирдлагыг гартаа авна гэсэн үг үү?

-Гартаа авах биш. Олонхийн дэмжлэг авна гэж байна. Олонхийн дэмжлэг гэдэг өөрөө намын удирдлагад гарна л гэсэн уг. Бид ил тод байр сууриа илэрхийлж, ил тод үйл ажиллагаа явуулж олонхийн дэмжлэг авахын төлөө явна.

-Энэ зорилгоо сонгуулийн өмнө хэрэгжүүлэх үү. Цаг хугацааны хувьд хэзээ вэ?

-Аль ч цаг хугацаанд тавих зорилго. Өнөөдөр намын олонхийн дэмжлэг авсан нам үйл ажиллагаа буруу явуулж, буруу бодлого бариад намын нэр хүндийг унагаж байвал нөгөө фракцууд гараад л ирнэ. Нөгөө фракцууд олонхи болоод гараад ирнэ ш дээ. Тухайн фракц хүчтэй байя гэвэл зөв бодлого, зөв шийдвэр гаргаж байх ёстой. Жишээ нь, АН-ыг одоо яагаад шинэчлэх ёстой гээд байгаа юм бэ. Зөндөө алдаа хийлээ шүү дээ, манайх. Хамтарсан Засгийн газарт орлоо, долдугаар сарын 1-ний таван хүний амь үрэгдсэн явдал, Оюутолгойн гэрээ, Тавантолгойн асуудал гээд олон зүйл бий. Тиймээс хамтарсан Засгийн газрын уйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсгийг АН-ын бүлгээс байгуулсан. Тэндээс ямар дүгнэлт гарахаас их зүйл шалтгаална.

-Сүүлд болдог ҮЗХ хамтарсан Засгийн газраас гарахыг бол 100 хувь дэмжсэн. Харин намын удирдлагад бол хир халдаахыг хүссэнгүй шүү дээ. Намын даргад итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ?

-Ажлын хэсэг бүлгээс гарлаа шүү дээ. Тэндээс бодит дүгнэлт гаргана. Өнгөрсөн хугацаанд хийсэн бух ажилд дүгнэлт хийнэ. Жишээ нь, Тавантолгойн ордыг өнөөдрийг хүртэл яагаад эдийн засгийн эргэлтэд оруулаагүй. АН яах гэж хамтарсан Засгийн газарт орсон юм бэ. Хэрэв сөрөг хүчин байсан бол Тавантолгой хоёр жилийн өмнө л эдийн засгийн эргэлтэд орчих байсан юм. Энэ бүгдэд ажлын хэсэг үнэн зөв дүгнэлт гаргана гэдэгт итгэлтэй байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.