С.Эрдэнэ: Улс төрд “Шонхрууд” гэхээр ямар ч тайлбаргүй ойлгодог юм билээ
-АН-ын "Шонхрууд" фракц байгуулагдлаа. Яагаад фракц байгуулах болсон юм бэ?
-Ардчилсан хүчний холбоо одоогоос хоёр жилийн өмнө анхдугаар их хурлаа хийж байсан. Уг хурлаас анхдугаар чуулганаа хуралдуулах шийдвэрийг гаргасан юм. 5ид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд байгууллагаа бэхжүүлэх, бүтэц зохион байгуулалтыг чанаржуулах үүднээс чуулганаа хойшлуулсаар байсан. Харин өнгөрөгч баасан гаригт анхдугаар чуулганаа хуралдууллаа. Хуралдаанаас хоёрдугаар хурлыг ирэх тавдугаар сард багтаан хийхээр товлолоо. Манай холбоог иргэд, олон нийт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд АН-ын нэг фракц мэтээр ойлгож байсан.
Гэвч Ардчилсан хүчний холбооноос энэ хугацаанд нэг ч улс төрийн мэдэгдэл гаргаагүй, улс төрийн ямар нэг үйл ажиллагаа явуулж байгаагүй. Түүний оронд "Монголоо шинэчилье" гэсэн олон нийтийн оролцоо бүхий төрийн бус байгууллагын хувиар ажиллаж ирсэн. Ардчилсан хүчний холбоо бол иргэдийн оролцоо бүхий олон намын төлөөлөлтэй, ардчилсан хүмүүсийн нэгдэл. Бид сая чуулганаараа дүрмэндээ өөрчлөлт хийж, АХХ-ны гишүүд нь улс төрийн аль ч намд бүлэг, клуб, фракц байгуулж болно гэсэн нэмэлт оруулсан юм. Ийм заалт орсонтой холбоотойгоор АН-д АХХ-ны анхны фракцийг зарлалаа.
-Яагаад "Шонхрууд" гэж нэрлэсэн юм бэ?
-Эзэн Чингэс хаан болон түүний өмнөх үеэс Шонхор шувууг шүтээнээ болгож ирсэн. Энэ бол үнэнч, дайчин амьтан. Нөгөө талаас АНУ-ын Бүгд найрамдах нам өөрсдийгөө шонхрууд гэдэг. Японы Бүгд найрамдах намынхан ч гэсэн өөрсдийгөө ийн нэрлэдэг. Ингээд бодохоор баруун төвийн болон баруун төвөөс баруун тийших намууд өөрсдийгөө шонхрууд гэж нэрлэдэг. Ер нь улс төрийн хэллэг дотор шонхрууд фракц гэхээр ямар ч тайлбаргүй ойлгогдог юм билээ. Тиймээс Монголын улс төрийн нөхцөл байдал, уламжлалаа аваад үзсэн ч гэсэн авах ёстой нэр гэж үзсэн.
-Танай фракцийн үйл ажиллагаа юунд чиглэх вэ?
-Манай фракцийн зорилго нь АХХ бүхэлдээ АН-ын нэг фракц биш юм шүү гэдгийг ойлгуулахад оршиж байгаа. АХХ бол АН-аас тусдаа, монголд улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа бүх намтай хамтарч ажиллах, дотор нь өөрийнхөө бүлэг, фракцтай байх үндэсний хэмжээний том хол-боо гэдгээ тодотгож байгаа юм. Энэ ч үүднээс бид фракцаа зориуд өөр нэрээр нэрлэсэн. Өөр нэг зүйл нь АХХ АН дотор өөрийнхөө фракцийн гишүүнчлэлийг бүртгэж, хатуу гишүүнчлэл хийж байгаагүй. Харин одоо бол "Шонхрууд" фракц дотор бүртгэл хийнэ.
-АН дотор олон фракц бий. Танай фракц тэднээс юугаараа ялгаатай байх вэ?
Манайхаас бусад нь бүгд фракцаа албан ёсоор зарлачихсан. Албан ёсоор зарлаагүй байсан хэсэг хүмүүс нь бид. Бидний ажлын зорилго нь АХХ-ны өнөөгийн хийж буй үйл ажиллагаанаас тод харагдах болов уу. Бид Монголоо шинэчилье, хөгжүүлье, одоогийн байгаа түвшинд Монгол Улс байж болохгүй гэдэгт л чиглэнэ. Үүгээрээ л онцлогтой байна. Ер нь манай фракц ойрын хугацаанд хэвлэлийн хурал зарлаж, фракцынхаа анхны мэдэгдэл, уриалгыг ч гаргах төлөвлөгөөтэй байгаа.
-Шинэ фракц байгуулагдсаныг сонгуультай холбож ойлгох хүмүүс бий...
-АХХ сонгууль угтсан байдлаар асуудалд хандаагүй. Хоёр жил дүрмийнхээ хүрээнд чимээгүй явж ирлээ. Өмнө нь манай холбоог АН-ын фракц гэж үздэг байсан хүмүүст зөв ойлголт өгөх үүднээс "Шонхрууд"-ыг байгуулсан. Нөгөө талаас АХХ-нд үйл ажиллагаагаа явуулж байсан гишүүд одоо нам дотроо үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлнэ гэдгээ хэлж байгаа юм.