УИХ-ын зарим гишүүд хамтарч тунхаг гаргав
"Маргаашийн төлөө тунхаг" бичиг гаргажээ.
2014.11.12

УИХ-ын зарим гишүүд хамтарч тунхаг гаргав

УИХ-д суудалтай намуудын төлөөлөл болсон зарим гишүүд хамтарч тунхаг гаргажээ. 

Тунхагт: 

УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-д суудалтай намуудын дарга нар танаа

ХАМТДАА СОНГОСОН БИДНИЙ ЗАМ

1990 оны цагаан морин жил монголчууд бид үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулж, дарангуйлал хүчирхийллээр биш, эрх чөлөөт хүмүүсийн эв зохицолд суурилсан ардчилсан замаар хөгжил дэвшилд хүрэх шинэ замд зориглон мордсон билээ. Хэн нэгний зааварчилга, тулгалтаар бус эрх чөлөөт хүмүүс, нийгэм өөрөө өөрийгөө зохион байгуулах энэ зам ямар амаргүй, хэчнээн ээдрээтэй болохыг бидний туулсан, бас туулж яваа түүх харуулж байна. Амаргүй зам, гэхдээ энэ бол монголчууд бидний сонгосон зам. Хамтдаа, хамгийн зөв гэж үзсэн сонголт. Монголчууд зөрчил тэмцлээсээ сургамж аван хатуужиж, хамтарч нягтарсан үедээ хүчирхэгжин өндийж, хагарч эвдэрсэн үедээ харийн хараат болж, өвдөглөн сөхөрч явсныг буурал түүх маань бидэнд сануулсаар байна. Өнөөдөр ч түүхийн энэ ээдрээ нугачаанд тулж ирэх олон сорилтын өмнө бид хамтдаа зогсож байна.

ХАМТДАА БИДНИЙ ХАРИУЛАХ ЁСТОЙ АСУУЛТ

Өнөөдөр Монголын улс төрд мухардал, хямрал бий болсон уу? Мухардал, хямрал тулгарсан бол энэ нь хувь улс төрчдийн алдаа онооноос гадна Үндсэн хууль дахь зарим зохицуулалттай холбоотой биш гэж үү? “Тийм. Үнэхээр тийм байна” гэдэг хариулт улс төрийн хатуу тэмцэл дунд эх орныхоо эрх ашгийн төлөө санаа зовниж яваа олон хүнд илэрхий болж байна.

Үндсэн хууль дахь зарим зохицуулалтыг өөрчлөхөөс гадна Төрийн албаны тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиудад зохих шинэчлэл хийж, хуулийн байгууллагын шинэчлэлийг тууштай үргэлжлүүлэх, улс орны эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх нь чухал байна. Хууль, бодлогыг батлаад тайвшрахгүйгээр тэдгээрийг хатуу итгэл үнэмшил, нэгдмэл хүсэл зоригтойгоор дагаж мөрдөхгүйгээр байдал сайжрахгүй нь харагдаж байна.

ХАМТДАА БИД ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?

Дээр дурдсан хуулиудын хүрээнд дараах өөрчлөлтийг нэн түрүүнд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж бид үзэж байна. 

Үүнд:

1.Сайд нарын томилгооны эрх мэдлийг дэлхийн бусад парламентын засаглалтай орны жишгээр УИХ-аас Ерөнхий сайдад шилжүүлснээр УИХ сайд нарын томилгоогоор барьцаалан Засгийн газрын ажилд хутгалдах бус, гүйцэтгэх засаглалдаа хөндлөнгийн хяналт тавих эрх мэдлийн зөв хуваарилалттай болох. Ингэснээр УИХ-д бүлэглэл, фракц төрж Засгийн газрыг хүчгүйдүүлэх, төр улсыг тогтворгүйжүүлэх үндсэн шалтгааныг таслан зогсоож, парламентын засаглалаа улам төгөлдөржүүлэх.

2.Улс төрийн намууд, улс төрчдийн шууд нөлөөлөл, дарамт шахалтаас хамгаалагдсан, улс үндэстний хөгжил дэвшил, эрх ашигт үйлчилдэг, мэргэжлийн, эдийн засаг, хууль зүй, нийгмийн баталгаагаар хангагдсан тогтвортой төрийн албыг төлөвшүүлэх.

3.Бүх шатны сонгууль, улмаар улс төр бүхэлдээ мөнгөнөөс хэт хамааралтай болох буруу тогтолцооноос зайлсхийж, сонгуулийн зардлыг бууруулах бодитой арга замуудыг хуульчлах.

4.Улс төрийн намуудыг иргэд, олон түмэнд нээлттэй, тэдний санаа бодлыг илэрхийлдэг бодлогын байгууллага болгон төлөвшүүлэх. Үүний тулд нэн түрүүнд улс төрийн намуудад төрөөс олгодог санхүүжилт, зарцуулалтыг хуулиар хатуу зааж, олон түмэнд нээлттэй тайлагнадаг тогтолцоонд шилжих.

5.Шүүх, хуулийн байгууллагад улс төрөөс хараат бус, авлигаас ангид, хууль дээдэлж ажиллах хатуу шаардлага тавьж, хүний эрх, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх.

Засаглалд нүүрлээд байгаа олон хямрал УИХ-ын үйл ажиллагаатай шууд холбоотой болохыг хүлээн зөвшөөрч, тулгамдсан эдгээр өөрчлөлтийг нэн даруй хийж, улс орны ирээдүйн тогтвортой хөгжлийн үндсийг өнөөдрөөс эхлэн бүрдүүлэх нь энэ удаагийн УИХ-ын түүхэн үүрэг гэж үзэж байна.

УИХ-д суудалтай намууд, УИХ-ын нийт гишүүд улс үндэсний эрх ашгийн төлөөх энэ түүхэн харицлагаа бүрэн ухамсарласан нөхцөлд Засгийн газар хэрхэн бүрдэхээс үл хамааран хамтран ажиллах бүрэн боломжтой юм. Иймээс нэгэнт буй болсон улс төрийн намуудын үл итгэлцэл, фракцийн хуваагдлыг даван туулж, төр улсаа төвшитгөх зөвшилцлийн ширээнд суухыг УИХ-д суудалтай бүх намд уриалж байна. 2014 оны намрын чуулганыг засаглалын хямралыг даван туулах, улс төрийн тогтолцоогоо эрүүлжүүлэх их ажлын чуулган болгоцгооё!

Зэмлэл буруутгал, хагарал гомдол биш эвлэрэл уучлал, эв нэгдэл бол бидний зорилго. Бид юугаараа өөр юм гэдгээс илүүтэй, бид юугаараа нийтлэг юм гэдгээ эргэцүүлж нэг бодоцгооё! Эвдэх биш эвлүүлье. Нураах биш бүтээе. Ухрах биш урагшилъя.

УИХ-ын гишүүн М.Батчимэг, А.Бакей, Л.Гантөмөр, С.Дэмбэрэл, Х.Тэмүүжин, Г.Уянга, Ц.Цолмон, Ж.Энхбаяр