О.Баасанхүү: МАН засагт орвол МАХН ороогүй нь дээр
Дараагийн Засгийн газрыг байгуулах тохироо улс төрийн аль намуудын хооронд өрнөх талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн байр суурийг сонирхов.
-Шударга ёс эвсэл эрх баригчдын эгнээнд ажиллаж байсан. Нөхцөл байдал өөрчлөгдчихлөө. Асуудал цаашид яаж яригдах бол?
-Бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг ярьж байхад шаардлагыг тавьж олонхийн саналаар огцруулсан. Нэгэнт Ерөнхий сайдаа огцруулсан учраас Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорсон гэсэн үг. Тэгэхээр хуулийн дагуу олон суудал авсан нам бусад намдаа санал тавина.
Энэ нь зөвшилцөлд хүрч ажил хэрэг болохгүй бол нийт намын төлөөлөл ширээний ард хамт суух ёстой. Ингээд ч үр дүнд хүрэхгүй бол Ерөнхийлөгч УИХ-д суудалтай намын төлөөлөлтэй зөвшилцөнө гэсэн дарааллаар явдаг Бүлэг дээр энэ тухай асуудал хөндөгдсөн. АН шинэ Засгийг байгуулах ажлын хэсгийг бүлгээсээ томилж “Шударга ёс” эвсэлтэй хамтран ажиллах тухай ярья гэж байх шиг байна. Ямар санал тавихыг нь бид тэвчээртэй хүлээж байна.
-Одоохондоо дараагийн Засгийн тухай яригдаагүй байна гэсэн үг үү?
-Хэвлэлд гарсан мэдээллээс харж байгаагаас биш албан ёсоор ажил эхлээгүй. Би МАХН-ын гишүүнийхээ хувьд саналаа хэлэхэд МАН засагт орвол МАХН ороогүй нь дээр. Гэхдээ энэ бол МАХН-ын шийдвэр биш миний үзэл бодол. Яагаад гэвэл 2008-2012 онд сөрөг хүчингүй МАНАН ажилласан.
Энэ жилүүдэд Монголын эдийн засаг, санхүүгийн үзүүлэлт их өндөр байхад сөрөг хүчингүй .байснаас төсвийн зарцуулалт хэтэрсэн. Хоёр мянган хүний хоолны заалтай төрөх эмнэлэг царцаасан объектууд, Батлан хамгаалах яам хүртэл дур мэдэн хөдөө хээрт байшин босгосон нь ямар ч талаар ашиглах боломжгүй бол хувирсан. Энэ бүхэн сөрөг хүчингүй байсны үр дагавар Тэгэхээр би хэн нэгэн заавал сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх ёстой гэж бодож байгаа.
-Н.Энхбаяр, Н.Алтанхуягийн гарын үсгээр баталгаажсан 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээг ҮЗХ хүчингүйд тооцлоо. Тэгэхээр Шударга ёс эвсэлтэй хамтран ажиллах санал тавих болов уу?
-Би гайхаж байгаа. АН дотор хуульч баймаар юм. Хуулиар тайлбарлагдах нөхцөл байдлаа харж асуудлыг дүгнэх хэрэгтэй. Энэ гэрээг нэг өдрийн дотор байгуулчихсан юм биш. Аравдугаар сард Н.Энхбаяр дарга гэнэт ирээд Н.Алтанхуягтай сууж байгаад гарын үсэг зурчихаагүй. Шууд хэлбэл энэ тухай хоёр жилийн өмнөөс яригдсан. Төслийн анхны хувилбар алдагдахад Р.Гончигдорж гишүүн засч, янзалсан гэх мэтээр АН-ынхан хангалттай мэдээлэл авах боломжтой нөхцөлд гэрээг байгуулсан юм.
Хоёр дахь асуудал нь гэрээний нөхцөлд хүчингүй болгох заалтууд бий. Хүчингүй болгох заалтуудыг үндэслэж байвал бид ойлгоно. Гэтэл өөрсдийнхөө алдааг нөгөө намд тулгаж байгаа нь утгагүй. Бид Бага чуулганаараа оруулж, үг үсгийг хүртэл өөрчилж цэгцэлсэн.
Тэгээд АН-д аваачиж өгөхөд тэд судлаад эцсийн байдлаар бэлэн боллоо гэхэд нь Н.Энхбаяр дарга гарын үсгээ үлдээсэн. Ийм асуудлаар улстөржих хэрэггүй. Шууд хэлбэл би АН-ынхныг гэрээг дагах сонирхолгүй байна гэж харж байгаа болохоос биш хүчингүй болгосон, цуцалсан гэж харахгүй байгаа.