М.Сономпил: Ямар ч тохиолдолд бид хамтрах хүсэлтэй байгаа
Дараагийн Засгийн газрыг байгуулах тохироо улс төрийн аль намуудын хооронд өрнөх талаар УИХ-ын гишүүн М.Сономпилын байр суурийг сонирхов.
-Шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудал олны анхааралд байна. Асуудал ямар шатанд байгаа бол. Танай нам, эвсэлд эрх баригчдын зүгээс саналаа ирүүлэв үү?
Өнгөрсөн сонгуулийн дүнгээр УИХ байгуулагдаж хамтарсан Засгийн газрыг бүрдүүлэхэд “Шударга ёс” эвсэл орж ажилласан. Тэгэхэд байгуулсан гэрээ Засгийн газар унаснаар дуусгавал болсон гэж ойлгож болохгүй. Гэрээний хугацааг 2012- 2016 он дуустал гэж заасан.
Хоёрдугаарт олонхийг бүрдүүлж буй АН УИХ-д бүлэгтэй бүх намуудтай хамтран Засгийн газар байгуулна гэсэн мэдээлэл гарч байна. ҮЗХ нь ч ийм шийдвэрийг гаргажээ гэж ойлгосон. Тэгэхээр энэ долоо хоногт МАН хийгээд “Шударга ёс” эвслийн бүлэгт санал тавих байх.
Ер нь МАН ч гэлээ засагт орох ёстой гэж би үзэж байгаа. Улс төрийн, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байхад хэрэлдээд суух нь зохимжгүй. Энэ засгаа хамтран байгуулаад, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй.
-Эв нэгдлийн Засгийн газрыг байгуулбал бялуу хуваахад хүндрэлтэй байх юм биш үү. Танай эвсэл л гэхэд шинээр байгуулагдах Засгийн газраас хэдэн суудал авна гэж тооцож байгаа юм?
Ер нь сайдын суудал бялуу хуваах буюу Засгийн газрын бүтцийн асуудал нэлээд далайцтай яригдана. Сая Засгийн газрыг цомхон болгосон байгаа. Үүнийг задалж дахиад ярих байх. Н.Алтанхуягийн бүтцийн өөрчлөлт оновчгүй болсон тал бий.
Ер нь бүтцийг өөрчилж яамдыг олон болгохоос өөр аргагүй. УИХ-ын гишүүд ч ярьж байна. Бүтээн байгуулалт хийгдэж байгаа энэ үед эрчим хүч, уул уурхай, барилга хот байгуулалт, зам тээврийн салбарыг нийлүүлдэг нь буруу гэх олон гишүүн бий. Эдгээр салбарыг салгах тухай асуудал яригдах нь дамжиггүй.
Тэгээд ч хэвлэлийнхэн шинэ Засгийн газарт АН зургаа, МАН тав, “Шударга ёс” эвсэл гурван суудалтай байна гээд бичээд эхэлж. Уг нь 2012 онд байгуулагдсан Засгийн газрын бүтэц оновчтой байсан.
-Ямар ч тохиолдолд “Шударга ёс” эвсэл хамтрах саналтай байгаа гэсэн үг үү?
Эрх баригчидтайгаа хамтрахад бэлэн байгаа. Ингэж л гацаад байгаа бүх асуудлын ард гарах боломжтой.
-Сөрөг хүчингүй байх нь бас л муу талтай?
Тийм нэг сул тал гарах гээд байна. Гэхдээ хоорондоо хэрэлдэж суухаар нэгдэж нийлээд хөгжлийн гарц болох ажлуудаа явуулж л байх хэрэгтэй. Гэхдээ энэ бүхэн АН Ерөнхий сайдаа сонгосны дараа яригдана. Тэр болтол бид хүлээж суухаас аргагүй.