Ц.Даваасүрэн: ИНЕГ-ын данснаас 3.7 тэрбум төгрөг гаргуулан угаасан Т.Батжаргалыг шүүхэд өгнө
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2014.11.12

Ц.Даваасүрэн: ИНЕГ-ын данснаас 3.7 тэрбум төгрөг гаргуулан угаасан Т.Батжаргалыг шүүхэд өгнө

УИХ дахь бие даагчдын зөвлөл долоо хоног бүрийн эхэнд тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийдэг улалжлалтай. Оюутолгойн шударга бус гэрээг анхнаас нь эсэргүүцэж, нийгэмд өөрсдийн дуу хоолойгоо хүргэсээр ирсэн бие даагчдын зөвлөлийн хоёр гишүүн өчигдөр ИНЕГ-т үүсээд байгаа хууль бус үйлдлүүдийг баримт нотолгоотой дэлгэн тавьж, зарим хүмүүсийг хууль хүчний байгууллагаар шалгуулна гэдгээ мэдэгдсэн юм. Энэ үеэр УИХ дахь бие даагчдын зөвлөлийн Ц.Даваасүрэнгээс тодруулга авлаа.

-Та бүхэн өнөөдөр нэ­лээн ноцтой баримт, ма­териал дэлгэн үзүүллээ. Энэ нь тодорхой нэг албан тушаалтан, ажил ха­риуцаж байгаа хүний эсрэг чиглэсэн зохион бай­гуу­лалттай үйл ажил­лагаа биш гэдгийг юугаар нотлох вэ?

Өнөөдөр хэн нэгэн албан тушаалтан, ажил ха­риуцаж байгаа ямар­ваа хүнийг гүтгэн дором­жилж, санаатайгаар ба­римт материалыг мушгин гуйвуулбал Монгол Улсын Эрүүгийн хуулиар ял эд­лэх ёстой.

Бид яг энэ үүднээс ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Т.Батжаргал бидний нэр төрд үндэслэлгүй халдаж, гүтгэлгийн ча­нартай мэ­дээлэл цацаж бай­гааг эсэр­гүүцэн харин ч өөрийнх нь удаа дараагийн хууль бус үйлдлүүдийг баримт нотолгоотой дэлгэн тавьж байгаа юм.

-Өчигдөр /уржигдар/ ИНЕГ-ын Захиргаа, хү­ний нөөцийн газрын дарга Т.Батжаргал болон тэндээс халагдсан хүмүүс хэвлэлийн бага хурал хийл­гэж байхыг зурагтаар үзсэн. Таныг ИНЕГ-ын харьяа Мөрөнгийн ни­сэх буудалд танил та­лын 13 хүнийг ажилд оруул­сан. Х.Болорчулуун, С.Ганбаатар гишүүдийн хувьд ч С.Буяндалай дарга­тай хуйвалдан олон хүнийг ажилгүй болгож, өөрсдийн төлөөний 100 гаруй хүнийг оронд нь оруулсан хэмээн мэдэгдэж байсан. Яг юу болсон юм бэ?

-УИХ-ын Төрийн бай­гуулалтын байнгын хороо Аудитын газраар дам­жуулаад төрийн байгуул­лагын төсөвт шалгалт хийдэг. Энэ хүрээнд Үндэс­ний аудитын газар, МХЕГ-ын Санхүү, хяналт шалгалтын газраар ИНЕГ-т хоёр удаа шалгалт оруулж, удирдлагууд нь мөнгө угаа­сан ноцтой зөрчил ил­рүүл­сэн. Хуулийн бай­гууллага энэ асуудлыг шалгаад хуу­чин дарга С.Батмөнх нарын хүмүүст ял оноосон.

Одоо ч тус газрын зарим албан тушаалтанд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Ингэж шалгалт оруулсантай холбогдуулан өсөрхөж, хэвлэл мэдээллээр ИНЕГ-т ах дүү, хамаатан садан, төрсөн дүү нараа албан тушаалд томилсон гэж гүтгэж байна.

Нэг удаа ту­шаал гаргаад л 100 гаруй хү­нийг ажилгүй бол­го­чихоод эргүүлээд танил тал, хамаатан садан нийлсэн 200 гаруй хүнийг ажилд оруулчихна гэж Монголд яаж байж болох вэ дээ. Миний хувьд сонгогдсон тойргоосоо ганц нэг хүнийг ажилд оруулсан юм бол бий.

Гэхдээ эдний гүтгэж байгаа шиг нэг дор хэдэн арваар нь чихчихсэн юм огтхон ч байхгүй. Миний хоёр дүү ямар ч албан тушаалд очоогүй, Мөрөн сумандаа нэг нь тогооч, нөгөө нь техникч хийгээд л явж байгаа. ИНЕГ-т ямар хууль зөрчсөн үйлдэл болж байсан болон одоо ч үргэлжилсээр байгааг баримтаар дэлгэнэ. Намайг болон Х.Болорчулуун ги­шүүнийг гүтгэсэн ИНЕГ-ын Захиргаа, нөөцийн удирдлагын хэлтсийн дарга Т.Батжаргалыг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэх болно.

-Сая та бүхэн ажилдаа эргэж ороод байгаа ИНЕГ-ын Захиргаа, нөөцийн удирд­лагын хэлтсийн дарга Т.Батжаргалын та­лаар нэлээн ноцтой ба­римт дэлгэлээ. Зарим нэг ноц­тойгоос нь дурьдахгүй юу?
Миний хоёр дүү ямар ч албан тушаалд очоогүй

Энэ Т.Батжаргал гэдэг нөхөр урьд нь ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежерээр ажил­лаж байгаад олон ноцтой зөрчил, луйврын асуудалд холбогдон шал­гагдаж, түү­нийхээ ч улмаас ажлаас ха­лагдсан нэгэн. Гэтэл эргээд ажилдаа орохоор барахгүй ИНЕГ-ын Захиргаа, нөөцийн удирдлагын хэлтсийн дар­гаар тавигдсан байгаа юм.

Энэ Т.Батжаргал гэгч нь 44 оюутныг 50 мян­гаас дээш ам.долларын төлбөр­тэй АНУ, Канадын их дээд сургууль, коллежид сур­гах нэрийдлээр Хойд Америкийн боловсролын нийгэмлэг “Соба” гэгч хуурамч институт байгуулж, түүгээр дамжуулан ихээхэн хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй.

Өнөөдрийн байдлаар мөнгө угаах зорилгоор бай­гуу­лагдсан “Соба” институт гэгчийн талаарх хууль ёсны баримт материал олдохгүй байгаа юм билээ. Энэ нөхөр өөрийн хүүхэд болох Б.Номондалайг АНУ-ын Пералта коллежийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний ангид жилийн 56 мянган ам.доллараар сургаж байх жишээтэй.

Түүгээр ч зогсохгүй өөрийн эхнэрийн дүү Б.Ариун­болд гэгчийг Ка­на­дын Торонто хотын Жорж Брауны коллежэд жилийн 100 гаруй мянган ам.дол­лараар сургасан байна лээ.

Мөн түүнчлэн өөрийнхөө жолоочоор ажиллаж бай­сан Алтансүхийн хүү Баян­мөнхийг ч АНУ-д жилийн 45 мянган ам. доллараар сургасан. Гэхдээ зүгээр ч нэг сургаагүй. ИНЕГ-ын данснаас гаргасан энэ их мөн­гөнөөс ноцтой ихээр идэж шамшигдуулсан байж болзошгүй. Жишээ нь 56 мянган ам.долларын төлбөртэй коллежийн төл­бөрийг 81 мянган ам.доллар гэж тооцоолоод дундаас нь их хэмжээний мөнгө завш­сан байна.

Эдгээр гэрээг өдгөө ИНЕГ-ын Захиргаа, хү­ний нөөцийн удирдлагын хэлт­сийн дарга энэ Т.Бат­жаргал гэгч гардан гүйцэт­гэсэн бө­гөөд одоогийн байд­лаар 3.7 тэрбум төгрөг шил­жүүл­сэн асуудлыг хууль хя­­­налтынхан ид шалгаж байгаа.

-Энэ хүн ажилдаа эргэж ороод удаагүй байгаа гэсэн. Түүнээс гадна бас нэг Батжаргалын нэр яригдаад байсан. Тэр ямар учиртай юм бэ?

-Энэ Т.Батжаргал гэг­чийг Эрүүгийн гэмт хэ­рэгт холбогдуулан албан тушаалаас нь түдгэлзээд бай­сан ч шүүхээр заргалдаж явсаар сарын өмнө энэ албан тушаалд очсон юм билээ.

Харин түүнтэй нэр нэгтэй Хойд Америкийн бо­ловсролын нийгэмлэг “Соба” институтын ме­не­жер гэх Б.Батжаргал нь Эрүүгийн хэрэг үүсгэсний дараа Монгол Улсын хилээр гарч, оргон зайлсан учраас хэргийн мөрдөн бай­цаалтын ажиллагаа удаа­ширч байгаа гэсэн. Б.Бат­жаргалыг интер­по­лоор эрэн сурвалжилж бай­гаа, удахгүй үр дүн гар­на гэдэгт хууль хяналтын байгууллагууд ит­гэлтэй байна лээ.