Бие даагчид АН-ын 14-тэй хүч хавсарна
Бие даагчид АН-ын 14-тэй хүч хавсарна
2014.04.15

Бие даагчид АН-ын 14-тэй хүч хавсарна

Энэ Засгийн газрын  нэг сайдыг суудалд нь үлдээх эсэх асуудал дахин хойшиллоо. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай  тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсны  дагуу өнгөрсөн долоо хоногт хуралдсан Хууль зүйн байнгын хороогоор асуудлыг авч хэлэлцэх ёстой байсан ч АН-ын бүлгээс завсарлага авснаар хойшилсон.

Харин завсарлагын хугацаа өчигдөр дуусгавар болсноор Хууль зүйн байнгын хороо Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэхийг  хэлэлцсэн ч УИХ-ын зарим гишүүн горимын санал гаргасны дагуу  дахин хойшиллоо. Засгийн газар танхимаараа  бүтэн үлдэх  үү, унах уу гэдгийг  УИХ нөгөөдөр эцэслэнэ.  Тиймээс энэ  өдрүүдэд Төрийн ордонд Засгийн газар унах, унахгүйтэй холбоотой наймаа ид халуун дээрээ байна. Ялангуяа энэ тохиролцоо АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс”  эвслийн бүлгийн дунд ид өрнөж байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ  засгийн газрын сайд нар тус бүртээ нэг гишүүн халааслачихсан” гэж хэлсэн нь бий. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын “давхар дээл”-тэй 17 сайдын халаас тус бүрт нэг гишүүн байна гэсэн үг.  Энэ ч утгаараа “давхар дээл”-тэй сайд нар өөрийн халаасан дахь гишүүдээ дуудаж, суудалдаа үлдэх лоббиг хийж байгаа нь лав. “Давхар дээл”-ийг тайлахад хоёр хувилбар бий.

Үүнд Ерөнхийлөгчийн оруулж ирснээр буюу 2016 оны долдугаар сарын 1, нөгөө нь хууль батлагдсан цагаас буюу энэ оны долдугаар сарын 1 гэсэн хоёр хувилбар байгаа. Харин яг одоо буюу энэ оны долдугаар сарын 1 гэсэн хувилбарт  кноп дарах гишүүн хэд байгааг хамтдаа сонирхъё.  УИХ дахь МАН-ын бүлгийн 26  гишүүн энэ хувилбарт нэгдсэн. Дээр нь АН-ын бүлгээс  Ерөнхийлөгчийн МоАХ пракцын 14 хүн тэдэнтэй нэгдэнэ.

МАХН-ын гишүүдийн байр суурь зөрж байгаа бол МҮАН-ынхан ч бас нэгдсэн шийдэлд хүрээгүй байна. Гэхдээ тэднээс яг одоо гэсэн хувилбарт кноп дарах хүн цөөнгүй байна.

 Харин эвслийн бүлэг энэ хоёр хувилбарын алин дээр нэгдэхээ эцэслээгүй байна хэмээн  өчигдөр мэдэгдсэн. Учир нь эвслийн бүлгийнхэн сайд нарын “давхар дээл”-ийг тайлахад хугацааны хувьд хоёр хуваагдчихаад байгаа аж. Тодруулбал, МАХН-ын гишүүдийн байр суурь зөрж байгаа бол МҮАН-ынхан ч бас нэгдсэн шийдэлд хүрээгүй байна. Гэхдээ тэднээс яг одоо гэсэн хувилбарт кноп дарах хүн цөөнгүй байна. Тодруулбал, МАХН-аас О.Баасанхүү, Г.Уянга нар байгаа бол МҮАН-аас Д.Батцогт гишүүн хууль хэрэгжих хугацааг хойшлуулах бодолгүй байна.

Гэтэл Бие даагчдын байр суурь энэ өдрүүдэд тодорхойгүй байна.  Тухайлбал, өчигдөр АН-ын эзэнтэй зарим хэвлэлээр “Бие даагчид “давхар дээл-ийг тайлахыг эсэргүүцэж байна” гэсэн агуулга бүхий мэдээлэл цацагдсан юм. Харин С.Ганбаатар гишүүнтэй уулзахад тэрбээр “Сайд нарын “давхар дээл”-ийг нэн даруй тайлах нь зөв” гэсэн утгатай зүйлийг ярьж байна. Гэхдээ тэд “давхар дээл”-ийг тайлах талаар ярихаасаа урьтаад Үндсэн хуулийг дордуулсан долоон заалтыг өөрчилж, суурь хуулиа өөрчлөлгүйгээр “давхар дээл” ярих нь утгагүй хэмээж байгаа. Ямартай ч хэрхэх нь бүрхэг зарим нэг  бүлэг, гишүүний байр суурь ирэх пүрэв гаригаас өмнө нэг болох учиртай. Ингэснээр энэ Засгийн газрын хувь заяа шийдэгдэнэ.