76 гишүүн бүгд давуу эрхтэй
2014.04.11

76 гишүүн бүгд давуу эрхтэй

Сайд нар дээрх хуулийн төслийг хэлэлцэн батлах үеэр санал хураалтад оролцох эсэх, хэрэв саналаа өгвөл ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг сайдаар давхар ажилладаг зарим гишүүнээс тодрууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Гантөмөр: -Үндсэн хуульд УИХ- ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болно гэж заасан. Энэ асуудлыг Үндсэн хуулиар зөвшөөрчихөж. Бид УИХ-аас томилогдоод ажлаа хийж байгаа сайд. Ашиг сонирхлын зөрчил бол хувийн бизнестэй нь холбоотой. Харамсалтай нь бид нийтийн төлөө ажиллаж байгаа хүмүүс.

Намынхаа, Засгийн газрынхаа бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа. УИХ, Засгийн газрын гишүүдэд хувийн ашиг сонирхлын зөрчил гарахгүй. Надад санал хураалтад оролцохгүй байх ашиг сонирхлын зөрчил алга. Энэ удаад Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг баталчих хэрэгтэй. Гэхдээ хуулийг батлахаас өмнө Ерөнхий сайдад Засгийн газрын бүх эрх мэдлийг өгөх хэрэгтэй. Тэгвэл Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлээд, огцруулаад явдаг жишиг рүү орох хэрэгтэй.

Эрчим хүчний сайд М.Сономпил: -МАН-ын мэдэгдэл бол УИХ-ын гишүүний эрхэд халдаж буй хэрэг гэж бодож байна. УИХ- ын гишүүний бүрэн эрхийн хэмжээнд шийдвэрт оролцох ёстой. Хуулийн хүрээнд итгэл үнэмшлээрээ оролцох эрхтэй. Би гишүүнийхээ хувиар санал хураалтад оролцоно. Дараагийн сонгууль болохоос хоёр жилийн өмнө хуулиа батлаад намууд бэлтгэлээ базааж, сэтгэл зүйн бэлтгэлд орох хэрэгтэй. Иймд хуулийн төсөлд тусгасан хугацаа буюу 2016 оноос хэрэгжүүлэх нь зүйтэй.

Ард түмнээс сонгогдсон гишүүний хувьд би хуулийн төслийн санал хураалтад оролцох эрхтэй.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ: -Засаглалын хуваарилалтыг өөрчлөх нь зөв. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг дэмжиж байгаа. Гэхдээ гадаад, дотоод улс төрийн нөхцөл байдал хүнд байна. Ийм ээдрээтэй цаг үед Монголын төр тогтвортой байх ёстой.

Сөрөг хүчин гэхээр улс орны хувь заяагаар тоглодог, хутган үймүүлдэг, улс төр, эдийн засгийг уландаа гишгэдэг байж болохгүй. Би үгээ хэлнэ, санал хураалтад оролцоно. Сандал суудалд хоргодсондоо биш хуулиар олгосон эрхээ эдэлнэ. 76 гишүүн бүгд тэгш эрхтэй. Хэн ч давуу эрх эдлэх ёсгүй.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав: - Ерөнхийлөгчийн өргөн барьсан хувилбараар, тухайлбал 2016 оноос хэрэгжүүлж сайд, гишүүний албыг давхар хашихгүй байя гэдгийг дэмжиж байгаа. Улс орны тогтвортой байдлыг олон талаас нь харахад сайд, гишүүнээр давхар ажиллаад явахад болохгүй зүйлгүй. Харин ч төсөв мөнгө хүндэрсэн үед мөнгө хэмнэнэ.

Бид сайдын цалин гэж илүү мөнгө авдаггүй. Дээр нь хөдөлмөрийн хууль зөрчөөд бямба гаригт хүртэл ажиллаж ачааллаа зохицуулж байна. Үүнийхээ төлөө бид илүү цалин авдаггүй. Энэ хуулийг батлаад 2016 оноос хойш хэрэгжүүлэх хэрэгтэй. Ард түмнээс сонгогдсон гишүүний хувьд би хуулийн төслийн санал хураалтад оролцох эрхтэй.