Төсвийн царцаасан объектууд, сайд нарын давхар дээлийн асуудлыг хурдан шийдэх ёстой
2014.04.09

Төсвийн царцаасан объектууд, сайд нарын давхар дээлийн асуудлыг хурдан шийдэх ёстой

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар 252 төсөл хэлэлцүүлэхээр санал болгосон ч 52 хуулийн төсөл өргөн мэдүүлэгдэж байна. анхаарал татсан хуулийн төсөл бол төсвийн царцаасан объектуудыг хэрхэх, сайд нарын давхар дээлийг тайлах эсэх юм.

-УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын дэд хорооны дарга Ж.Эрдэнэбат: “2014 оны төсвийг өнгөрсөн хугацаанд намрын чуулганаар баталсан. Энэ төсөвтэй холбоотойгоор нэлээд хүндрэлтэй асуудлууд бий. Энэ асуудлыг төсвийн тодотгол хийж батлах болов уу. Ингээгүй тохиолдолд маш олон иргэн, аж ахуйн нэгжүүдийг хохироосон үйл ажиллагаа болно. Санхүүжилт нь 2011-2012 онд тавигдсан ажлууд хүртэл санхүүжилт нь гараагүй. Үүнээс болоод ААН-үүд банк, банк бус санхүүгийн бусад байгууллагуудад зээлийн өрөнд ордог, ажилчдын цалинг тавьж чаддаггүй гэх мэт олон асуудлууд ар араасаа гарч ирсэн байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлэхдээ:

-“Би “давхар дээл”-ийг нэг мөсөн тайлъя гэсэн байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл давхар дээлийг бий болгосон асуудал нь үндсэн хуульд оруулсан дордуулсан 7 өөрчлөлтийн нэг юм. Гэтэл одоогийн өргөн баригдаад яригдаад байхад  давхар дээл тайлах асуудал байхгүй байна. Зөвхөн засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хуульд давхар дээл тайлах тухай л байгаа юм. Гэтэл үндсэн хуульд байгаа давхар дээл тайлах гээд байгаа асуудлыг үлдээчихсэн. Өөрөөр дээлээр яривал өнгийг нь ч юм уу, дотрыг нь сольё гээд байгаа. 2016 онд давхартай болгоё, өнгөтэй болгоё гэх гээд байдаг. Яагаад гэвэл үндсэн хууль дотор ийм заалт үлдчихсэн байна. Тиймээс сонгуулийн дараа давхар хашиж болно гэж ярих гээд байгаа юм. Тийм учраас үндсэн хуулийн өөрчлөлттэй хамт шийдэх ёстой юм байна. Тэгвэл энэ асуудал нэг мөр шийдэгдэнэ”гэв.