Бие даагчид: “Давхар дээл”-ийн асуудлыг төгс шийдэх ёстой
УИХ дахь бие даагч гишүүд мэдээлэл хийлээ. Тэд энэ Хаврын чуулганаар цөөнгүй хуулийн төсөл, улс төрийн шийдвэрийн асуудалд хатуу байр суурьтай байх нь ээ.
-УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: УРТ НЭРТЭЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ БИД ДЭМЖИХГҮЙ
243-аас гадна 160 гаруй объект байгаа.
-Энэ долоо хоногт УИХ-аас хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд 243 хөрөнгө оруулалтын объектын асуудал байгаа. Энэ объектууд он дамжин удааширсан, хөрөнгө оруулалт нь жил жилд нэмэгдсэн ийм төсөл арга хэмжээнүүд байгаа.
Бие даагч бид үүн дээр юу ярьж байна гэхээр зөвхөн хувийн хэвшлийнхний буруу гэхээсээ илүү энэ нөхцөл байдлыг үүсгэхэд төрийн албан хаагч нарын хариуцлагагүй байдал гарсан байгаа гэж үзэж байна. Тийм учраас УИХ-аас Засгийн газарт өгөх чиглэл бол хөрөнгө оруулалтын арга хэмжээ удааширсан он дамжсан үнэ өртөг нь өсөхөд хяналт тавьж чадаагүй төрийн албан хаагч нарт хариуцлага тооцох ёстой гэсэн заалт оруулахаар ярьж байна. Энэ 243-аас гадна 160 гаруй объект байгаа юм. Тэгэхээр мөн адил зарчмаар хэлэлцэх нь.
Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар давхар дээлийн тухай асуудал ярина. Бид бие даагчид үүнийг төгс шийдэх ёстой гэж бодож байна. Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хуульд давхар дээлийн тухай байгаа. Хамгийн гол нь Үндсэн хуульд байгаа заалтаа яагаад орхиод байгаа нь бидний анхаарлыг татаж байна.
Өөрөөр хэлбэл, энд давхар дээл тайлах биш өнгө, дотрыг нь солих асуудал яваад байгаа юм биш биз. 2016 онд ялж гарч ирсэн нам нь өнөөх Үндсэн хуулийн заалтын өөрчлөлтийг хараад хуучнаараа яваад байж мэдэх юм. Тиймээс үүнийг бүр мөсөн шийдэх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хамт ярих учиртай гэж бодож байна.
Мөн энэ долоо хоногт урт нэртэй хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ. Гэхдээ арга ядсан үедээ алтаар улсын төсвийг бүрдүүлдэг асуудлыг бид дэмжихгүй.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: ГАЗРЫН ТОСНЫ ХУУЛЬД ГАДНЫ НӨЛӨӨ ОРЛОО
Байгалын баялаг, ашигт малтмалтай холбоотой хуульд гадны нөлөөлөл маш их байна.
-УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх гэж байгаа нэг гол асуудал бол яах аргагүй Газрын тосны хууль. Газрын тосны хууль бол ер нь олон давааг давж битүүний өдөр эцсийн хэлэлцүүлэгт орсон байсан. Харамсалтай нь МАН-ын бүлэг, зарим гишүүний саналаар хойшлуулсан. Үүний дагуу хаврын чуулган руу шилжсэн байна. Гэтэл өнөөдөр авсан мэдээллээр Засгийн газар энэ хуулиа эргүүлэн татаж магадгүй гэж сонслоо.
Ер нь байгалын баялаг, ашигт малтмалтай холбоотой хуульд гадны нөлөөлөл маш их байна. Магадгүй энэ хуулийн төсөл дээр гадны компаниуд болон тэдний гар хөл болсон монголын улстөрчид оролцсон учраас Засгийн газар төслөө татах гээд байна гэсэн яриа гарлаа.
Гэтэл энэ шинэ хууль бол хуучнаа бодвол Монгол Улс болон хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай, эрх ашгуудыг нийцэмжтэй болгосон хууль болсон. Хэрвээ хуулийг Засгийн газар татах юм бол, эсвэл зарим лобби орж давсгүй хоол шиг хуулийн төсөл болгох вий гэж айж байна. Өнөөдөр Ерөнхий сайдтай бид гурав уулзана. Энэ талаар ярина.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛУУЛНА
100 мянга орчим хүүхэд өнөөдөр гэртээ цоожлуулж байгаа.
-Бие даагчдын зөвлөлөөс энэ хавар ач холбогдол өгч байгаа нэг хууль бол Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль. Монголын ард түмэн өнөөдөр 200 тэрбум төгрөгийг эрүүл мэндийнхээ төлөө өгдөг. Өнөөдөр бодит байдал ямар байгаа вэ гэвэл энэ мөнгөнд улстөрчид, сайд нар ороод байна.
Даатгал төлсөн ард иргэд энэ мөнгөндөө санаа зовинож, хяналт тавьдаг тогтолцоог бий болгохын төлөө бие даагчдын зөвлөл Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд энэ хавар өөрчлөлт оруулж, батлуулахаар ажиллаж байна.
Нөгөө талаас С.Эрдэнэ гишүүний хууль байгаа. Энэ хоёрыг хамтатгаж батална. Мөн нэг чухал хууль бол Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль. 100 мянга орчим хүүхэд өнөөдөр гэртээ цоожлуулж байгаа. Энэ хүүхдүүдэд цэцэрлэгт явж байгаа бусад хүүхэд шиг ижил гараа, боломжийг олгох ёстой. Үүнийг бид энэ хавар идэвхтэй ярьж төслийг батлуулна.