Д.Оюунхорол: 17 сайд засгийн газарт ажиллаж байгаа нь Монгол улсын парламентын ардчиллыг устгаж байна
MNB телевизийн цагийн хүрдээр цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролтой ярилцлаа.
- Давхар дээл, дан дээлийн асуудал нэлээд дээрээс тогтсон жишиг шүү дээ. МАН-ыг засгийн газрыг эрх барьж байх үед бас ийм л байсан. Яагаад энэ асуудлыг тухайн үед нь ярьж, шийдэж болоогүй, өнөөдөр ийнхүү хурц ярих болов оо?
Тэгэхээр Монгол улсын их хурлын ээлжит чуулганд Монгол улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан ЗГ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүн засгийн газрын гишүүн байж болно гэсэн хуулийг хэлэлцэж байна. Энэ өргөн барьсан хуулийг хэлэлцэх явцыг МАН дэмжиж байна гэсэн үг. Хоёрдугаарт, өмнө нь засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүн 100% байсан тохиолдол бараг байгаагүй.
2000 онд Монгол улсын үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр энэхүү эрхийг нээж өгсөн. Үүнээс болоод засгийн газрын гишүүний 30 орчим хувь нь, заримдаа 3/2 хувь нь УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүний албыг давхар хашиж байсан. Харин өнөөдөр 17 сайд засгийн газарт ажиллаж байгаа нь Монгол улсын парламентын ардчиллыг устгаж байна.
Өөрөөр хэлбэл парламентынхаа хяналтын тогтолцоог байхгүй болгож, засгийн эрх мэдлийн хуваарилалт алдагдаж байна гэсэн үг. Нөгөө талаас 17 сайд засгийн газарт байгаа тохиолдолд УИХ-аар хэлэлцэж байгаа хууль чанаргүй гарч, парламент маань өнөөдөр засгийн газарт хяналт тавьж чадахгүй болж байна.
Ийм олон сөрөг үр дагаврууд байгаа учраас Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс энэ улс төрийн засаглалын хямралыг засах гэж, “Том төрөөс ухаалаг төр лүү” явъя гэсэн санал санаачлагаа хэрэгжүүлэх ажлыг УИХ-аас эхэлье гэж бодсон байх. Тийм учраас өнөөдөр төрөө ухаалаг болгох ажлыг УИХ-аас хийх нь зөв гэж үзэж байгаа.
- Би санаж байна л даа. Яг төсвийн асуудал хэлэлцэж байхад сургалтын үндэсний тэтгэлэг дээр Б. Бат-Эрдэнэ гишүүн та хоёрыг эрх ашгийн зөрчилтэй гээд санал хураалтад оруулахгүй гаргаж байсан. Одоо УИХ-ын 17 гишүүн засгийн газрын ажлыг давхар хашиж байгаа. Энэ 17 гишүүнээс сайн дураараа санал хураалтад оролцохгүй хүн байгаа болов уу?
17 сайд УИХ-ын даргад энэ ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу “Би санал хураалтад оролцохоос татгалзаж байна” гэж бичиг өгөх ёстой.
Ер нь Монгол улсад хэрэгжиж байгаа нэг сайн хууль бол “Хувийн ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль”. Энэ хуулийн дагуу 2014 оны улсын төвлөрсөн төсвийг хэлэлцэж байх үед оюутан залуучуудад олгох 70 мянган төгрөгийн тэтгэлгийн асуудлыг зөвхөн онц сурсан оюутанд олгоно гэж Ардчилсан нам оруулж ирж байлаа. Сүүлд нь бид саналаа илэрхийлж байсан.
Монгол улсын Ерөнхийлөгч хоёр удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гарахдаа оюутан залуучуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд, өрх гэр бүлийн зардлыг хуваалцахын тулд оюутан залуучууддаа сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгож залуучуудын сурах боловсрох хэрэгцээг нь хангая гэж үзсэн. Энэ асуудлыг манай засгийн үед шийдвэрлэсэн.
Энэ ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд би дуу хоолойгоо илэрхийлж байлаа. Гэтэл үүнийг Д.Оюунхорол нэгдүгээрт багш хүн, хоёрдугаарт, Отгонтэнгэр их сургуультай. Б.Бат-Эрдэнэ бас сургуультай. Энэ хоёр хүн ашиг сонирхлын зөрчилтэй байгаа учраас санал хураалтад оролцож болохгүй ээ, гар гэсэн шаардлагыг их хурлын зүгээс тавьсан. Ингээд бид гарч байсан.
- Одоо тэгвэл?
Өнөөдөр 17 сайд нь өөрсдийнх нь засгийн газрын гишүүн байх уу, үгүй юу гэдэг асуудлыг хэлэлцэх гэж байгаа учраас “Эрх ашиг, сонирхлын зөрчлийн тухай хууль”-иар “Ашиг сонирхлын зөрчил үүсэх, үүсч болзошгүй үед албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж энэ тухай эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй” гэж 8-ын 2-т заасан.
Энэ үүргийнхээ дагуу 17 сайд УИХ-ын даргад энэ ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу “Би санал хураалтад оролцохоос татгалзаж байна” гэж бичиг өгөх ёстой. УИХ-ын дарга ийм шаардлагыг 17 сайдад хүргүүлсэн байгаа. Манай намын бүлгийн зүгээс завсарлага авахын өмнө нь энэ саналыг тавьсан. Өөрөөр хэлбэл энэ хууль бол 65 хоног завсарлаад орж ирж байгаа. Тэгэхээр АН өнөөдөр нийгмийг сонсох мэдрэмжээ илүү сонссон байх гэж бодож байна. Тийм учраас АН хариуцлагатай шийдвэр гаргах ёстой.