УИХ-ын гишүүн,Нийгмийн бодлого,боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт
2014.04.11

Д.Батцогт: Ямартаа ч энэ хуулийн төслийг дэмжиж байгаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ маргааш (2014.04.10) хэлэлцэхээр төлөвлөсөн. Хэрвээ хэлэлцсэн тохиолдолд хууль хэрхэн батлагдах нь олны анхаарлыг татаж байна. Учир нь энэ хуулиас хамаарч одоогийн засгийн газарт хөдөлгөөн орох магадлалтай байгаа юм.

Долоо хоногийн эхэнд гарсан УИХ-ын үйл ажиллагааны  хуваарийн дагуу нэгдсэн хуралдааны 2 дахь асуудал нь “Засгийн газрын тухай хууль” болон “УИХ-ын тухай хууль”-д өөрчлөлт оруулах хуулийн төсөл юм. Сайд, гишүүдийн давхар дээлийг тайлах гэж нэрлэсэн энэ хуулийг хэрэгжиж эхлэх хугацаа болон засгийн газрын гишүүний хэдэн хувийг парламентын гишүүд дотроос томилж болох харьцаа нь улс төрчдийн анхаарлыг илүү татаж байгаа.

Хууль санаачлагчийн хувьд засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайдаас бусад бүх сайд нарыг УИХ-ын гаднаас томилох санал гаргасан. Энэ нь хэт туйлширсан хэрэг гэж УИХ-ын гишүүд үзэж байна. Сөрөг хүчин МАН-ын хувьд ядахнаа гол бодлогын яамдын сайд нар УИХ-ын гишүүнээр давхар ажиллаж болох юм гэж үзэж байгаа бол эрх баригч АН-ын гишүүд засгийн газрын гишүүний тэн хагасаас илүүгүй УИХ-ын гишүүн байна гэсэн заалтыг гар өргөн дэмжсэн.

Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилсан Ерөнхий сайдаас бусад сайд нарыг давхар дээлтэй байлгахгүй гэсэн заалт биелэлээ олох магадлал муутай юм. Ганцхан Ерөнхий  сайд УИХ-ын гишүүн байх нь арай ч дэндэнэ гэдэгт  ийнхүү намын бүлгүүд санал нэгдэж байгаа бол хэрэгжих хугацааны хувьд эсрэг, тэсрэг байгаа. Төсөлд хууль хэрэгжих хугацааг 2016 оны долоодугаар сарын 1 гэж заасан.

Цаг алдахгүйгээр асуудлаа шийдээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

Заавал батлагдсан өдрийг хүлээлгүйгээр хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжээд явах нь зүйтэй гэж цөөнх үзэж шаардаж байгаа. Харин АН-ын бүлэг хууль хэрэгжих хугацааг төсөлд зааснаар буюу 2016 оны сонгуулийн дараа гэдгээр нь дэмжинэ гэдгээ бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдсэн юм. Гэхдээ Д.Эрдэнэбат даргын мэдэгдсэн шиг бүлгийнх нь гишүүд бүгдээрээ тийм саналтай байгаа юу гэдэг эргэлзээ бий.

Учир нь АН-ын зарим гишүүд хуулийг гарсан өдрөөсөө хэрэгжүүлэх ёстой гэсэн байр сууриа өмнө нь хэвлэлээр илэрхийлж байсан.  Тиймээс АН-ын дотроос хэд нь урвах, бие даагчид болон шударга ёс эвслийн зүгээс асуудалд хэрхэн хандахаас засгийн газрын хувь заяа шийдэгдэнэ. Эвслийн бүлэг хуралдахдаа энэ асуудлыг ярьсан ч байр сууриа нэгтгэж чадаагүй.

УИХ-ын гишүүн Д.Батцогт: “Давхар дээл” гээд нэрлээд сурчихаж л дээ. Үүнийг тайлах нь зөв гэдэгт шийдвэрээ гаргачихсан байлаа.  Хугацааны хувьд бол яг нарийн тогтсон зүйл байхгүй. Ер нь ямархуу хэмжээнд тайлах нь зөв бэ гэдэг дээр гишүүд олон санал гаргаж байсан. Ямартаа ч  энэ хуулийн төслийг дэмжиж байна.  Цаг алдахгүйгээр асуудлаа шийдээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

-     Ерөнхийдөө засгийн газрын гишүүдийн тэдэн хувь нь УИХ  дотроос байж болох юм гэдэг дээр эхэлж ярьчхаад дараа нь хугацаагаа ярья гэсэн байдлаар бүлэг дээр ярьсан гэж ойлголоо?

Тэгж ойлгосон. Ер нь бол 100% тайлах нь зөв үү, буруу юу. УИХ дээрээ тодорхой яамдууд байх нь зөв өө гэдэг дээр гишүүд  олон янзын байр суурьтай байсан. Миний хувьд эхний ээлжинд  50%  тайлах хэрэгтэй гэж бодож байгаа. Засгийн газар дээрээ ажлаа сайжруулах үүднээс цаг алдалгүй шийдээд явах нь зүйтэй гэж бодож байгаа.