Царцаасан төслүүдийг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ.
2014.04.12

Царцаасан төслүүдийг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ

Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэх ёстой байсан ч завсарлага авснаар мөн  л завсарлаж байна. Царцаасан төслүүд хэзээ гэсч бүтээн байгуулалтууд үргэлжлэх вэ гэдгийг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ. МАН-ын завсарлагыг ажил уях гэсэн санаатай үйлдэл гэж олонхийн бүлэг үзэж байв.

Царцаасан буюу 2014 оны төсвийг батлахдаа тэг дүнтэйгээр суулгасан 243 объект байгаа. Олон жил дамжиж үргэлжилж байгаа ч ашиглалтад ордоггүй, удах хирээрээ өртөг нь өсч байгаа энэ ажлуудыг авилгажсан гэж Ерөнхий сайд нэрлэсэн. Тиймээс үнэхээр хэн нэгний эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн халаасыг зузаатгах сонирхолтой холбоотойгоор төсвөөс их хэмжээний мөнгө нэхэж байсан  уу гэдгийг тогтоох үүргийг аудитын байгууллага хүлээсэн юм.

Аудит эцсийн дүгнэлтээ гуравдугаар сарын нэгэнд ирүүлж УИХ харин дөрөвдүгээр сарын нэгэний дотор төсөвтөө тодотгол хийнэ гэж тохирсон. Харин өнөөдөр тодотгол биш, сангийн сайдын багцад байгаа төсвийг салбарын сайд нарын багцруу хуваах тухай яриа өрнөлөө. Оны өмнө хэлснээсээ огт өөр зүйл яриад сууж байгаа нь сахилга батгүй хэрэг гэж гишүүд үзэж байлаа.

УИХ-ын гишүүн С.Баярцогт: “УИХ-аас засгийн газарт дөрөвдүгээр сарын нэгэний дотор төсвийн тодотголыг өргөн барь гэж 2014 оны төсвийг баталж байхад төсвийг дагалдуулж УИХ-ын тогтоол гарч байсан. Сангийн сайд маань тэрийг мэдэхгүй байгаа юм уу, эсвэл мэдсэн ч нүдэн будилж байгаа юм уу “Тэр ер нь шаардлага байна уу” гэж ярьж байна. Уг нь хуулийн хугацаатай. УИХ-ын тогтоол бол хуулийн адил үйлчлэх ёстой.”

Царцаасан 243 төслийн тухайд санхүүжилт нь 140 тэрбум төгрөг болж байгаа юм. Энэ төслүүдээс 15-ыг нь хойшлуулсан бол 31-ийг нь төсөв буруу зохиосон гэж үзжээ. Аудитын дүгнэлт тодорхой биш байна гэж цөөнхийн бүлэг үзсэн. Учир нь хэдэн төсөл нь авилгажсан, ямар учраас төсөвт өртөг нь өссөн болохыг нарийвчлан тогтоогүй гэж хэлсэн. Барилгын материалын үнэ өссөнөөс болж хэдэн объект нь зогссон, зураг төслөө дахин боловсруулах шаардлагатай болсон зэргээс дахин мөнгө хэрэгтэй болсон гэх мэтээр илүү ойлгомжтой оновчтой тайлбар өгөх ёстойг хэлж байлаа.

Мөн маргаан дагуулсан нэг асуудал нь  аудитын дүгнэлтийг төсвийн байнгын хороо төлөөлж танилцуулж байгаа нь хуульд нийцэхгүй гэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: “ Гуравдугаар сарын нэгэн дотор танилцуулж л байна шүү дээ. Энэ процессоороо явж байгаа. Аудитын шинэ хуулиар 2014 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлээд аудитын газар хяналт, шалгалт, дүгнэлтээ УИХ-д танилцуулдаг болсон. Энэ дээр дундуур нь шүүрч аваад яриад байсан зүйл байхгүй.”

Олон жил дамнасан энэ төслүүдийн тодорхой хувийг энэ онд багтаан дуусгана. Харин үлдэж байгаа хэсэг нь ирэх он руу шилжиж байгаа. Тухайлбал, Буянт ухаад баригдах 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг 2014 онд санхүүжүүлэх боломжгүй гэж аудит үзсэн байна. Мөн түлэнхийн төвийн барилгыг тодорхой хугацаанд санхүүжүүлэхгүй гэж тайланд дурьдсан нь маргааны нэг сэдэв байсан юм. Амин чухал хэрэгцээгээ хойш тавьж байгаа нь бодлогогүй үйлдэл тайлбарлах гишүүд ч байна. Энэ тохиолдолд төр, хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр, эсвэл өөр бусад эх үүсвэр, хандив, тусламжаар ч болов санхүүжүүлэх байдлаар ажлыг урагшлуулах нь зүйтэй гэж үзэж байлаа.

УИХ-ын тогтоол бол хуулийн адил үйлчлэх ёстой.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Яармагийн 300 ортой эмнэлгийг улс 14 тэрбумыг нэмж гаргаад тоног төхөөрөмжийг нь аваад, тэнд ажиллах бүх хүний цалин мөнгийг гаргаад ажиллуулах чадвар байгаа юм уу. Байхгүй бол бид өөр маягаар шийдэх хэрэгтэй. Цаг алдмааргүй байна. Мөнгөө олохын тулд тэнд байгаа ресторан, банк, угаалгын газар гэх мэтийн талбайг дуудлага худалдаагаар худалдъя. Тэгээд аваагүй үлдсэн хэсгийг нь бид хувийнхаа эмнэлгүүдэд 20, 30 жилийн хугацаагаар хөнгөлөлттэй зээлээр олгож болно шүү дээ. Худалдаж авъя гэсэн хувийн эмнэлгүүд зөндөө л байгаа.

Ямартаа ч гишүүд удаан ярилцсан ч шийдэлд хүрсэнгүй МАН-ынхан тав хоногийн завсарлага авснаар хаврын ажил энэ хирээр хойшлох боллоо.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: "2014 оны батлагдсан төсвөөр нэг их наяд хөрөнгө оруулалтыг бид хийх ёстой. Одоо үндсэндээ нэгдүгээр улирал өнгөрчихлөө. Тэгэхээр өнөөдөр УИХ-аар баталсан энэ нэг их наяд төгрөгийн гүйцэтгэлийг долларын ханш 1384 байна гэдгээр компаниуд бодож тендерт оролцох бололцоо байхгүй байна гэж бодож байгаа. Энэ нөхцөл байдал нь  долларын ханшаас болоод эрсдэл үүсэх үү?гэсэн асуултад

Сангийн сайд Ч.Улаан: “Одоо энэ тооцооны үзүүлэлтийг ашиглаж батлагдсөн төсвийг хийдэггүй. Тэгэхээр захиалагч, гүйцэтгэгч хоёр бодитой боловсрогдсон төсөв дээрээ хэлцлээ хийж, гэрээгээ байгуулж, тендерээ шалгаруулж, хөрөнгө оруулалтаа хийж явдаг. Хэрвээ энэ дээрээ тохирч чадахгүй байгаа бол дахиад төсвөө эргэж авч үзэх байдалдаа орно” гэсэн юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Үнэ өссөн шалтгаан, хугацаа удсан шалтгааныг тогтоосон чинь буруутан нь хэдэн хувийн хэвшлийн байгууллагууд, хэдэн төсөвчин л болж үлдэх гэж байна. “Муу нь муудаа, муна гадсандаа” гэдэг байдлаар хувийн хэвшлээ, хэдэн төсөвчнөө буруутгадаг. УИХ, ЗГ нь холбогдох төрийн яамд нь, орон нутгийн удирдлагууд нь ямар ч  буруугүй хүмүүс болж үлдэх гээд байна. Ажлын хэсэг аудит маань богино хугацаанд хурдтай сайн ажиллаач ээ. Энэ асуудлыг хамтдаа шийдье гэдэг үүднээс МАН-ын бүлэг завсарлага авснаа хэлж байна” гэв.

Ирэх долоо хоног гэхэд шийдвэр гаргаж тогтоолын төслийг хүргүүлэхгүй бол бүтээн байгуулалтын ажил ондоо багтахгүй болно.