Б.Бямбасайхан: Ганц биш хэд хэдэн Оюутолгойтой болж байж бид дэлхийд өрсөлдөнө
Ганц биш хэд хэдэн Оюутолгойтой болж байж бид дэлхийд өрсөлдөнө
2014.04.10

Б.Бямбасайхан: Ганц биш хэд хэдэн Оюутолгойтой болж байж бид дэлхийд өрсөлдөнө

Ярилцагч маань Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхан. Монголын хөрөнгө оруулалтын компани болох “Ньюком” группын дэд захирал, “Мобиком”-ын ТУЗ-ийн даргын албыг хашиж явсан энэ залуу 2004-2010 онд Азийн хөгжлийн банкны эрчим хүчний санхүүгийн мэргэжилтнээр ажиллаж байв. Азийн хөгжлийн банкинд ажиллаж байхдаа Казахстан, Киргиз, Пакистан, Тажикистан, Узбекистанд салбар дамнасан төслийн багуудыг удирдан, хөрөнгө оруулалтын хэлцлүүдийг гардан хийдэг байсан юм. Дэлхийн эдийн засгийн чуулган энэ жил Монголоос хоёр хүнийг залуу манлайлагчаар сонгосны нэг нь Б.Бямбасайхан. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

-Эдийн засгийн форумын сүүлийн өдрийн нэгдсэн хуралдаанаар уул уурхайг онцолсон. Модератороор нь ажилласан хүний тань хувьд асуухад эдийн засгийг хөгжүүлэх гол салбар яг одоохондоо бол уул уурхай гэдэгтэй санал нийлэх үү?

-Эдийн засгийн форумаас ямар нэг шийдвэр гардаггүй. Ойлголцлын талбар гэдгээрээ үнэ цэнэтэй. Завгүй, чухал хүмүүс цуглаж асуудлаа ярьж нэгдсэн ойлголтод хүрнэ гэдэг том дэвшил. Уул уурхай ойрын үед эдийн засгийн чухал салбар байна гэдэг нь харагдсан л даа. Манайхан нэг хэсэг эдийн засгаа солонгоруулна гэж баахан төөрсөн. Тодорхой нөхцөл үүсч байж солонго татдаг шүү дээ. Уул уурхай бол эдийн засагт солонго гаргах гол нөхцөл.

Уул уурхайн өрсөлдөх чадварыг яаж сайжруулах вэ гэдэг асуудал бий. Монгол брэнд гэж яриад байна. Өнөөдрийн хувьд Монголын уул уурхайн бүтээгдэхүүн нь брэнд болчихсон. Эрдэнэтийн зэс гэхэд л гадаад зах дээр гуч гаруй жил гарчихсан. Монгол зэс гэсэн брэнд бий болчихсон учраас Оюутолгой үнэ цэнэтэй байгаа юм. Манайх брэнд гэхээр заавал нэг үйлдвэр барьж юм үйлдвэрлэнэ гэж болгодог. Уг нь юуг илүү сайн хийж байна вэ гэдэг өнцгөөс харах асуудал. Сайн хийдэг юмаа илүү сайн хийж чадаж байж л шинэ юм сурдаг. удаан засгийн моделийг энгийнээр яривал ердөө л энэ. Хөрөнгө оруулагчид хийж чадахгүй юманд мөнгө өгөхгүй. Чадаж байгаа юманд бол өгнө. Би үүнийг өөрийнхөө туршлага дээр жишээлж хэлээд байна л даа.

-Салхин станц дээр хөрөнгө босгосноо хэлээд байнаа даа. Сэргээгдэх эрчим хүчин дээр гэхэд өнөөдөр дахиад хөрөнгө босгох боломж байна уу?

-Салхины эрчим хүч гэж нэлээд явж, багагүй ажиллаж байж мөнгө босгосон л доо. Одоо сэргээгдэх эрчим хүчний төсөл дээр хөрөнгө босгоно гэвэл хэн ч хүлээж авахгүй. Учир нь уул уурхайн салбарт бэрхшээл байна. Эдийн засгийн өсөлт буурсан. Шалтгаан нь засаг төрийн бодлого, шийдвэр гэдгийг гаднах зах зээл дээр манайхыг ажиглаад сууж буй хүн бүр ойлгож байгаа.

Уг нь тэд Монголын компани, засаг төрд итгээд хөрөнгөө оруулсан. Гэтэл өнөөдөр оруулсан хөрөнгө нь ашиггүй болчихсон. Ийм үед сэргээгдэх эрчим хүчин дээр дахиад мөнгө босгоё гэвэл хэтрүүлж хэлбэл бараг хөөнө. “Та нар боль л доо. Би танай уул уурхайн компанийн хувьцааг 15 доллараар худалдаж авсан чинь одоо гуравхан доллар болчихлоо” гэж хэлнэ. Итгэл гэдэг чинь дороо алдардаг юм байна.

-Ашигт малтмалын хуульд ямар өөрчлөлт орох бол гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад байна. Ер нь итгэл төрөхөөр орчин бүрдэх нь үү?

-Хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлэхийн тулд бодлого, хууль эрх зүйн орчин сайжрах ёстой. Тэр процесст нь оролцоод явж байгаа болохоор сайжирна гэдгийг нь мэдэж байна. Зөвхөн улстөрч хүн бодлого боловсруулдаггүй. Бизнесийнхэн, эрдэмтэн мэргэд гээд Монголын идэвхтэй хүмүүс оролцож байгаа. Сүүлийн хоёр жилд эдийн засгийн чигийн хууль тогтоомж батлахад бизнесийнхний оролцоо эрс сайжирсан. Хөрөнгө оруулалтын хууль дээр гэхэд Монголын бизнесийн зөвлөлийн саналыг бодитоор авсан.

Уул уурхайн бодлого дээр ч идэвхтэй сонссон. Удахгүй хэлэлцэгдэх хуулиудын шинэчлэл дээр бизнесийнхэн саналаа өгөөд явж байна. Их зөв процесс. Нэг аюул нь маш сайн төсөл явж байгаад санал хураалтын үедээ өөрчлөлт орох тохиолдол байна.

Өнгөрсөн хорин жил бид ардчилал гэдэг уулын орой руу тэмүүлээд уулан дээрээ гараад ирчихсэн. Энэ хугацаанд  батлагдсан хуулиудыг эргээд харвал Үндсэн хууль бол маш зөв батлагдсан. Хувийн өмч, иргэнийхээ эрхийг дээдэлсэн их сайн хууль. Бусад хуулиуд шилжилтийн шинж чанартай байсныг одоо л бид ухаарч байна.

-Хөрөнгө оруулалтын хууль гэснээс энэ хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Үр дүн нь гарч байна уу?

-Хөрөнгө оруулалтын шинэ хууль батлагдсанаас хойш эхний гурван сарын хугацаанд 95 компани хөрөнгө оруулалтаа бүртгүүлсэн гэж байна лээ. Бодитой үнэлүүр гэж бодож байна. Хөрөнгө оруулалт ямар ч байсан зогсоогүй юм байна гэдгийг баталсан статистик. Өнөөдөр бидний хувьд ч зогсох тухай биш яаж нэмэгдүүлэх тухай ярьж байгаа.

-Сая та эдийн засаг чигийн хуулиуд шилжилтийн чанартай батлагдсан, одоо залруулж байна гэж хэллээ. Яагаад ийм хуулиуд батлагдчихав?

-Тухайн үед хууль боловсруулж байсан хүмүүстэй холбоотой. Тодруулж хэлбэл тэр хүмүүс ерэн оноос өмнөх системд ажиллаж боловсорсон улс. Одоо л бид хувийн өмч гэж юу байдаг, ямар аргаар ихэсгэх ёстой, менежментийг нь яаж сайжруулах учиртайг ухаж, зөв ойлголтууд авч байна. Шалтгааныг нь ингэж сайн мэдээгүй учраас боловсруулсан хуульд нь тусгалаа олоогүй хэрэг. Хуулийн концесс нь зөв гардаг ч яг бичихээрээ буруу бичдэг байсан гэсэн үг. Өмнөх системийн үед зөвшөөрөөгүй л бол хориглосон гэж ойлгодог байлаа. Харин одоо хуульд хориогүй л бол зөвшөөрсөн гэж ойлгох нийгэм. Гэтэл огт өөр ойлголтоор яваад байна л даа. Үүнийг өөрчлөхийн төлөө ажиллаж байна.

-Дан ганц сайн хууль хөрөнгө оруулалтыг шууд татах шалтгаан болохгүй байх. Бидний зүгээс өөр юунд анхаарах ёстой вэ?

-Стандарт. Гэхдээ Засгийн газраас баталдаг барилгын стандарт биш. Стандарт гэдгийг энгийнээр тодорхойлбол бизнесийн хэл л дээ. Хөрөнгө оруулагч, бизнесүүдийн олон улсын хэмжээнд харилцдаг хэлийг сурах хэрэгтэй. Тэрнийх нь дагуу ТЭЗҮ-гээ хийж, төслөө боловсруулж байж мөнгө босгоно. Хагас дутуу юм хийгээд мөнгө босгоно гэж байхгүй. Бид хөрөнгө мөнгөний төлөө дэлхийн бүх улстай өрсөлдөж байгаа.

-Тэгвэл дэлхийн стандартаар яваа салбар манайд байна уу?

-Банкууд байна. Дурын нэг нөхөр санаагаа цаасан дээр буулгаад зээл авъя гэвэл ямар ч банк өгөхгүй. Бизнес төлөвлөгөө, мөнгөний урсгал гээд бүх юмыг нь харж шалгасны үндсэн дээр зээлээ өгдөг. Үүнийг л бизнесийн салбарын стандарт гээд байгаа юм. Ийм түвшинд хүрч, үүнээс илүү гарч ажиллавал Монголд хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой.

-Дэлхийн стандартыг бий болгохын тулд хамгийн эхлээд хийх энгийн алхам гэвэл та юуг онцлох вэ?

-Эхлээд хариуцлагатай л байх ёстой. Өрсөлдөөнтэй орчинд байна гэдгээ мэдэрчих юм бол орчиндоо дасах явцад стандарт аяндаа бий болно. Монголын компаниуд та бид хоёрын яриад байгаа стандарт руу дөхөж яваа. Бүр гойд сайн компани ч байна. Олон улсын зах зээлээс өчнөөн сая доллар босгоод Монголдоо хөрөнгө оруулалт хийсэн компани “Эм Си Эс”-ээс эхлээд бий. Стандарт гэдэг цоо шинэ юм биш. Бизнес хийх арга барилаа улам сайжруулж байгаа хэрэг. Товчхондоо ойлгомжтой борлогдох бараа бүтээгдэхүүнийг аваачиж өгнө гэсэн үг. Оюу толгойд олон тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд байгаа нь ийм учиртай. Өрсөлдөөнтэй зах зээлд борлогдох бүтээгдэхүүн тэнд байна.

-Оюу толгой, Таван толгой зэрэг ашиглахаар болсон том ордууд дээрээ л төсөл хэрэгжүүлнэ, бусдыг нь хойч үедээ хадгална гэж ярих хүн шийдвэр гаргагчдын дунд ч бий. Энэ хэр зөв хандлага вэ?

-Ганцхан юм үйлдвэрлээд байвал тэр бүтээгдэхүүнийг удахгүй өөр хүн сайн хийдэг болчихно. Хэд хэдэн том төсөл эхлүүлбэл гарах үр дүн нь төдийчинээ их. Ялангуяа эдийн засгаа томруулах тухай ярьж байгаа энэ үед боломжтой гэсэн төсөл бүрийг эхлүүлж байж чанартай хэдэн төсөл гарна. Ганц биш хэд хэдэн Оюутолгойтой болж байж бид дэлхийд өрсөлдөнө.

-Дэлхийн эдийн засгийн чуулганы зүгээс “Эхлээд том төслүүдээ явуул, тэр төслүүдээсээ олсон мөнгөөр эдийн засгаа солонгоруул” гэсэн зөвлөгөөг манайханд өгсөн. Гэтэл Оюу толгой гэдэг хамгийн том төслийнхөө асуудлыг эцэслэн шийдээгүй л байна. Таны хэлсэн шиг хэд хэдэн Оюу толгойтой болохын тулд бид яах ёстой вэ?

-Мэдээж хамгийн том төслөө хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлж, байгуулсан гэрээгээ дагасан шиг дагаад төслөө босгоод ирвэл дараагийн том төслүүд араас нь гарч ирнэ. Хөрөнгө оруулсан хүнийхээ итгэлийг алдчихвал ахиад мөнгө авах нүүргүй болноо доо. Ямар ч бизнест ялгаагүй. Нэг удаа хулхидчихад л дараа нь итгэхээ больдог. Бизнесийн нэр хүндийн номер нэг зүйл нь түншээ хуурахгүй байх. Бид хүний төлөө юм хийгээгүй. Хөрөнгөө оруулах гээд байгаа хүн Монголтой Монголгүй амьдарна. Өөрсдийнхөө төлөө ажиллаж байгаа учраас манайд хөрөнгө оруулаач гэдэг үүднээс хандсан нь зөв гэж боддог.

-Эрдэс баялгийн салбар төрөөс барих бодлогын дараа гарах хуулиуд удаж байна гэсэн шүүмжлэл их байна?

орно, төр гарна гэдгийг бодлогоороо  тодорхойлчихлоо. Бодлого нь болж байна. Харин дараагийн асуудлыг нь Засгийн газар судалж эхэлсэн, удахгүй шийднэ гэж байна л даа. Гэхдээ цаг хугацаа биднийг хүлээхгүй. Монголын нэг төсөлд хөрөнгө оруулъя гэж бодож байсан хөрөнгө оруулагч хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн сургаар шийдээ хойшлуулж таарна. Шийдээ гаргахгүй удаад байхаар Австралийн нэг төсөлд мөнгөө хийчих магадлал өндөр.

-Уул уурхайн салбарт манай гол өрсөлдөгч гэвэл ямар орнууд байна. Сүүлд гэхэд манайхаас гарсан хөрөнгө оруулагчдын зарим нь Мьянмар, Мозамбик зэрэг баялагтай улс руу хөрөнгө оруулсан гэж дуулдсан?

-Зөвхөн уул уурхайн салбараар ярихад л Канад, Индонези, Орос, Өмнөд Африк, Австрали байна. Мьянмарын зах зээл манайхаас том, бас нөхцөл байдал нь ч илүү эерэг байгаа учраас хөрөнгөө оруулсан хэрэг. Нэг зүйлийг онцолж хэлэхэд гадны хөрөнгө оруулагчид энд хөрөнгөө оруулсан учраас Монгол дэлхийн зах зээлийн нэг хэсэг болсон. Тэд биднийг гаднаас ажиглаад сууж байна. Ийм үед хөрөнгө оруулалт муудсан нь чамаас болсон гэж бие биеэ буруутгах нь тийм ч зөв сигнал биш.

-Сая гэхэд эдийн засгийн чуулганы үеэр УИХ дахь АН, М АН- ын бүлгийн дарга нар нэлээд ширүүхэн муудалцсан. Жишээ нь энэ буруу дохио болсон уу?

-Энэ хоёр монгол таарахгүй байна шүү гэж бодох нь эрсдэлтэй. Зөрчилдсөөр байгаад миний оруулсан хөрөнгийг эрсдэлд хүргэх юм байна гэж бодох нь ойлгомжтой шүү дээ.

-Та Дэлхийн эдийн засгийн форумын залуу манлайлагчийн нэг болсон. Дэлхийн залуу манлайлагчид Дэлхийн эдийн засгийн форумын үйл ажиллагаанд ямар оролцоотой байдаг юм бол?

-Дэлхийн хамаг мундагчуул  жил бүр Давост цуглаад тухайн жилийнхээ дэлхийн эдийн засгийн талаараа хэлэлцүүлэг өрнүүлдэг гол талбар л даа. Энэ жил гэхэд л Монгол Улс Дэлхийн Эдийн засгийн форумын чухал сэдвийн нэг байсан. Тэр үеэр Монголын эдийн засгийн хөгжлийн зураглалыг танилцуулсан. Ерөнхийлөгч Монголоо төлөөлж эх орноо идэвхтэй байр сууринаас сурталчилж чадсан. Миний хувьд зургаан жилийн турш Дэлхийн эдийн засгийн форумын үйл ажиллагаануудад оролцох эрхтэй. Мэдээж Давосын чуулганд оролцоно. Дэлхийд шилдэг нь гэж үнэлэгдсэн олон хүний дунд орвол шинэ мэдээлэл, шинэ түнш олно, шинэ юм сурна гээд олон давуу тал бий.

-Бас Монголоо сурталчлах, эх орон руугаа хөрөнгө мөнгө татахад идэвхтэй нөлөөлж ажиллах байх?

-Мэдээж Монголд хэрэгтэй байгаа хөрөнгө оруулалтыг татахын төлөө чадах хэрээрээ ажиллана. Монгол хүн ямар ч үед эх орноосоо гараад л улсынхаа элчин сайд болдог гэсэн үг бий. Амьдралаа эргээд харахаар их олон жил Монголынхоо элчин сайдаар ажилласан байдаг шүү (инээв).

Би хорь гаруй наснаасаа хойш гадаадад олон жил ажилласан. Олон орны хүмүүсийн дунд “монгол хүн яг тантай адил стандартын дагуу ажилладаг шүү” гэдгийг харуулах гэж хичээдэг юм билээ. Зүтгээд ажиллаад байхад үнэлдэг гэдгийг ойлгож мэдэрсэн. Аль орны хүн байх нь хамаагүй стандартын дагуу ажлаа хийж чадаж байж л үнэлэгддэг. Монгол гэдэг нэр зүрхэнд байнга оршдог учраас цаг үргэлж яаж эднээс илүү гарах вэ гэж бодож ажилладаг байлаа.

-Одоо ямар төслүүд дээр ажиллаж байна?

-Хөрөнгө оруулалтын барилга, уурхайн төслүүд боловсруулж заримд нь хөрөнгө оруулалт хийгээд явж байна. Цаг хугацаа хүлээхгүй учраас орчиндоо зохицоод амьдрах л хэрэгтэй. Эдийн засаг хүнд байгаа. Энэ хүнд үеийг яаж ухаалгаар давах вэ гэдэг асуудал бий. Өнөөдөр Монголын компаниуд илүү зардал гаргахгүй, бүх юмаа хамгийн боломжит хэмжээнд барьж чадаж байна. Бэлтгэл сайн хийж байна гэсэн үг. Бэлтгэлээ сайн хийчихсэн учраас эдийн засаг сайжрангуут хурдан томроод хөгжөөд явах боломжтой.