Эдийн засагчид Монгол Улсын эдийн засгийг өвчилсөн гэж оношлов
Ам.долларын ханш нэмэгдсэн, монгол төгрөгийн худалдан авах чадвар суларсан, инфляцийг найман хувьд хатуу барих бодлогодоо Монголбанк хүрээгүй гэх зэрэг эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд таагүй байгаа талаархи мэдээллүүд сүүлийн үед хэвлэлээр эрчимтэй яригдаж байгаа.
2014 оны төсөвт ам.долларын ханшийг 1384 төгрөгт барих талаар тусгасан ч өнөөдөр нөхцөл байдал эсрэгээрээ байгаа.
Түүнчлэн гадаад худалдаанаас олдог орлого буурсан, дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унасан, эдийн засагт бодит дэмжлэг болох Тавантолгой компани өмнөх Засгийн газрын үед тавьсан өрөө төлж чадахгүй байгаа. Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт таатай бус гэх мэтээр эдийн засагт нөлөөлөх том, том асуудлуудад хүндрэл үүсээд байгаа нь нууц биш болжээ.
Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлээс харахад, эдийн засгийг тодорхойлдог гол үзүүлэлтүүд унасан байгаа юм.
Тухайлбал, “ДНБ-ийг 18.5 хувиар өснө” гэж төлөвлөж байсан бол гүйцэтгэлээр 11.5 хувьтай гарсан байна. Инфляцийг найман хувьд барина гэх гэгээн амлалт өгч байсан ч гүйцэтгэлээр 12.5 хувьтай гарсан ажээ. Мөн манай улсын зээлжих зэрэглэл буурч -В рүү оржээ. Харин одоо бид энэ бүхнээс хэрхэн гарах вэ гэдгээ төр засгийн хэмжээнд ярьж байгаа нь нууц биш.
Өдрөөр нэмэгдэж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт, нөөцгүй болчихоод байгаа А-92 бензин гэх мэт толгой өвтгөсөн олон асуудлыг даван гарахын тулд Засгийн газар, Монголбанк шат дараалсан олон арга хэмжээ авч байгаа ч энэ нь бодит ажил хэрэг болохдоо хойрго байна хэмээн эдийн засагчид дүгнэдэг. Төв банкны зүгээс ч “Ам.долларын ханш өссөнийг эдийн засаг хүндэрсэн гэж ойлгох нь өрөөсгөл. Удахгүй эдийн засаг сэргэнэ” гэх тайлбарыг удаа дараа өгч байгаа.
Тиймээс Монгол Улсын эдийн засаг яг одоо ямар байдалтай байгаа, цаашид бид ямар арга хэмжээ авах ёстой талаар ямар байр суурьтай байгааг энэ удаад хөндлөө.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:
-Нууж болохгүй ганц зүйл байдаг. Тэр нь эдийн засгийн даралт гэдгээр эрүүл мэнд. Тэгэхээр Монгол Улсын эдийн засаг “халуурч, хатгаа аваад, цэх сайхан явж чадахгүй, хөл нь доголж, өнхөрч, элгээрээ хэвтлээ”. Ам.долларын ханш 1800 төгрөгт тун удахгүй хүрэх гээд байна. Би шинэчлэлийн, манай АН-ын Засгийн газрын бодитой зүйлийг хэлье. Үнэхээр нөхдүүд валютын ханшийг барьж чадахгүй байна.
Энэ бол харамсалтай. Гол гол чухал бодлогоо зоригтой хэрэгжүүлэхгүй байна. Ер нь гаднаас өндөр хүүтэй зээл авч, бонд босгох буруу. Гэхдээ бид нэгэнт авсан. Харин мөнгө олдог, мега төсөлд зарцуулах ёстой байсан ч нийгмийн ач холбогдолтой зам тавьсан. Өөрөөр хэлбэл, тавдугаар цахилгаан станц, төмөр зам, нүүрсний зам, зэс хайлуулах үйлдвэр барьсан бол шууд эдийн засагт нөлөөлөх байсан. Гэтэл аль нь ч байхгүй, шүүрэн шанага шиг байгаад би харамсч байна.