Хувийн хэвшлийнхний ажлыг төр булааж байна гэв
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд
2014.03.17

Хувийн хэвшлийнхний ажлыг төр булааж байна гэв

УИХ-ын дэд дарга М.Энхболд санаачлан эдийн засагчид хийгээд бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж эдийн засгийн хүндрэлээс гарах арга замыг хайлаа.

Төрийн ордонд болсон тус хэлэлцүүлэгт, МАН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, бизнес эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцсон юм. Тэд засагт нүүрлээд буй бэрхшээл, тулгамдаж буй асуудлууд, хүндрэлээс хохирол багатай гарах гарцын талаар байр сууриа илэрхийлж байлаа.

МАН-ын дарга М.Энх­болд эдийн засгийн хүнд­рэлээс гарах гарцыг дараахь байдлаар то­дорхойлсон юм. Тэрээр "Эрх баригчдад нэгдсэн бодлого, төлөвлөгөө алга. Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн сайд нь эдийн засаг хямраагүй, зах зээл бүхнийг зохицуулна гээд яриад сууж байгаа нь хариуцлагагүй, ард түмэн, улс орныхоо өм­нө хүлээсэн үүргээ ухамсарлахгүй байгааг харуулж байна. Зөвхөн нэг жилийн дотор биз­несийн орчин хэрхэн хумигдсан талаар хэдэн жишээ хэлье.

Тухайлбал, 2012 онд 2878 аж ахуйн нэгж хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бол 2013 онд 839, уул уурхайн салбарт 470 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байсан бол 70 болж, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 4492 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол 926 болж тус тус буурчээ. Эдийн засаг хэрхэн хүндэрснийг товч дүгнэхэд байдал ийм л болж доройтоод байна" гэлээ.

Өнөөдрийн байдлаар улсын гадаад өр таван тэрбум 611 сая ам.доллар (10 их наяд 15 тэрбум) дээр Засгийн газрын дотоод өр нэг их наяд 920 тэрбум төгрөгийг нэмж тооцоход нийт 11 их наяд 935 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 68 хувийг даваад байгааг тэрээр дуулгасан. Харин хувийн хэвшлийн гадаад өрийг нэмж тооцвол Монгол Улсын гадаад өр 19 тэрбум 210 сая ам.доллар болж байна. Энэ их өр, зээлийн хүүг зөвхөн 10 хувь гэж бодоход нэг тэрбум 921 сая ам.доллар буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундаж ханшаар тооцоход гурван их наяд 265 тэрбум төгрөг болж байгаа нь ДНБ-ий 18.6 хувьтай тэнцэж байна. Тэгэхээр өнгөрсөн оны эдийн засгийн 11.7 хувийн өсөлт зөвхөн гадаад өрийн хүүний үйлчилгээг төлөхөд 6,9 хувиар дутаж байна гэдгийг ч мөн хэлсэн.

Харин Эдийн зас­гийн ухааны доктор Ч.Хашчулуун "Бодлогын хувьд эдийн засаг ТЭЦ-5, төмөр зам, Тавантолгой зэрэг нийтдээ 4-5 тэрбум ам.доллар буюу Оюу толгойгоос дутахгүй их хэмжээний хөрөнгө оруулалтыг бий болгох боломжтой байсан боловч гол хөрөнгө оруулалтын төслүүдийн ажил 2013 онд маш удаан, ахицгүй байгаагаас болж 2014 онд хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэх тө­лөвгүй байна. Энэ нь нийт эдийн засагт маш муугаар тусч байна" гэж байлаа. Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд хөгжлийн бодлого, төлөвлөгөөгөө батлуулж, хөрөнгө оруулалтын урс­галаа тогтмол, улс төрөөс хараат бус байдлаар байнга нэмэгдүүлж байхыг тэрээр санал болгов. Мөн бонд бол мөнгө босгох олон хэрэгслийн нэг л арга зам нь учир бондоос хэт их хараат байж болохгүйг сануулав.

Харин бизнес эрх­лэгчид төр засаг хувийн хэвшлийнхний хийх зүйлд хэт оролцож байгаад нь дургүйлхэж байв. Зам тавих, машин оруулж ирэхээс эхлээд бүх зүйл дээр хувийн хэвшлийг шахан зайлуулах гэсэн эргээд захиргаадалтын үе шиг ажиллаж эхэлснийг хэлж байлаа. Энэ мэтээр эхлүүлчихсэн том төслөө хурдан ажил хэрэг болгож үр шимийг нь хүртэхийн зэрэгцээ хувийн хэвшлийнхэнд чөдөр тушаа болохгүй, хувийн хэвшилтэйгээ төр нь уралдахгүй байхад л асуудал шийдэгдэнэ гэх хүн олон байлаа.