Сангийн сайд Ч.Улаан
2014.04.11

Ч.Улаан: УИХ-аас үндэсний аудитын газарт хоёр чиглэл өгсөн

“Ийгл” телевизийн Бадарчийн Жаргалмаатай ярилцахаар Сангийн сайд Ч.Улаан уригдан оролцлоо.

-     УИХ-ын хаврын чуулганы  хэлэлцэх гол асуудлуудын нэгд цагцаасан төсвийн асуудал. Өөрөөр хэлбэл  царцсан төсвийг хэрхэн,  яаж өрнүүлэх вэ гэдэг асуудал байгаа. Яг энэ тал дээр Сангийн сайдын хувьд ямар байдалтай байна?

Тэгэхээр 2014 оны Улсын төсвийг батлахад нэг хэсэг объектууд өртөг зардал нь их нэмэгдсэн. Олон жилээр сунжирч хэрэгжээд ашиглалтад ороогүй, удааширсан байдалтай байсан. Тийм учраас эдгээр объектуудын хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөх үүднээс Үндэсний аудитын газарт чиглэл өгч дүгнэлт гаргуулсан байгаа.

Энэ дүгнэлт гаргасан байдлыг харгалзан үзэж УИХ хөрөнгө оруулалтын жагсааллтыг нарийвчлан батлах учиртай. Тэгэхээр УИХ-аар энэ асуудал ойрын үед хэлэлцэгдэж ЗГ-т тодорхой чиглэл гарч ирнэ. Энэ чиглэлийн дагуу ЗГ төсвийн гуравдугаар хавсралтад тодорхой өөрчлөлт оруулах саналаа боловсруулж УИХ-аар шийдвэрлүүлэх учиртай.

Бүхэлдээ энэ ажил бол асар их хэмжээний бичиг цаас, цаг нар зарцуулсан нүсэр ажил болсон. Хамгийн гол нь энэ ажлын үр дүн бол ямар ч байсан хөрөнгө оруулалтын 240 гаруй объектуудын явцын талаар дэлгэрэнгүй ажлын явц байдлын талаар дүгнэлт  гаргаж байгаагаар ач холбогдолтой. Цаашдаа аливаа төслийн өртөг зардал хэт нэмэгдэх, магадгүй тэр хооронд янз бүрийн ашиг сонирхол орж болзошгүй байдлаас сэргийлэх, хугацаа удааширдаг (үргүй зардал гарах) энэ үүд хаалгыг хаахад сургамжтай ажил болно.

-      Тэгэхээр үндэсний аудитын газрын гаргасан дүгнэлтээр УИХ-ын гишүүд янз бүрийн байр суурь илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл үнэхээр аудитын шалгалт байж чадсангүй ч гэдэг юм уу, аудит шалгах ёстой байж шалгасангүй, зүгээр л энэ дүгнэлтийг өгсөн байна гэх зэргээр хэлж байсан. Энэ тал дээр та тайлбар хэлээч? Өөрөөр хэлбэл нийтдээ 81 төслийг 2015 онд хэрэгжүүлэхээр хойшлуулсан байх жишээтэй.

Би шууд аудитын дүгнэлт үүнийг харуулна гэж бодохгүй байна.

Ер нь УИХ-аас  үндэсний аудитын газарт хоёр чиглэлийг тодорхой зааж өгсөн. Нэгдүгээрт, өртөг зардал нэмэгдэж байгаа шалтгааныг тогтоох, Хоёрдугаарт, олон жилээр сунжирч, удааширсан шалтгааныг тогтоох. Энэхүү чиглэлийн хүрээнд үндэсний аудитын газар ажилласан байх. Энэ ажлын үр дүнд асар их мэдээлэлтэй боллоо. Харин тэр мэдээлэл дээр бид нэлээд ул суурьтай ажиллаж задлан шинжилгээ хийж, учир шалтгааныг тодруулах, түүнээсээ сургамж авч цаашдаа төр засгийн бодлогод тусгах зэрэг асуудлууд дээр ажиллах л үлдсэн.

-      МУ-ын Ерөнхий сайд авилгажсан төсөв гэж хэлсэн. Тэгэхээр авилгажсан төсөв байсан уу, үгүй юу гэдэгт  аудитын газар дүгнэлт гаргах ёстой байх. Энэ тал дээр та ямар бодолтой байна?

Би  шууд аудитын дүгнэлт үүнийг харуулна гэж бодохгүй байна. Нэгдүгээрт, тийм цаг хугацаа ч байгаагүй байх, нөгөө талаар УИХ-аас их тодорхой чиглэл өгчихсөн байгаа. Тэгэхээр тэр хоёр чиглэлийнхээ хүрээнд ажилласан. Одоо харин энэ дээрээ задлан шинжилгээ хийх учиртай.  Анх хэний саналаар энэ төсөл гарч ирээд, ямар үе шатыг дамжаад, өртөг зардал нь яаж өсөөд, ямар тооцоо хийгдээд, ямар шалтгаанаар энэ нь нэмэгдээд, ажил нь удаашраад, сунжраад хэний хариуцлагаас болсон юм бэ гэдэг бол дараачийн ажил. Задлан шинжилгээний үр дүнд энэ бүхэн гарах учиртай.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс....