Хамгийн гол нь зөв эхэлсэн ажлаа үр дүнтэй дуусгах нь бидний зорилго
Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан
2014.03.07

Хамгийн гол нь зөв эхэлсэн ажлаа үр дүнтэй дуусгах нь бидний зорилго

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хуралдаж Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “О,О” дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг тогтоох, гүйцэтгэл хэрэгжилтийн явц байдалд Үндэсний Аудитын газраас хийсэн дүгнэлт, тайланг сонслоо.

Гишүүдийн зүгээс тайланд хавсаргасан арван хүснэгтээс нэг нэг жишээ авч тухайн обьект яагаад дахин төлөвлөх шаардлагагүй, хойшлуулах, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх гэх мэт хүснэгтэд тавигдсан талаар болон хууль, дүрэм зөрчсөн гэж үзсэн 51 төрлийн 1034 зөрчлүүдийн талаар, түүнчлэн Байнгын хорооны тогтоолын төсөлд өгөх саналын талаар тодорхой тайлбар, мэдээлэл авахыг хүссэн юм.

Ингэснээр Үндэсний Аудитын газрын дэд дарга Б.Баттуяа, Ажлын хэсгээс хүснэгт бүрээс нэг обьект сонгон тайлбар өгсний зэрэгцээ тухайн обьектын талаар тодруулсан гишүүдийн асуултад хариулт өглөө. Үүний дараа Үндэсний Аудитын газраас хийсэн тайлантай холбогдуулан гишүүд санал хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан:

-Өнөөдөр бид маш чухал асуудал хэлэлцэж байгаа. 2011, 2012 оноос эхэлсэн гажуудлыг авч үзэж байна. Энэ бол хөөсөн эдийн засгийн үед бий болсон гажуудал. Дээрээс нь сонгууль ойртсон үеийн нөлөө байсан нь ойлгомжтой. Ингээд хөрөнгө оруулалтын хойноос үхэн хатан хөөцөлдөж байсны үр дагавар өнөөдөр гарч байна. Өнөөдрийн Байнгын хорооны хуралдаан энэ асуудлыг засах том алхам хийлээ. Хамгийн гол нь зөв эхэлсэн ажлаа цааш нь үр дүнтэй дуусгах нь бидний зорилго.

Орж ирсэн дүгнэлтээс 1, 2 дугаар жагсаалтыг нэгбүрчлэн авч үзэж дүгнэлт гаргах учиртай. Энэ бол цаашдаа үргэлжлэхээргүй зогсох обьект байгаа. Үүн дээр цаашид байгуулагдах Ажлын хэсэг нэлээд ажиллах хэрэгтэй.  3-ын “а” жагсаалтыг мөн нэгбүрчлэн авч үзэх ёстой. Энэ бол цаашид үргэлжлээд 2014 оны төсөвт тусгах обьект байгаа.  3-р жагсаалтад 107 обьект 410 тэрбум төгрөг байна. 3-ын “а”-гийн хавсралтад 37 обьект 80 тэрбум төгрөг байна. Нийт дүнгээр нь авч үзвэл 500 тэрбум төгрөгийн өртөгтэй обьект яригдаж байна.

Төсөв дээр 139 тэрбум төгрөг л дүнгээрээ суусан байгаа. Иймээс үүнийг нэгбүрчлэн авч үзэж маш сайн эрэмблэх учиртай. Үндэсний Аудитын газрын гаргасан эрэмблэл дотор 2014 онд үргэлжлээд ашиглалтад орох боломжтой 37 төсөл буюу 70 тэрбум төгрөгийн обьект байна гэж гаргаж ирж байгаа. Энэ бол шууд автоматаар 2014 оны төсөвт суух ёстой. Үүний цаана төсөвлөгдсөн төсвөөс 60 тэрбум төгрөг үлдэж байна. Үүний дотор энэ онд эхлээд цаад талын хугацаа 2015 онд ашиглалтад орох нэн шаардлагатай обьектыг шүүж авах байх. Үүн дээр мөн Ажлын хэсэг сайн ажиллах хэрэгтэй. Түүнчлэн цаана нь үлдэх обьектуудын жагсаалтыг гаргаж эзэнтэй болгож дуусгах шаардлагатай. Үүний дараа хувьчлах, худалдах ажлыг залгуулаад зохион байгуулах хэрэгтэй.

Хуралдаанаар 2014 оны Төсвийн тодотголыг боловсруулахад Улсын Их Хурлаас Засгийн газарт үүрэг өгөх, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах Байнгын хорооны Ажлын хэсэг байгуулахаар тогтлоо.