Төсвийн байнгын хороо Үндэсний Аудитын газрын тайланг сонслоо
Үндэсний Аудитын газраас хийсэн дүгнэлт, тайланг сонслоо.
2014.03.07

Төсвийн байнгын хороо Үндэсний Аудитын газрын тайланг сонслоо

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хуралдаж Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “О,О” дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг тогтоох, гүйцэтгэл хэрэгжилтийн явц байдалд Үндэсний Аудитын газраас хийсэн дүгнэлт, тайланг сонслоо.

Аудитын тухай шинэ хуулиар Төсвийн байнгын хороо Улсын Их Хурлын захиалгат шалгалтуудын тайлан, дүнг сонсож шийдвэр гаргадаг болсон. Энэ удаагийн Байнгын хорооны хуралдаан энэ хүрээнд  анхны хуралдаанаа хийж байгааг  тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хуралдааны эхэнд тодотгосон юм.

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “О,О” дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг тогтоох, гүйцэтгэл хэрэгжилтийн явц байдалд Үндэсний Аудитын газраас хийсэн тайланг Үндэсний Аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий Аудитор А.Зангад танилцууллаа. Тэрээр танилцуулгадаа дүн шинжилгээнд хамрагдсан төсөл, арга хэмжээг цаашид хэрэгжүүлэх талаар болон гүйцэтгэл удааширсан, төсөвт өртөг нэмэгдсэн шалтгаан, цаашид авах арга хэмжээний талаарх танилцуулгыг хийлээ.

Танилцуулгад дурдагдсанаар, дүн шинжилгээнд хамрагдсан 272 төсөл, арга хэмжээнээс 518.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 146 төсөл, арга хэмжээ 2014 оны төсвийн тухай хуулийн хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгаж хэрэгжүүлэх боломжтой. Үүнээс 79.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 37 обьект 2014 онд ашиглалтад орох боломжтой байна.

Улсын Их Хурлын 2013 оны 63 дугаар тогтоолын 1.5 дахь заалтын дагуу санхүүжилтийн эх үүсвэрийг Хөгжлийн банкаар дамжуулан шийдвэрлэх шаардлагатай 121.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий зам, гүүрийн 15 төсөл, Төсвийн болон Барилгын тухай хуульд заасан шаардлагыг хангаж зураг төсөв, техникийн нөхцөл бэлэн болгосны үндсэн дээр 2015 оны төсвийн тухай хуульд тусгах боломжтой 81 төсөл, арга хэмжээ байна.

2015 оны төсвийн тухай хуульд тусгах боломжтой 81 төсөл, арга хэмжээ байна.

Мөн дүн шинжилгээнд хамрагдсан төсөл, арга хэмжээнд улсын төсвөөс санхүүжилт төлөвлөх шаардлагагүй нийт 24.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 23 обьект байна. Дүн шинжилгээнд хамрагдсан төсөл, арга хэмжээнээс 58.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 7 обьект зориулалтыг өөрчилж, худалдах замаар улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийг нөхөн төвлөрүүлэх асуудлыг судалж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх шаардлагатай.

Хөрөнгө оруулалтыг төлөвлөх, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, хянаж баталгаажуулах, техникийн нөхцөл хангах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, барилга обьектыг барьж ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих зэрэг хөрөнгө оруулалтыг эзэмших бүх үе шатанд нэгдсэн бодлого зохицуулалтгүй, мөрдөж буй хууль, журам, стандартууд уялдаа холбоогүй байгаагийн зэрэгцээ захиалагч, гүйцэтгэгч, зураг төсвийн болон холбогдох мэргэжлийн байгууллагууд, төрийн албан хаагчдын ажил хариуцах чадвар, хариуцлага сул, хууль журам мөрддөггүй, хяналт тавьж хариуцлага тооцдоггүй байдал давамгайлж ужгирсан нь хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэл удаашрах үндсэн шалтгаан болж байна.

Дүн шинжилгээний аудитын дүнд илэрч бүртгэгдсэн хууль, журам, гэрээний зөрчлүүд нь ажил хариуцсан төрийн албан хаагчид, байгууллагуудын санаачилга, мэргэжлийн ур чадвар, гүйцэтгэлийн сахилга бат, хариуцлагатай холбоотой учир Засгийн газар тодорхой дүгнэлт хийж холбогдох арга хэмжээ авах шаардлагатай. Түүнчлэн барилгын төсвийн, гэрээний болон санхүүжилтийн тогтолцоонд барилга обьектуудыг хуульд заасан хугацаанд нь төсөвт өртгийг нэмэгдүүлэхгүйгээр барьж дуусгахыг урамшуулсан хөшүүрэг, зохицуулалт, үнэлгээ, хариуцлагын механизм байхгүй нь төсөл, арга хэмжээний гүйцэтгэх хугацаа удаашрах, төсөвт өртөг нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж байна.

Засгийн газрын 2010 оны 336, 2012 оны 109 дүгээр тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 210, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 263, 18, 181 дүгээр тушаалуудаар барилгын төсөвт өртгийг нэмэгдүүлэх шийдвэр гарч хэрэгжсэн нь төсөл, арга хэмжээний төсөвт өртөг их хэмжээгээр нэмэгдэх бас нэг гол шалтгаан болсон байна. Үүний дотор Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 18, 181 дүгээр тушаалаар батлагдсан шийдвэрүүд нь 2013 оноос эхлэн барилга обьектын төсөвт өртгийг ихээхэн хэмжээгээр өсгөж цаашид улсын төсвийн ачааллыг нэмэгдүүлэхээр байгаа тул дээрх тушаалуудыг Засгийн газрын түвшинд хянан үзэж, оновчтой шийдвэр гаргах шаардлагатай гэж үзэж байна.

Мөн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалаар баталсан “Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм”, “Барилгын төсөв зохиох дүрэм”, түүнчлэн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалт болон санхүүжүүлэх, хяналт тавих журмыг барилга обьектийг хуульд заасан хугацаанд нь төсөвт өртгийг нэмэгдүүлэхгүйгээр барьж дуусгахыг урамшуулсан эдийн засгийн хөшүүрэг, зохицуулалт, үнэлгээ хариуцлагын механизм бий болгох чиглэлээр шинэчлэн боловсруулж хуулийн зохицуулалтын түвшинд шийдвэрлэх шаардлагатай байна гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Н.Номтойбаяр, Ц.Цолмон, З.Энхболд, Д.Эрдэнэбаяр, Ч.Улаан, Б.Болор, С.Дэмбэрэл нарын  тавьсан асуултад Үндэсний Аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий Аудитор А.Зангад, дэд дарга Б.Баттуяа болон Ажлын хэсгийн гишүүд хариулт өгөв.

Гишүүдийн зүгээс тайланд хавсаргасан арван хүснэгтээс нэг нэг жишээ авч тухайн обьект яагаад дахин төлөвлөх шаардлагагүй, хойшлуулах, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх гэх мэт хүснэгтэд тавигдсан талаар болон хууль, дүрэм зөрчсөн гэж үзсэн 51 төрлийн 1034 зөрчлүүдийн талаар, түүнчлэн Байнгын хорооны тогтоолын төсөлд өгөх саналын талаар тодорхой тайлбар, мэдээлэл авахыг хүссэн юм. Ингэснээр Үндэсний Аудитын газрын дэд дарга Б.Баттуяа, Ажлын хэсгээс хүснэгт бүрээс нэг обьект сонгон тайлбар өгсний зэрэгцээ тухайн обьектын талаар тодруулсан гишүүдийн асуултад хариулт өглөө. Үүний дараа Үндэсний Аудитын газраас хийсэн тайлантай холбогдуулан гишүүд санал хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар:

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар

- Аливаа обьектын техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаа, зураг төсөв нь тодорхой байж улсын төсвийг баталдаг. Үүнийг Засгийн газар, яамдаас оруулж ирэхдээ гуйлгаар юмуу ямар нэгэн байдлаар ямар ч зураг, төсөвгүй оруулж ирээд араас нь зураг төсвөө бариад явдаг утгагүй зүйлийг бий болгосон. Дараа ийм алдаа гаргахгүй байх асуудалд Үндэсний Аудитын газар анхаарах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг бол эрэлт хэрэгцээний дээдийн дээд зүйл. 40 сургууль, цэцэрлэгийн барилга хойшлогдох гэж байна. Үүнийг эргэж харж үзээд Ажлын хэсэг гаргаж цааш нь явуулах боломжийг анхаарч үзээч. Харин эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг ойрын үед ярилцах хэрэгтэй.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт:

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт

- Буруутанг хувийн хэвшил рүү хандуулах гэж байна. Миний хувьд хувийн хэвшлийг буруутай гэж үзэхгүй. Буруутай эздүүд нь бид өөрсдөө. Улсын Их Хурал, Засгийн газар бодлогоо зөв тодорхойлдоггүй, бодлого гаргадаггүй, гаргасан бодлогоо хэрэгжүүлдэггүй. Хэрэгжилтэд хяналт тавьдаггүй. Үүнээс болж өнөөдөр үүсч байгаа алдаа дутагдал бий болсон. Тиймээс үүнийг эргэж харья. Засгийн газар дөрвөн жилийн төлөвлөгөө баталдаг. Үүнийгээ эргэж хардаггүй. Жил жилд улсын төсөв баталж байна гээд өөр өөр юм оруулж ирдэг. Адилхан хоёр сургуулийн барилгын 1 мкв-ийн үнийн зөрүү яагаад найм дахин зөрүүтэй байдаг юм бэ. Энэ асуудлыг бид ярих ёстой.