Эх орны хишигт 23.2 тэрбум төгрөг заржээ
Эх орны хишигт 226.8 мянган иргэнд 23.2 тэрбум төгрөгийг өгчээ
2013.12.16

Эх орны хишигт 23.2 тэрбум төгрөг заржээ

Үндэсний статистикийн хорооноос оны эхний 11 сарын мэдээллийг гаргасан билээ. Энэхүү мэдээллийн зарим хэсгийг дэлгэрэнгүй хүргэе.

Өрхийн нийгэм, эдийн засгийн энэ оны гуравдугаар улирлын судалгааны дүнгээр нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 868.4 мянган төгрөг болж өмнөх оноос  14.7 хувиар нэмэгдсэн байна.

Мөн “Хүний хөгжил” сангаас энэ оны эхний 11 сард 18 хүртэлх насны 948.6 мянган хүүхдэд 208.3 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд, 226.8 мянган иргэнд 23.2 тэрбум төгрөгийг 21 мянган төгрөгийн хишиг хувьд, 5.4 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 4.2 тэрбум төгрөгийг 1 сая төгрөгийн хишиг хувьд зориулан олгожээ.

Мөнгөний нийлүүлэлт 29.5 хувиар өсөв

Мөнгөний нийлүүлэлт дээрх хугацаанд 9108.7 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 29.5 хувиар өсжээ. Харин гүйлгээнд байгаа бэлэн мөнгө өнгөрсөн сарын эцэст 803.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 11.3 хувиар нэмэгдсэн байна.

Нэгдсэн төсвийн урсгал орлого энэ оны эхний 11 сарын байдлаар 4959.9 тэрбум төгрөг, урсгал зардал 3910.5 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 1049.4 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.