Ч.Улаан: Ирэх оны төсөвт нэг ч татвар нэмээгүй
Ирэх 2014 оны улсын төсвийг яаруу сандруу баталсан нь түүхий болсон гэх шүүмжлэл дагуулаад байгаа билээ.
Харин төсөв дээр тулж ажилласан хүмүүс ам сайтай байсан билээ. Тэгвэл Сангийн сайд Н.Улаан өчигдөр төсвийн задаргааны талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр юун түрүүнд ирэх оны төсвийг маш сайн, амьдралд ойрхон төсөв болсон гэж тодотгов. Гэхдээ цаашдаа анхаарах олон зүйл байгааг дурдлаа. Хөгжлийн хөрөнгө оруулалтгүй бол хичнээн амьдралд ойрхон төсөв баталсан ч бахь байдгаараа үлдэх болно гэлээ.
Ч.Улаан сайд төсвийн талаар ярихдаа "Тоо, бодлого хоёрыг уялдуулсан бодитой төсөв баталж чадлаа. 2014 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 6.8 их наяд, зарлага 7.2 их наядаар батлагдсан. Гэхдээ сүүлийн арван жилд төсвийн зарлага 11 дахин өссөн байна. Жилд нэг дахин өсөлттэй явсан гэсэн үг. Тиймээс ирэх жилийн төсвийг нэлээд танаж, хассан.
Гэхдээ өрийг ДНБ-ий 40 хувьтай тэнцэхээр баталлаа гээд зүгээр суух ёсгүй. Ирэх жилийн төсөвт танаж болох бүх зардлаа танаж, олж болох бүх орлогоо олохын төлөө ажиллана. Татвар бүрдүүлэлтээ сайжруулна гэсэн үг. Төсвийн мөнгийг үрж байгаа аж ахуйн нэгж, Засгийн газрын яам, агентлагууд нэг төгрөгийн орлого, зарлагыг тооцоод явна" гэлээ.
Өнөө жилийн хувьд орон нутагт төсөв зарцуулах эрхийг өгсөн. Ингэснээр төсвийн төвлөрөл тодорхой хэмжээгээр багасна гэж тооцоолжээ. Өнөөдрийн байдлаар таван аймгаас бусад нь төсвөө баталжээ. Тэдгээр таван аймгийн хувьд дотоод асуудлаасаа болоод төсвөө баталж чадахгүй байгаа гэдгийг Сангийн сайд тайлбарлав. Ирэх жилийн төсвийн бас нэг онцлог нь орлого нэмэгдүүлэхдээ нэг ч төрлийн татварыг шинээр бий болгоогүй гэнэ.
Зарим хэвлэлүүдээр дээр мэдээлээд байсан шиг шинээр 17 төрлийн татвар авахаар болсон гэдэг нь бүр ч худлаа гэж Ч.Улаан сайд ам гарсан. Харин татварын тогтвортой орчинг бүрдүүлж, НӨАТ-ыг буцаан олгох ч юм уу, татвар төлөгчдөд хандсан таатай бодлогыг хэрэгжүүлж эдийн засгийн бааз сууриа өргөтгөх чиглэлийг барьж ажиллана гэлээ.