Ц.Даваасүрэн: Төсвөө батлаагүй 2-3 аймаг байгаа
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2013.12.13

Ц.Даваасүрэн: Төсвөө батлаагүй 2-3 аймаг байгаа

Сангийн яамнаас “Одоог хүртэл төсвөө баталж чадаагүй таван аймаг байна. Хэрвээ төсвөө баталж чадахгүй бол үйл ажиллагааны зардал, тодруулбал ажилчдын цалин, дулаан, цахилгааны санхүүжилтийг нь өгөөд бусад зардлыг тэглэхээс өөр аргагүй болно” гэж мэдээлсэн.

Засаг даргын асуудал нь маргаантай байгаа Дорнод, Дундговь, Говь-Алтай, Хөвсгөл зэрэг аймагт төсөв батлахтай холбоотой хүндрэл гарсан аж.

Дорнод аймгийн хувьд Засаг дарга нь өвчтэй байгаа учраас орлогч дарга нь үүрэг гүйцэтгэж байгаа. Улмаар ЗДТГ нь төсвөө боловсруулж иргэдээр хэлэлцүүлээд ИТХ-даа өргөн барих гэхээр аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн мэдээлэл бий.

Мөн Хөвсгөл аймгийн ИТХ-ынхан өнгөрсөн долоо хоногт Засаг даргаа сонгомогцоо төсвөө санд мэнд баталсан байна. Аймгуудын хувьд төсвөө батлахдаа иргэдээрээ хэлэлцүүлсэн байх учиртай юм.

Энэ талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс тодруулсан юм.

-Аймгууд ирэх оны төсвөө баталж ерөнхийдөө дуусч байгаа. Харин Төсвийн тухай хуулийн дагуу иргэдийнхээ саналыг төсөвтөө тусгаж чадсан болов уу?

-Сангийн яаманд орон нутгийн төсвийг батлах, Төсвийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагааг нь зохион байгуулах талаар бид тодорхой чиглэл хэлсэн байгаа. Шинэчлэн баталсан Төсвийн тухай хуулиар орон нутгийн төсвийг иргэдээсээ саналыг нь асууж байж батлах ёстой. Тиймээс хэлэлцүүлгийг зөв хийгээсэй гэж хүсэж байгаа.

Нөгөө талаасаа иргэд орон нутгийн төсвийг батлах, төсөвт саналаа өгөх асуудалд идэвхитэй оролцох хэрэгтэй. Иргэд нь энэ ажилд идэвхитэй оролцохгүй, аймаг, орон нутгийн удирдлагууд нь 20-30 хүн суулгачихаад “Хэлэлцүүлэг хийлээ. Ард түмний саналыг авсан” гэж хэлдэг байдал ажиглагдсан. Гэхдээ тийм зүйлийг гаргахгүйн тулд, хуулийнхаа хэрэгжилтийг бодитой байлгахад анхаараарай гэсэн ийм л зарчмаар хандаж байгаа.

-Төсвөө баталж чадаагүй таван аймаг бий гэсэн мэдээллийг Сангийн сайд Ч.Улаан өгч байсан. Одоо хүртэл баталж чадахгүй байсаар байна уу?

-Төсвөө баталж чадаагүй байгаа 2-3 аймаг байна.

-Яг аль аймгууд юм бэ?

-Яг одоо аймгийн Засаг даргын асуудал нь маргаантай байгаа аймгууд төсвөө баталж чадахгүй байх шиг байна. Гэхдээ эцсийн мэдээллийг бол аваагүй.