УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.02.25

Ц.Даваасүрэн: Төсөвт тодотгол хийгдэхгүй, Царцаагдсан барилгын хөрөнгө оруулалтад зохицуулалт хийнэ

ТВ9 телевизийн “Тодруулга” булангийн зочноор Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн оролцлоо.

- Хаврын чуулганы эхэнд төсвийн тодотголыг хийхээр тусгасан байгаа. Ямар ямар асуудлыг оруулж хэлэлцүүлэх вэ?

Тодотгол хийх асуудлыг 2014 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж батлах үед намрын чуулганаар шийдвэрлэсэн байсан. Тодотгол гэдэг нь өнөөдрийн хийгдэх төсвийн өөрчлөлтөд нийцэхгүй байгаа. Одоогоор яригдаж байгаа зүйл бол төсвийн хуульд өөрчлөлт хийх юм. Тэрнээс орлого, зарлага өөрчлөгдөх зүйл байхгүй. Төвийн тодотгол гэдэг маань өөрөө төсвийн тухай хууль, төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар ДНБ-ны таван хувьтай төсвийн алдагдал тэнцсэн тохиолдолд тодотгол хийнэ гэсэн хуультай.

Энэ агуулгаар бол хийгдэхгүй. 240 обьектыг бид намрын чуулганаар тэг үлдэгдэлтэй авсан. Учир нь он дамжин удааширч, үнэ өртөг нь хэд дахин нэмсэн учир зайлшгүй шалгах шаардлагатай байгаа. Тиймээс ажлыг эхлүүлэхийн өмнө эхний улиралд багтаан аудитын дүгнэлт гаргуулахаар өгсөн. Аудитын дүгнэлт эхний хоёр сард гараад дуусна. Тэгээд гурван сараас байнгын хороогоор  хэлэлцээд хаврын чуулган эхлэхэд 243 обьектоос алийг нь санхүүжүүлэх вэ гэдгийг шийдэх юм. Өөрөөр хэлбэл 243 обьект төсөвт тэг үлдэгдэлтэй байгаа.

2014 оны төсөвт 240 гаруй тэрбум төгрөгийг цалин тэтгэврийн мэдэлд суулгасан. Нэгэнт суулгасан мөнгийг хуваарилаад хэзээ олгох вэ гэдэг нь хариуцсан сайдуудын хүрээнд шийдэгдэх асуудал.

Сангийн сайдын багцад 200 тэрбум байгаа. Тэрийг сайд сайдын багцад нь хуваарилж өгөх юм. Төсөв дотроо л өөрчлөлт хийгдэж байна гэсэн үг л дээ. Тэрнээс биш төсвийн орлого, зарлагад өөрчлөлт орж төсвийн тодотгол хийх хэмжээнд ажил хийгдэхгүй. Зөвхөн хөрөнгө оруулалтын хүрээнд өөрчлөлтүүд хийнэ.

- Зарим улс төрчдийн тодорхойлж байгаагаар төсвийн тодотголоор цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийг шийдвэрлэнэ. Царцаагдсан барилга байшингийн асуудлыг нэг тийш болгоно гэж мэдэгдэж байсан?

Царцаагдсан барилга байшингийн асуудлыг л нэг тийш нь болгож цэгцэлнэ. Тэрнээс биш өөр өөрчлөлт хийхгүй.

- Сөрөг хүчний зарим улс төрчид төсвийн тодотголыг нэг бус удаа хийх шаардлага тулгараад байгаа гэж мэдээлсэн?

Ямар тохиолдолд ийм нөхцөл үүсэх вэ гэдэг чухал. Бидний тооцсон  төсвийн алдагдал хоёр хувьтай тэнцүү байгаа. Энэ нэмэгдэж таван хувьд хүрэх үед л төсвийн тодотгол хийгдэнэ. Тийм нөхцөл үүснэ гэдгийг ямар судалгаагаар хэн хийгээд байгааг мэдэх юм алга. Одоо бол зайлшгүй хөрөнгө оруулалтын царцаагдсан барилгын төсөв, мөнгөн дүнг тавих хэмжээнд л төсвийн хуульд зохицуулалт хийгдэнэ.

- Иргэдээс төсвийн тодотголтой холбоотой цалин нэмэх болов уу гэсэн хүлээлт байна?

2014 оны төсөвт 240 гаруй тэрбум төгрөгийг цалин тэтгэврийн мэдэлд суулгасан. Нэгэнт суулгасан мөнгийг хуваарилаад хэзээ олгох вэ гэдэг нь хариуцсан сайдуудын хүрээнд шийдэгдэх асуудал. Энэ бол төсвийн хуваарийн хүрээнд л зохицуулагдана. Заавал тодотгол хийж шийдвэрлэх асуудал биш.