Мөнгө үргээдэг биш мөнгө татагч улс болохыг бизнес эрхлэгчид уриаллаа
Мөнгө үрээдэг биш мөнгө татагч улс болохыг бизнес эрхлэгчид уриа
2014.04.08

Мөнгө үргээдэг биш мөнгө татагч улс болохыг бизнес эрхлэгчид уриаллаа

Монголын бизнес эрхлэгчдийн форумд оролцсон эдийн засагчид, бизнес эрхлэгчдээс уриалга гаргасан байна. Түүнийгээ “Туушин'’ зочид буудлын “Сүлд” танхимд сэтгүүлчдэд танилцуулсан юм.

 Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхан “Эдийн засгийн форум гэдэг бизнес эрхлэгчид саналаа нэгтгэдэг индэр” гэж онцлоод, “Эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд хувьсгал ярихаасаа стандарт, хариуцлагын асуудлыг нухацтай хөндсөн” хэмээн оршил хийв. Түүний стандарт, хариуцлага гэсэн үгнүүд засагт гэхээсээ бизнес эрхлэгчдэд хандсан байлаа. “Монгол хүн Монголын бизнес хариуцлагатай байх учиртай.

Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад ажлын байр бий болгох ёстой. Ажлын байр бий болгохын тулд маш олон үйлдвэрлэл, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх учиртай. Хөрөнгө оруулалтыг татахад зах зээлээс итгэл татах шаардлагатай. Стандарт мөрдсөнөөр итгэл татна. Гэхдээ стандарт гэдэг нь Стандартчлал хэмжил зүйн төвийн ярьдаг стандарт биш. Олон улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа инженерийн болоод санхүүгийн стандарт юм

Монгол компаниуд зөвхөн Монголдоо биш өрсөлдөөнт зах зээлд гарна. Олон улсад хэрэглэгдэж байгаа стандартыг мөрдөхгүй бол манай төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулахаар ойлгодоггүй. Хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрсөн бизнесийн үйл ажиллагааны хэв маягийг стандарт гэж хэлээд байгаа юм.

Манай компаниуд улсаас мөнгө  өгнө, 888 төсөл санхүүжүүлнэ гэхээр дуртай нэг нь өөрийн санаагаа тулгаад байдаг. TЭЗY  хийсэн үү гэхээр “Юу яриад байгаа юм” гэдэг буруу зуршилтай. Судалгаа шинжилгээгүй,  үндэслэлгүй төслүүдэд мөнгөө хийснээс үүдээд төсвийн үрэлгэн байдал яригдаад байгаа. Үүнтэй ижил ойлголт. Мон­гол компаниуд гэрээ байгуулаад түүнийгээ ягштал мөрдөхгүй, мөнгөө авахаараа Засгийн газраасаа авахуулаад гэрээгээ мурих гээд байдаг муу зуршилтай” хэмээн тэр тайлбарласан.

Олон улсад хэрэглэгдэж байгаа стандартыг мөрдөхгүй бол манай төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулахаар ойлгодоггүй.

Татварын орчин ойлгомжтой байх учиртай, татвараар дарамтлахаа боль гэсэн мессежийг Зас­гийн газарт байнга өгч байгаа гэв. Татварын орчин ямар байх талаар  “Урбанек” компанийн захирал Б.Лхагважавт хэлэх үг зөндөө байлаа. Тэрбээр эдийн засгийн форумын татварын сэдвийг чиглүүлэгчээр ажилласан юм. “Аж ахуйн нэгж ашгийн төлөө  явдаг гэж тодорхойлдог. Энэ бол маш буруу. Орчин үеийн компаниуд бол ажлын байр, цалингийн сангаа тогтмол байлгахын төлөө тасралтгүй хөдөлмөрлөдөг гэсэн концепцитой явж байгаа.

Хямралын үед жишээ нь Ухаа худагт мянган хүн ажилгүй болоход тухайн аж ахуйн нэгжид төрөөс хөнгөлөлт үзүүлж болно. Аж ахуйн орлогын албан татвараас нь хөнгөлөх уян хатан бодлого барих нь чухал. Ийм уян хатан хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлого манай Татварын хуульд байдаггүй. Эдийн засгийн форумын үеэр би нэг л юм хэлээд байгаа.

Татварын хуульд байгаа тоонуудаа инфляцитай уяачээ гэж. Аж ахуйн нэгжийн татвар ногдох орлого нь гурван тэрбумаас доош бол арван хувийн татвар төлдөг юм, гурван тэрбумаас дээш бол 25 хувийн татвар төлдөг. Энэ маань 2006 онд баталж байсан хууль. Гэтэл энэ босгыг өндөрсгөж, татвар ногдох орлогыг доод тал нь 6 тэрбум болгохгүй бол зөвхөн инфляциас болоод аж ахуйн нэгж өндөр татвар төлөгч болчихдог гэлээ.

Өнөөдрийн зорилго шинээр брэнд хийхээсээ илүү 73 мянган компаниа хүнд үед авч үлдэх нь гол. Зуд турхан болдог шиг явц өнөөдөртөө болоод байна. Доллар өсөөд зургаа долоон cap болж байна. Энэ хүнд үед ч аж ахуй эрхлэгчид гомдоллохгүй тэвчээд байгаа биз. Өнгөрсөн жил бараг бух компаниуд 30 хувь шатсан шүү дээ. Яагаад гоншигнохгүй байна гэвэл бид энэ хүнд үеийг ойлгож байна.

Нийтээрээ л ийм байна. Эндээс цааш явах хүсэл тэмүүллийг маань өгөөч. Итгэл найдвар өгөөч гээд байгаа юм. Ил тодын хууль гаргачихаач. Татварын хууль дахь тоонуудаа сольчихооч гэдэг нь бизнес эрхэлж баялаг бүтээж бай­гаа 73 мянган аж ахуйн нэгжээ дэмжих бодлого. Одоо бол нэг хэсгийг нь дэмжээд, нөгөө хэсгийг нь хаадаг тийм цамаан үе биш ээ. Энэ хүнд үед ядаж улсаараа үлдэх нь гол гэж тэр сануулсан юм.

-Эх баригчдын алдаатай бод­лого хямралд хүргэлээ гэсэн шүүмжлэл өрнөөд байгаа. Гол нь юундтөвлөрөөч гэжшийдвэр гаргагчдаас хүсээд байна вэ. Бизнес эрхлэгчид хамтраад лообийдоод эрх баригчдад нөлөөлөх шахалт үзүүлэх боломж байна уу хэмээн лавлахад:

-Тэртэй тэргүй  төр гэдэг  нийтийн сайн сайхны төлөө байгууламж. Бизнес эрхэлж байгаа хүн ч нийтийн сайн сайхны төлөө л ажиллаж байгаа. Бид 2006 онд татварын дөрвөн арвын бодлого, хоёр янзын Татварын өршөөлийн хууль гаргаад 2009 оны хямралыг давж гарсан шуу. Үүнийг төрийн сангийн бодлогоор давж гарсан. Энэ сангийн бодлогоо дахиад нэг хэрэглээч ээ, Санхүүгийн өршөө­лийн хууль буюу Ил тодын хууль гаргаад, энэ аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийг шинээр хийж авбал хүмүүст урам зориг өгөх гээд байна.

Өнөөдөр жижиг бизнесүүд яагаад хумигдаад байна гэвэл 2007-2008 онд гарсан хоёр янзын татварын өршөөлийн хуулийг зөвхөн томчууд нь хэрэглэсэн. Жижиг, дунд нь хэрэглэж чадаагүй  учраас зах зээлээс улам шахагдаад байгаа гэж тэр тайлбарлав.

“Голомт” банкны гүйцэтгэх захирал Г.Ганболд “Засгийн газар гол нэрийн бүтээгдэхүүнүүд дээр үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Экспортын орлого бий болгох, өртөг бий болгох салбартаа тогтворжуулалтын бод­логоо үргэлжлүүлэх хэрэгтэй. 25-30 мянган орон сууц бий болгоход найман хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай моргейжийн хөтөлбөр ач холбогдолтой” гэсэн юм. Түүнээс энэ сэдвээр тодруулав.

-Моргейжийн зээлийн санхүүжилтзогсох  вий гэсэн болгоомжлол  хүмүүст байна. Цаашид энэ санхүүжилтийг тасралтгүй үргэлжлүүлэх ирээдүй байгаа юу?

-Ер нь энэ бол сайн бодсон схем. Моргейж гэдэг бол санхүүгийн бүтээгдэхүүн. Моргейжийн зээл банкны системд хамгийн бага эрсдэлтэй, хамгийн чанартай зээл байдаг. Системийн хэмжээнд миний санаж байгаагаар бараг нэг их наяд орчмын моргейжийн зээл байгаа. Гэтэл зээлийн чанарын хувьд 99,5 хувьтай. Монгол хүн амьдарч байгаа орон байраа ямар ч тохиолдолд зээлийн өрөнд хураалгахгүй байх хариуцлагыг өөртөө хүлээж байдаг.

Системийн хэмжээнд миний санаж байгаагаар бараг нэг их наяд орчмын моргейжийн зээл байгаа.

Ийм өндөр чанартай моргейжийн зээлийн багцыг өөрийг нь зардаг юм. Тэр үнэт цаасаараа эргэж бэлэн мөнгө татах замаар энэ циклийг хийдэг. Гэхдээ үүний цаад санхүүгийн баталгаа нь бас тэтгэврийн, даатгалын сангуудын эх үүсвэрууд байх ёстой. Монгол банкны хөрөнгөөр баталгаажсан хөтөлбөр эхлээд хоёр жил  гаруй боллоо. Цаашдаа урт хугацаандаа Монгол Улс хэдэн триллионы тэтгэврийн болоод нийгмийн даатгалын эх үүсвэр төвлөрөх бололцоотой улс.

Хэрэв тэтгэврийн болоод нийгмийн даатгалын тогтолцоо зөв болоод улсын төсвөөс салчихвал маш том даатгалын болон тэт­гэврийн сангууд бий болно. Энэ сангууд эргээд моргейжийн зээлийн баталгаа болно. Энэ схем бодогдсон учраас моргейжийн зээл үргэлжлээд явна гэж бодож байна. Ямар ч байсан энэ оны хувьд хэрэгжинэ гэсэн Монголбанкны ерөнхийлөгчийн  амлалтыг та  бүхэн сонссон. Цаашдаа урт хугацааны механизм нь бий болно гэж найдаж байгаа.

-Моргейжийн зээл орон сууцны унийг хөөрөгдөж байна гэсэн яриа явдаг?

-Тодорхой хэмжээгээр үнэд нөлөөлсөн юм байгаа. Барилгын салбараас зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны хурд, зээл олголттой ижил болж ирэхэд үнийн зөрүү гарахгүй. Хоёрдугаарт энэ өнөөдөртөө  80 метрээс доош метр кв-тай байруудад л нөлөөлж байгаа шүү дээ. Эерэг тал нь хамаагүй илүү. 16 мянган өрх зээлийн үр дүнд байртай боллоо шүү дээ.

-Хямралаас болоод банкуудад чанаргүй зээл өсч байна гэсэн шүүмжлэл байна. Хэр ортой вэ?

-Чанаргүй зээл айхавтар өсөөгүй. Ер нь бол эдийн засгийн өсөлт удааширсан нь доллараар авсан зээлийн чанарт нөлөөлөх бүрэн магадлалтай. Мэр сэр тийм сигнал байгаа. Гэхдээ өнөөдөр аль ч банк ханшийн өсөлтөөс болоод баларлаа гэсэн юм байхгүй. Бид өөрсдөө эрсдэлээ удирдах хэмжээнд очих ёстой. Банк ч, компани ч эрсдэлээ удирдах ёстой. Аль ч эдийн засаг дандаа өсөлттэй  байдаггүйг ойлгох учиртай гэв.

Эдийн засагчид бизнес эрхлэг­чид уриалгадаа “Мөнгө  үргээгч  биш мөнгө татагч улс руу шилжье. Долларын ханшийн өсөлт бол Монгол үйлдвэржиж чадаагүйн үр дагавар. Бид бүгдийг үйлдвэрлэхгүй ч импортыг орлуулж чадах хүнд хөнгөн үйлдвэрүүдээ төрийн тууштай бодлогоор дэмжье”. “Дунд, урт хугацааны 30-50 жилээр алсыг харсан эдийн засгийн хөгжлийн бодлогыг хэлэлцүүлэн боловсруулъя” гэх мэтээр уриалсан байна лээ.