МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.04.09

Ажил олгогч, ажил горилогч 2-ын хооронд эрх тэгш байна

Хөдөлмөр эрхлэгчдийн эрх, үүргийг зохицуулж байсан гол зохицуулалт бол хөдөлмөрийн тухай хууль юм. Тэгвэл сүүлийн үед зарим хувийн аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлмөрийн тухай хуулийг давсан, хууль зөрчсөн байгууллагын дотоод дүрэм гаргах, мөн хөдөлмөрийн гэрээ байгуулах тохиолдол байгааг иргэдийн зүгээс хэлж байна.

Ажил хөдөлмөр эрхлэгчдийн зүгээс ирсэн зөрчил нь цалин хөлс, ажлын цаг, хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн гэрээний зүйл заалтууд, ажил олгогч талд илүү үйлчлэх, энэ гэрээгээр хүлээсэн үүргээ ажил олгогч хүлээхгүй байдаг. Түүнчлэн хөдөлмөрийн тухай хуулиас давсан дотоод, дүрэм журам аж ахуйн нэгжүүдэд үйлчилдэг тухай ч иргэд ярьж байлаа.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: “Хөдөлмөрийн гэрээ байгуулах энэ үйл явц бол эрх тэгш. Ажил олгогч, ажил горилогч 2-ын хооронд эрх тэгш байна. Аль нэг талтай хүчээр нөхцлийг тулгаж болохгүй.

Энэ хөдөлмөрийн гэрээнд тусгах нөхцлүүд нь хөдөлмөрийн тухай хуульд ягштал нийцэх ёстой. Хөдөлмөрийн хуулиас давсан нөхцлийг тухайн ажил орохоор ирсэн ажил горилогчоос шаардаж болохгүй. Дотоод журам бол хөдөлмөрийн хуульд нийцэх ёстой. Гэхдээ тухайн байгууллагын онцлогт нийцэх ёстой.”

Ажлын цагийн тухайд хөдөлмөрийн тухай хуульд тухайн ажилтан өдөрт 8 цаг ажиллаж байхаар зохицуулж өгсөн. Энэ 8 цаг нь өөрчлөгдөх боломжтой буюу ажил олгогч, ажилтан 2 хоорондоо тохиролцож, тухайн ажлын онцлогоос шалтгаалаад өдрийн 7 цагт багтаах бол ингэж богиносгож болдог байна.

Ажилтан нэг өдөрти 8 цагаас илүү ажиллах ёсгүй бөгөөд хэрэв илүү цагаар ажилласан тохиолдолд заавал илүү цагаар ажилласан хөлсөө тооцуулах ёстой.

Ер нь дэлхийн бусад улс оронд нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлох гол үзүүлэлт бол хөдөлмөрийн үнэлэмж байдаг. хөдөлмөрийн үнэлэмж гэдэгт цалин хөлс, хөдөлмөрийн хүртээмж багтахаас гадна улс орны эдийн засгийн өсөлт хувь хүнд хэрхэн хүрч байгааг харгаздаг байна. Түүнчлэн зохистой хөдөлмөр буюу цалин хөдөлмөр хангалттай эсэх, хөдөлмөрийн нөхцөл тааламжтай, эрүүл эсэх, хүртээмж сайн эсэх зэрэг хэд хэдэн зүйл чухал байдаг байна.

Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа. шинэчилсэн найруулгад байгууллагын дотоод дүрэм, журам, яг юу юуг тусгах, ямар хуультай уялдах зэрэг нарийн зохицуулалтуудыг оруулж өгсөн байна.