О.Баасанхүү: Бид зарчим ярьж байгаа болохоос биш засгийг огцруулах асуудлыг яриагүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж хэлэлцэх асуудлаа ч баталчихлаа. Таны хувьд намрын чуулган засварлахаас өмнө өргөн барьсан хуулийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахгүй байна. Ардчилсан нам хөтөлгөө морио мартлаа гэж шүүмжилж байсан шүү дээ. Баталсан жагсаалтын талаар ямар бодолтой байна вэ?
-УИХ-д хууль өргөн барих гэхээр хүлээж авахгүй гэдэг сонин тогтолцоо байна. УИХ-ын дарга өөрт таалагдсан хуулиа хүлээж авахаас гадна дургүй хуулиа авахгүй, эсвэл хүлээн авсан ч ажлын хэсэг гаргаад гацаадаг болжээ. Миний хувьд УИХ-ын гишүүн болоод 10 орчим хууль өргөн барихад нэлээд хэсэгт нь ажлын хэсэг гаргасан. Удалгүй тэр нь алга болсон. Хаврын чуулганаар популист гэж хэлж болох асар их мөнгөтэй хуулиуд орж ирэх гэсэн учраас болиулсан гэж ярьж байна билээ. Гэтэл одоо өөрсдийнх нь батлаад байгаа хуулиуд нь асар их хөрөнгө мөнгө зарцуулсан хуулиуд яваад байна. Өөрөөр хэлбэл, бодлогогүйгээр хуулиудыг оруулж ирлээ.
Харин энэ удаад бол УИХ төрийн дээд бүтэц учраас энэ хүрээнд чуулганаар хэлэлцэх асуудлыг зайлшгүй батлаад явж байгаа. Тэр хүрээнд нэг зүйл дээр л найдлага тавьсан. Тэр нь “бусад” гэсэн зүйлийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгсөн учраас хэлэлцэнэ гэж найдаж сууна.
-Таны хувьд хаврын чуулганаар ямар асуудал дээр голчлон анхаарч ажиллах гэж байна вэ?
-Миний хувьд долоон хуулийн хамтад нь өргөн барихаар ажиллаж байна. Гэхдээ УИХ-ын даргад таалагдах болов уу, үгүй болов уу гэсэн бодол бас бий. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг санаачилсан ч хэлэлцэх асуудлын жагсаалтад орсонгүй. “Бусад” гэдэгт багтах байх гэж л горьдож сууна. Мөн НӨАТ-ын хууль байна. Их ч, бай бага ч бай орлого олсон л бол гурван хувийн татвар төлдөг болох асуудал энд яригдах юм. Дээрээс нь 1990 онд тэтгэвэрт гарсан цэрэг цагдаагийн албан хаагчдын тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барина гэх мэт цогц хуулийг ирэх сарын эхээр өргөн барих бодолтой байгаа.
-Улс орны эдийн засаг хүндэрсэн энэ үед чухал хуулийг л хэлэлцэнэ гэж хэлсэн. Таных чухалд тооцогдох болов уу?
Миний энэ өргөн барьсан хуулиудыг батлахгүй байснаар О.Баасанхүү гэдэг хүн хохирохгүй. Харин Монгол Улсын хөгжил, ирээдүй, амьдралд тодорхой хэмжээний хохирол амсана.
-УИХ-ын гишүүн хүн хууль санаачлах, хууль засч сайжруулах, хууль сурталчлах гэсэн гурван үндсэн үүрэгтэй. Тэгэхээр би хуулиа санаачлах үүргээ биелүүлнэ. Миний энэ өргөн барьсан хуулиудыг батлахгүй байснаар О.Баасанхүү гэдэг хүн хохирохгүй. Харин Монгол Улсын хөгжил, ирээдүй, амьдралд тодорхой хэмжээний хохирол амсана. Өөрөөр хэлбэл, батлуулахаар яриад байгаа хуулиуд зөвхөн ард түмэнд чиглэсэн. Түүнээс биш өөртөө болон аль нэг найзынхаа сонирхолд нийцүүлж хууль санаачилж байгаа хувийн ашиг сонирхол надад байхгүй. Харин эсэргээрээ нийгэмд тулгамдсан асуудлыг л хуульчилж өгөх зүйлийг ярьдаг. Үүнийг ч иргэд хүсч байгаа.
-Чуулганы завсарлагаанаар хаагуур ажиллав?
-Эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээнд явлаа. Үүнээс гадна Баянхонгор аймагт ажиллалаа. Их дээд сургуулийн оюутнуудад “Мэдлэгт суурилсан төрийн бодлого, зохистой төрийн тогтолцоо” сэдвээр лекц уншлаа. Мөн хууль сурталчилж хороо, багуудаар их явсан. Өнөөдөр иргэдийн амьдралд нийцсэн хууль, нийцээгүй хууль гэж хоёр янз байна. Амьдралд үүссэн тулгамдсан асуудлыг шийдээд өгвөл иргэд баяртай хүлээн авдаг. Үүний нэг жишээ нь Тамхины хяналтын тухай хууль. Үүнийг хүн бүхэн л мэддэг. Гэтэл харамсалтай нь төрийн бодлого иргэн рүү чиглээгүй дарга төвтэй засаглалыг бэхжүүлсэн хууль яваад байгаа учраас иргэд их бухимдалтай байгаа нь орон нутаг, дүүрэг хороонд ажиглагдаж байна.
-Гишүүн бүхэн л тулгамдсан асуудал гэж ярих юм. Гэхдээ яаж шийдэх гарцаа олж чадахгүй байх шиг. Хэдэн сайд огцрууллаа гээд асуудлыг шийдчих юм уу?
Миний хувьд долоон хуулийн хамтад нь өргөн барихаар ажиллаж байна.
-Хүн бүхэн мэргэжил, мэргэжлийн онцлогоор асуудлыг хардаг. Өнөөдөр та сэтгүүлч. Тэр өнцгөөс асуудлыг харж байгаа бол би хуулийн салбарын өнцгөөс маш сайн харж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр нийгмийн хэрэгцээ шаардлага нь эрхзүйн шинэчлэл мөн цагдаагийн байгууллагыг өөрчлөх ёстой гэсэн зүйлийг хэлдэг. Гэтэл энд хүний зовлонгоор жаргал хийж байгаа юм шиг асуудал яваад байдаг. Тухайлбал, Төрийн албан хаагчдын эмнэлгийг эвдэж устгах ямар шаардлага байсныг ойлгохгүй байна. Нөгөөтэйгүүр энэ салбарыг бодлого алдагдсан. Гэтэл бид эрхзүйн шинэчлэл гэх малгайн дор “гоё” амьдарч байна гэж ярьж болохгүй. Дээрээс нь тусгай хяналтын дэд хороонд маш ноцтой мэдээлэл ирсэн.
-Ямар мэдээлэл вэ?
-Миний хувьд төрийн нууцыг задруулах эрх байхгүй. Гэхдээ би үүнийг мэдэж байгаа учраас ёсзүйн асуудал яриад байгаа юм. Би өөрийн нэр хүндийг бодож дөрвөн жил дуугүй байж, өөрийгөө бодож, нэр хүндээ өсгөж шоу хийгээд явж болно. Х.Тэмүүжингийн шинэчлэлээс өөр олон сэдвээр шоу хийх боломж байж байгаа. 2016 онд дахин УИХ-ын гишүүн болохын төлөө зорьсондоо биш, сонгогчдод таалагдах гэж шоу хийсэндээ биш бодит үнэнийг гаргаж тавья, хэлье гэсэн зүйлийг ярьж байгаа юм.
-МАН “давхар дээл”-ээ батлагдсан өдрөөс тайлах ёстой гэж байгаа. Энэ асуудал дээр ямар байр суурь баримталж байна вэ?
-Хуулиа харвал тэр хүмүүсийн ухамсарын асуудал. Хуулиа харж, нээрээ би өөрөө өөрийгөө сайд болгох гэж улайрч кноп дарвал ичгэвтэр гэж бодох тэдний эрх. Тиймээс миний хувьд МАН-ын саналыг зөв гэж бодож байгаа. Давхар дээлийг тайлах ёстой. Харин чоно борооноор гэгчээр МАН үүгээр нь далимдуулж, АН-тай нийлж МАНАН байгуулахаар явж байгаа юм билээ. Ингэвэл асуудал буруудна. Бид зарчим ярьж байгаа болохоос биш засаг огцруулж байгаа зүйл биш. Харин одоогийн Засгийн газрын зарчмыг сайжруулах зүйл ярьж байна.
Өөрөөр хэлбэл, МАХН-ын улс төрийн албан тушаалтны тоо нэмэгдвэл манай намд ашигтай. АН-ын сайд нарын ихэнх нь жагсаалтаар орж ирсэн гэхэд болно. Тэгэхээр тэдэнд сонголт байгаа. Тэд гишүүнээ хийх үү, сайдаа хийж бодлогоороо явна гэвэл тэдний араас жагсаалтын хүн нөхөж орж ирнэ. Үүний сайн тал нь тэр намын улс төрийн албан тушаалтнууд нэмэгдэнэ. Тэгэхээр намын эрх ашгаа бодвол АН энэ асуудлыг гацаагаад байх шаардлага байхгүй.