Х.Тэмүүжин сайдыг огцруулах саналыг хүлээж авсангүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү жилийн өмнөөс Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах шаардлагатай гэдгийг хэлж байсан.
Түүний байр суурь одоо ч өөрчлөгдөөгүй байна. “Төрийн албан хаагчдын эмнэлгийн барилгын зориулалтыг өөрчилсөн. Хууль зүйн сайд байж салбарынхаа ажилтнуудад итгэхгүй байгаагаа илэрхийлэх зэргээр ёс зүйн алдаа гаргаж байгаа” гэдэг үндэслэлээр Х.Тэмүүжин сайдыг огцруулах санал боловсруулжээ.
Энэхүү саналаа өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барих гэсэн боловч хүлээж аваагүй байна. УИХ-ын дарга хүлээж авах боломжгүй гэдэг шалтгаанаа тайлбарлахдаа “Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг 14 хоногийн дотор нэгдсэн чуулганаар хэлэлцэх ёстой. УИХ-ын чуулганы завсарлагын хугацаа дуусахгүй байгаа учраас таны саналыг хүлээж авах боломжгүй" гэжээ.
УИХ-ын хаврын чуулган ирэх даваа гаригт нээлтээ хийнэ. Тиймээс О.Баасанхүү гишүүн саналаа одоо өргөн барьсан тохиолдолд 14 хоногийн дотор хэлэлцэх боломжтой гэж үзжээ. Улмаар энэхүү саналаа өчигдөр УИХ-ын дэд дарга М.Энхболдод өргөн барих гэсэн боловч тэрээр хүлээж авсангүй. УИХ-ын дарга эзгүй байгаа үед парламентад хамгийн олон суудалтай бүлгээс сонгогдсон УИХ-ын дэд даргад санал, төслөө өргөн барих хуультай.
Үүний дагуу УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барих гэсэн боловч тэрээр өвчтэй байсан учраас М.Энхболдод өргөн барих гэсэн нь энэ ажээ. Гэтэл УИХ-ын дэд дарга М.Энхболд тодорхой тайлбар хэлэхгүйгээр О.Баасанхүү гишүүнийг саналыг хүлээж авахаас татгалзлаа. Харин О.Баасанхүү гишүүн “М.Энхболд миний саналыг хүлээж аваагүй нь МАНАН арилаагүй гэдгийг харууллаа. Би түүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамгийн сайн найз гэж үзэж байгаа. Магадгүй Япон руу ярьж Ерөнхийлөгчтэй зөвлөлдөж амжаагүй учраас Х.Тэмүүжинг огцруулах саналыг хүлээж авахаас татгалзсан байх. УИХ-ын дэд дарга М.Энхболд асуудалд ялгавартай хандаж байна. Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлийг хүлээж авсан хэрнээ миний саналыг хүлээж авахаас татгалзлаа" гэв.