Ц.Даваасүрэн: Засгийн газраа хөдөлгөвөл гаднаас орж ирэх валютын асуудал хүндрэх нөхцөл үүснэ
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2013.12.24

Ц.Даваасүрэн: Засгийн газраа хөдөлгөвөл гаднаас орж ирэх валютын асуудал хүндрэх нөхцөл үүснэ

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс хурууны хээгээр ирц бүрдүүлэх талаар болон Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах асуудлаар байр суурийг нь сонслоо. 

-Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар ирцийг хурууных нь хээгээр бүрдүүлэхэд сөрөгч хүчний зүгээс эсэргүүцэж, завсарлага авсан. Таны хувьд ч гэсэн энэ асуудлын эсрэг байсан. Тэгэхээр гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүрдүүлэх гурван ч хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ? 

-Ер нь гишүүдийн эрх ашгийг хөндсөн заалт байх нь буруу. Одоогийн шинээр мөрдөх, Дэгийн тухай хуулиар УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан заалтууд байгаа юм. Жишээлбэл, өглөө ирцээ бүрдүүлчихээд хуралдаандаа байгаагүй тохиолдолд тухайн хүний саналыг дэмжсэн ч эсрэг өгөх заалттай. Тэгэхээр хүчээр эсрэг санал өгүүлэх дэг байж болохгүй. Үүнийг УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдахгүйгээр зохицуулах ёстой.

Гэхдээ цаашдаа тойргоос сонгогдсон гишүүд олон түмний төлөөлөл гэдгийг бодох хэрэгтэй. Тэгэхгүйгээр тухайн хүний хэлэх үгийг хязгаарласан, өгөх саналыг нь тулгасан байдал Дэгийн тухай хуульд байж болохгүй юм. Миний хувьд зарим хуульд санал өгөхгүй, түтгэлзэж болно. Гэтэл одоогийн мөрдөх дэгээр нэг бол дэмж, эсвэл эсрэг санал өг гэж байгаа. Тэгэхээр ийм байж болохгүй. 

-УИХ-ын даргын хувьд таны саналтай холбогдуулж дэгээр түтгэлзэх боломжгүй. Хууль санаачлаад ороод ирж болно гэж байсан. Санал хураах үед түтгэлзэх байр сууринаас хандах нөхцөл бүрдвэл хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсэх үү? 

-Өнгөрсөн УИХ-аар Д.Дэмбэрэл дарга ирцээ бүрдүүлэхийн тулд гишүүдийн эрхийг зөрчсөн заалтыг Дэгийн тухай хуульд хийсэн. Өөрөөр хэлбэл, бүртгүүлсэн бол тэр гишүүнийг байхгүй байхад эсрэг санал өгсөнд тооцохоор оруулсан. Ингэж болохгүй. Бидэнд ямар нэгэн шалтгаан гарч болно. Чуулганы хуралдааны явцад нэг сонгогч маань ирээд уулзая гэхэд хүлээж авах ёстой. Тэгэхээр ийм үед эсрэг санал хүчээр өгч болохгүй.

Тиймээс тухай үед мэдэгдээд картаа авах нөхцлийг хангаж өгөх нь чухал. Энэ зохион байгуулалтыг хийх байх гэж бодож байна. Харин өөрийгөө бүртгүүлэх асуудал нь УИХ-ын гишүүний ёс суртахуунтай холбоотой зүйл. Гэхдээ заавал даргын дэргэд очоод бүртгүүлэхдээ биш, УИХ-ын чуулганы танхимын үүдэнд гишүүдийн ирцийг бүртгэдэг байвал зохимжтой. Харин хуралдаанд оролцож байгааг нь иргэдэд нээлттэй харуулж болно.

Би 2009 онд жагсаал, цуглаантай холбоотойгоор Өршөөлийн хууль гаргахад картаа сугалж байсан. Яагаад гэвэл, тэр хуульд саналаа өгөхийг хүсээгүй. Хүмүүсийн асуудлыг шийдээгүй байж хууль гаргасан нь буруу байсан учир картаа сугалсан. Тиймээс энэ мэтийн илт хууль зөрчсөн асуудалд гишүүн өөрөө саналаа илэрхийлээд гараад явахад болохгүй зүйл байхгүй. Үүнийг хязраарлаж болохгүй. Тэгэхээр энэ нь нээлттэй байгаа байх гэж бодож байна. 

-Хурууныхаа хээгээр ирц бүрдүүлэх асуудалд олонхи, сөрөг хүчний хувьд хороондоо зөрчилдөөнтэй байна. Гэвч энэ асуудлын хүрээнд МАН-ынхан парламентын хямрал болоод байна гэх тайлбар тавьж байгаа шүү дээ? 

-Хямрал болоод байгаа юм байхгүй. УИХ-ын гишүүний хуралдаанд оролцох дэг, эрхтэй холбогдуулаад үүсээд байгаад асуудлыг хуулийн дагуу зохицуулах ёстой. Хууль гараагүй байхад шинэ дэг гаргаж зохицуулж болохгүй. Үүнийгээ бид яриад явах ёстой. Үүн дээр дөрөөлөөд чуулганы үйл ажиллагааг гацаах гэдэг зүйл гаргах нь буруу. Гэхдээ тийм зүйл гарахгүй байх.

-Ч.Улаан, Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ. Таны хувьд тэдний талаар ямар бодолтой байна? 

-Байнгын хороодоор хэлэлцэхэд хоёр сайдыг огцруулахгүй гэдэг саналыг хуралдаанд оролцсон олонхи гишүүн шийдсэн. Тэгэхээр үүнд үндэслэл байгаа юм болов уу гэж үзэж байна. Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл гарахад хэдхэн хоног үлдсэн. Улс орны эдийн засгийн гүйцэтгэл гарахад долоо хоног үлдээд байгаа юм.

Тиймээс санхүү, эдийн засгийн тайлан гарсны дараа хоёр сайдын асуудлыг ярих ёстой. Ялангуяа, төсвийн асуудал эрхлэж байгаа Сангийн сайдын хувьд гуравдугаар сарын 20 гэхэд 2013 оны төсвийн гүйцэтгэлийн тайлангаа тавина. Мөн төсвийн гүйцэтгэлийн тайланг УИХ-аар хэлэлцэнэ.

Энэ үед сайд нь ажлаа хэр хийсэн, төсвийн хэрэгжилтээ хэрхэн зохион байгуулсанд үнэлт, дүгнэлт өгөх бүрэн бололцоо байж байгаа. Тэгэхээр тэр агуулгаар нь хандах ийм шаардлага байна уу гэж үзэж байгаа юм. Яагаад гэвэл, өнөөдөр олон улсын санхүүгийн зах зээл дээр, гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газартай тодорхой хөтөлбөр, төсөл ярьж байгаа үед Засгийн газраа хөдөлгөөд эхэлбэл гаднаас орж ирэх валютын асуудал хүндрэх нөхцөл үүснэ. Нөгөө талаас үнэтэй болно. 

-Эдийн засаг, санхүүгийн байдал хүндрэхтэй зэрэгцээд иргэдийн амьдрал доройтож, худалдах авах чадвар муудсан. Тэгэхээр байдал үнэхээр муу байгаа юм биш үү? 

-Эдийн засагт сайн зүйл ажиглагдаж байгаа нь сүүлийн үед валютын ханш буурч байна. Харин үүнийгээ илүү сайжруул гэдэг чиглэлийг бид Хөгжлийн сайд, Төв банкинд өгч байгаа. Зөв хандлага гарч байгаа дээр нь валютын нөөцөө нэмэгдүүлэх чиглэлийн арга хэмжээ авч, гаднаас шаардлагатай валют татах хэрэгтэй.

Мөн валютын ханшийг өмнө нь байсан түвшин рүү оруулах, инфляцид сөрөг нөлөө үзүүлэхгүй байх чиглэлд анхаарч ажилла гэдэг энэ талаас Эдийн засгийн хөгжлийн сайдыг шаардах нь зүйтэй юм болов уу гэсэн байр суурьтай байна.