Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү
2014.03.30

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах 3 үндэслэл бий

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах саналаа их хурлын дарга өргөн барих гэсэн боловч хүлээж аваагүй байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах 3 үндэслэлийг тавьж байгаа юм. Сүүлийн үед гэмт хэргийн тоо эрс нэмэгдэж байгаа нь хууль зүйн сайдын буруу бодлоготой холбоотой. Мөн төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн  өргөтгөлийн барилгад суурилуулсан 3.2 тэрбум төгрөгийн оношлогооны MRI аппарат өнгөрсөн 1-р сард эвдэрсэн хэрэг гарсан билээ.

Уг хэрэг өдгөө Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Тус эмнэлгийг батлан хамгаалах яаманд шилжүүл гэсэн хууль зүйн сайдын 122-р тогтоолоор бол энэ эмнэлгийн аппаратыг хариуцах эзэн нь сайд Х.Тэмүүжин юм.

Тиймээс Х.Тэмүүжин сайд ажилдаа хариуцлагагүй хандсанаас болж дээрх хэрэг гарсан гэж О.Баасанхүү гишүүн хэллээ. Түүний 3 дахь үндэслэлээр бол МУ-ын Ерөнхий сайдын томилгоонуудын нэг болох Тагнуулын газрын дэд даргын томилгоо гэв.

Тагнуулын ерөнхий газрын дэд даргыг томилсон, буцаасан. Цэц дээр очиж байж асуудал нэг тийш шийдэгдсэн. Мөн зарим засаг дарга нарыг үүрэг гүйцэтгэгчээр томилоод, ажлаас нь  түр чөлөөлж, буцааж залруулсан гээд  олон ажил болгосон нь томилгоотой холбоотой хэд хэдэн асуудлыг ч дурдлаа.

Тиймээс хууль зүйн сайд, засгийн газарт мэргэжил, арга зүйн зөвлөлгөө өгч үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой гэдгийг О.Баасанхүү гишүүн тодотгосон юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Та бүхэн мэдэж байгаа. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэсэн зориулалт бүхий эмнэлгийн байрыг Х.Тэмүүжин 122-р тогтоол гаргуулахаар төслөө засгийн газарт өргөн барьсан. Ингэхдээ төсвийн хамт батлан хамгаалах яамруу шилжүүл гэсэн. Төсвийг шилжүүлэх эсэхийг хэн шийдэх вэ гэвэл өнөөдөр Засгийн газар, Хууль зүйн сайд шийддэггүй. Үүнийг УИХ шийдэх ёстой. Тэгэхээр 122 тоот тогтоол нь өөрөө хууль зөрчсөн. Хоёрдугаарт: Хариуцсан салбараа хангалттай сайн авч явж чадахгүй байна. Гэмт хэргийн гаралт огцом өсчээ.

Гуравдугаарт: Ерөнхий сайд олон удаа Үндсэн хууль зөрчсөн асуудлаар дуудагдсан. Дахиад ч дуудагдаж байгаа юм байна. Гэтэл нөгөө гаргасан шийдвэрээ хурдан хүчингүй болгож байгаа нь хууль бус бичиг баримт байсан гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр засгийн газрын тухай хуулинд Хууль зүйн сайд нь Ерөнхий сайддаа хууль тогтоомжийн чиглэл өгдөг гэж байдаг. Тэгэхээр сайн чиглэл өгөөгүйгээс болж алдаатай тогтоолууд гараад байсан байна.”

Гэвч О.Баасанхүү гишүүн албан бичгээ ирэх дөрөвдүгээр сарын 17-нд өргөн барихаар хойшлууллаа. Учир нь дөрөвдүгээр сарын 10-нд УИХ-ын чуулган нээлтээ хийнэ.  Чуулганы хамгийн эхэнд хэлэлцэгдэх асуудал бол  УИХ-ын дэгийн тухай хууль юм. Тиймээс Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж амжихгүй гэдгээ УИХ-ын дарга З.Энхболд  О.Баасанхүү гишүүнд учирлажээ. Хэрэв дээрх төслийг хүлээн авсан бол хуулийн дагуу 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой байдаг юм.