О.Баасанхүү: Эвслийн бүлэг Х.Тэмүүжинг огцруулахыг дэмжинэ
Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү
2014.04.08

О.Баасанхүү: Эвслийн бүлэг Х.Тэмүүжинг огцруулахыг дэмжинэ

Гишүүн О.БААСАНХҮҮ өчигдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Түүнээс энэ талаар нь тодруулсан юм.

-Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Үндэслэл нь юу байсан юм бэ?

-Гурван үндэслэлээр Х.Тэмүүжин сайдыг огцруулах ёстой гэж үзсэн. Төсөлдөө ч энэ бүхнээ тусгалаа. Нэгд, Хууль зүйн сайд өөрөө хууль зөрчсөн. Хоёрт, энэ хүн салбараа удирдах чадваргүй байна. Гуравт, Х.Тэмүүжин ёс зүйн алдаа гаргасан.

Сүүлийн үед Хууль зүйн сайдын зүгээс хэвлэл, мэдээллийн хэрэгслээр "Шинэчлэлийн бодлогыг ганцхан сайд нь дангаараа хийж байгаа, бусад нь саад болж байгаа" гэж яриад байгаа. Би үүнтэй санал нийлдэггүй. Гэхдээ миний хувьд Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал оруулсан нь хувь хүнтэй нь холбоотой биш гэдгийг хэлье. Бодит нотолгоо, үндэслэлүүд нь бий.

-Ямар үндэслэл вэ?

-Тухайлбал, төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Батлан хамгаалах яамны эмнэлэгтэй нийлүүлэхдээ Төсвийн тухай хууль зөрчсөн. Дээр нь Ерөнхий сайд нь өөрөө Үндсэн хуулийг маш олон удаа зөрчөөд, тэрийгээ засч залруулж байсан Энэ үйлдэл нь өөрөө танхимынх нь Хууль зүйн сайд өөрийнхөө чиг үүргийг хэрэгжүүлээгүйтэй шууд холбоотой. Гуравт, өнөөдөр гэмт хэргийн гаралтын тоо хэмжээ 3-4 дахин өслөө.

Монгол Улсын Хууль зүйн сайд нь төрийн албан хаагчийн үүргийг умартан бусдад үр хүүхдээ үрчлүүлсэн нь шүүхээр тогтоогдсон.

Харин гэмт хэргийн илрүүлэлт ерөнхийдөө тэг хувь руугаа орчихсон гэж хэлж болохоор байна. Хүнд, маш олон ноцтой хэрэг нэмэгдлээ. Илэрч байгаа хэрэг алга. Энэ бүгд нь Х.Тэмүүжин сайд салбараа удирдахгүй байгаагийн илрэл. Нөгөөтэйгүүр, сайдын ёс зүйн асуудал байна. Эрүүгийн хуулийн 116 дээр үр хүүхдээ хууль бусаар үрчлүүлэх гэдэг ойлголт бий. Гэтэл Монгол Улсын Хууль зүйн сайд нь төрийн албан хаагчийн үүргийг умартан бусдад үр хүүхдээ үрчлүүлсэн нь шүүхээр тогтоогдсон. Энэ нь өөрөө олон улсын гэрээгээр тухайн орныг хуурсанд тооцогддог.

Өөрөөр хэлбэл, манай Хууль зүйн сайд Канад улсыг хуурлаа. Энэ мэт олон үндэслэл байгаа учраас л би Х.Тэмүүжин сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барилаа. Ийм байхад эрх зүйн шинэчлэл ганцхан хүнээс хамааралтай гээд толгойг нь илээд байж таарахгүй биз дээ.

-"Шударга ёс" эвслийн бүлэг дээр энэ асуудал яригдсан уу?

-Эхлээд гишүүдэд төсөл тараагдах учиртай. Түүний дараа ярих болно. Гэхдээ ерөнхийдөө бол манай бүлгийнхэн жилийн өмнө ярьчихсан. Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй холбоотой асуудал дээр бол нам, бүлгийн зүгээс хатуу дэмжинэ гэсэн. Тэр эмнэлэг дээр 3.2 тэрбум төгрөгийн МRI аппарат эвдэрчихсэн байхад "Шударга ёс" эвслийн бүлэг эсэргүүцнэ гэж үзэхгүй байна. Хувь гишүүдтэйгээ ярихад бол ерөнхийдөө дэмжих хандлагатай байна лээ.

-Засагт хамтарсан нам сайд огцруулах асуудал оруулахаар улс төрийн дэмжлэг авах болов уу?

-Засагт хамтрах гэдэг бол бид бодлогоор хамтарч байгаа. Түүнээс булхайг нь нуух гэж хамтраагүй. Тэр байтугай гэмт хэрэг хийсэн байгаа бол харин ч хамтраад түүнийг нь илрүүлэх үүрэгтэй.

-Сайд огцруулах асуудлыг хэлэлцэх процедур нь хуулиар ямар байдаг юм.

-Долоо хоногийн дотор Байнгын хороо, түүнээс хойш долоо хоногийн дотор нэгдсэн чуулганаар орно.