Б.Наранцэцэг: Үхрийн махтай хуушууранд нохойн соёо хийчихээд мөнгө нэхсэн тохиолдол бий
"Номадс Хоспалити" компанийн эрүүл ахуйч Б.Наранцэцэгтэй ярилцлаа.
- Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль үйлдвэрлэгчдэд ямар үр дүн авчрав?
Хууль гарсан ч хэрэгжилтийг хангах ёстой төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд ойлгомжгүй зүйлс багагүй байна. Үйлдвэрлэгчид хуулийг мөрдөхийг хичээдэг ч бүх хариуцлагыг үүрнэ гэдэг өрөөсгөл. Импортлогчид шаардлага хангасан түүхий эд, материал нийлүүлэхгүй байхад эрүүл хүнс үйлдвэрлэх тухай ярих нь утгагүй. Шошго, найрлага нь ямар стандарт байх ёстой вэ гэдгийг тодорхой болгочихвол бид түүнийг нь дагамаар байна. Ялангуяа хятадаас орж ирдэг бүтээгдэхүүнийг орчуулж, ойлгомжтой болгох хэрэгтэй. Орц, найрлагыг нь ойлгохгүй бүтээгдэхүүнийг эрүүл, аюулгүй гэдэгт яаж итгэх юм бэ? Импортлогч монополь компаниуд үүнийг тоодоггүй.
- Хууль хэрэгжихгүй байгаагийн шалтгааныг юу гэж харж байна вэ?
Хүнсний аюулгүй байдлын тухай хууль их хүлээлт үүсгэж батлагдсан учраас одоо бараг үйлдвэрлэгчдийн ширээний ном болсон. Гэтэл хуулийн талаар олон нийтэд таниулах ямар ч ажил хийгдээгүй.
Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн үйлчлэх хүрээ
Хэдийгээр хуулинд импортлогч, үйлдвэрлэгч, борлуулагч зэрэг хүнсний салбарын субъектууд өөр өөрийн шатандаа хариуцлага үүрнэ гэж заасан боловч энэ нь хэрэгжихгүй байна.
Компаниуд дотооддоо хяналттай болж, мэргэжлийн хяналтынхан арга зүйн зөвлөгөө өгдөг болсон нь сайшаалтай. Гэхдээ импортлогчдоос авч буй түүхий эдэд ямар хяналт тавих вэ гэдгийг тодорхой ойлгомжтой болгохыг л хүсч байна. Бид бүх ачааг нуруундаа үүрмээргүй байна ш дээ.
- Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглаж, зохион байгуулалттай үйлдвэрлэгчдийг үндэслэлгүй дарамтлах танай байгууллагад тохиолдож байсан уу?
Өөрийн хөлс хүчээр бизнесээ эрхлээд явж буй хүмүүсийн урам зоригийг мохоож, маргаашдаа итгэх итгэлийг алдуулдаг.
Тохиолдож байсан. Манайх махан цехдээ хонины болон үхрийн мах авдаг. Махаа хэрчихдээ нарийн зорогчийг ашигладаг. Гэтэл нэг этгээд манай хуушуурнаас нохойн соёо гарсан гээд сая төгрөг нэхсэн. Үйлдвэрлэгчдийн ярьж буйгаар ингэж мөнгө олдог бүлэг хүмүүс байдаг юм билээ. Хиаманд хүртэл нохойн соёо хийсэн тохиолдол гарсан. Ийм гэмт хэрэгтнүүдийг эрүүгийн хариуцлагад татах хуулийн орчин, механизм байхгүй учраас тэд давардаг.
Эрхэлсэн ажилгүй, мэдлэг боловсролгүй, хялбар аргаар буюу бусдыг гүтгэж мөнгө олох гэсэн хүмүүс олширсон манай нийгмийн нэгэн эмгэнэлт дүр төрх.