Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын чуулганы 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Пүрэв гарагийн хуралдаан: Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг
2012.12.09

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн буюу Пүрэв гарагийн үдээс өмнөх хуралдаанаар Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл уншиж танилцуулсан.

“Төслийн хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Ц.Тэрбишдагва, С.Дэмбэрэл нар лабораторийн сүлжээг итгэмжлэгдсэн төрийн, орон нутгийн өмчит болон хувийн лаборатори болгож шинжилгээний дүнгээ мэдээллийн нэгдсэн санд тухай бүр хүргүүлж байх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл импортлох хүнсний шошго нь монгол хэлээр эсхүл англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн байх, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаарын дараа иргэний регистрийн дугаар, хүнсний чиглэлийн үйл ажиллагааны хэлбэрийн дараа бүтээгдэхүүний зураасан код гэж тус тус нэмэх, хяналтын байгууллага суурь мэдээлэлд тулгуурлан хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд хийх эрсдэлд суурилсан хяналтыг төлөвлөх, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, Ц.Оюунгэрэл, М.Зоригт нар төслийн зохицуулах харилцаанд мал амьтанд зориулан үйлдвэрлэх, импортлох тэжээл, газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах бордооны аюулгүй байдлыг хангахтай холбогдсон зохицуулалт нэмэх зэрэг зарчмын зөрүүтэй саналын томъёоллууд гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн болно” хэмээн танилцуулгад дурьдсан байна.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөлд: 

хүнсний зориулалтаар хувиргасан амьд организмын гаралтай таримал ургамлыг тариалах болон мал амьтан өсгөн үржүүлэхийг хориглох, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь харьяалах нутаг дэвсгэр дэх хүнсний хяналт хэрэгжүүлэх төрийн байгууллагад мэдээлж, бүртгүүлсний дараагаар үйл ажиллагаагаа эрхлэх, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнд эрсдэлийн үнэлгээ хийх, үндэсний лавлагаа лабораторийг хүнсний хяналтыг хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллагын дэргэд ажиллуулах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд тавих төрийн хяналтыг сайжруулах зэрэг хэд хэдэн асуудлыг хамруулжээ.

Мөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний багцалсан болон жижиглэн савласан сав, баглаа боодол дээрх шошгыг тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч болон худалдаа эрхлэгч хариуцахаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн хүнсний шошгод агуулагдах нэмэлт мэдээллийг олон улсын болон үндэсний техникийн зохицуулалт, стандартаар зохицуулж болох заалтыг оруулах эсэх талаар гишүүд саналаа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун,  Хувиргасан амьд организм буюу генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг зогсоох хэрэгтэй. Энэ талын асуудлыг хуульд нарийн тусгах ёстой гэсэн байр суурьтай байсан

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “ Хүнсний үйлдвэрлэл, импортыг төр мэдэлдээ авахгүй бол хүнсний аюулгүй байдлын талаар ярих хэрэггүй.

Бид хүнсийн бүтээгдэхүүнийхээ 70-80 орчим хувийг гаднаас авч байна. Тодруулбал, сүүний 80%, цөцгийн тосны хэрэгцээгээ 100%, өндөгний 70 орчим хувийг импортоор авч байна. Энэ хуулинд концевцийн томоохон өөрчлөлт ороогүй байна.

Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал. Гэтэл өнөөдөр манайхан бүгдийг гадныханд атгуулчихсан. Япон, Сингапураас туршлага судлах хэрэгтэй. Жишээлбэл, Хүнсний үйлдвэрүүдийн хувьцааны 51 хувь үндсэний оролцоотой, үйлдвэрүүдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн мөн 51 хувь нь тухайн улсын иргэн байх тухай хуулиндаа заасан байдаг. Энэ жишгийг дагах хэрэгтэй” хэмээв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт чухал. Хуулинд хувийн хэвшлийнхэнд тооцох хариуцлага тусгагдсан байна. Төрийн албан хаагчдад ямар хариуцлага тооцох вэ? Гаалийн байцаагчаас болж тээвэрлэлт саатаж, алдаа гарвал яах вэ?,  хүнсний бүтээгдэхүүний эрсдлийн үнэлгээ, лабораторийн асуудлыг хэрхэн тусгасан талаар асуув. Хүний эрүүл мэнд цаашлаад  амь настай холбоотой асуудал учраас эрсдлийн үнэлгээг эрдэм шинжилгээ, судалгаанд суурилж хийнэ. Хариуцлагын тухайд хувь, төр гэлтгүй бүгд ижил хариуцлага хүлээнэ гэдгийг ажлын хэсгийнхэн хэллээ.

Г.Баярсайхан гишүүн Я.Содбаатар гишүүний асуултанд тодруулга өглөө.

Ингээд ажлын хэсгийн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 47 саналын дагуу санал хураалт явуулсны дараагаар Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.