Д.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдал харанга дэлдлээ
2011.06.06

Д.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдал харанга дэлдлээ

Хүнсний аюулгүй байдлын талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Ерөнхий сайдад асуулга тавьсан билээ. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаара суулгын хариуг сонсов. Тэрбээр чуулганы хуралдааны үеэр хүнсний аюулгүй байдал Монгол Улсын хэмжээнд хэдийн алдагдсан талаар тодотгосон юм. Энэ талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Та хүнсний аюулгүй байдал хэдийнэ алдагдсан талаар онцолж байсан. Ямар үндэслэлээр ийн тодотгох болов?

-Асуулгын үр дүнд манайд хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал тулгамдсан асуудлын нэг болсон гэдэгт УИХ, Засгийн газар нэгдсэн ойлголтод хүрсэн нь чухал алхам боллоо. Монгол Улс хүнсний зүйлээ гаднаас импортлох, мөн дотооддоо үйлдвэрлэх гэсэн хоёр хэлбэрээр хангадаг. Бусад орон ийм байдлаар хүнсээ хангаж байна.Өнөөгийн байдлаар манай дотоод болон гадаадад үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Энэ талаар гишүүдийн асуултад Эрүүл мэндийн сайд С.Ламбаа "Мал, амьтнаас хүнд алдварладаг зарим өвчний гаралт нэмэгдэх хандлагатай болсон.Тухайлбал, хүний боомын өвчлөл 2000-2010 оны хооронд хийсэн судалгаагаар 15 аймаг, нийслэлд нийт 189 тооны тохиолдол илэрсэн. Энэ оны тухайд 10 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Мөн малын бруцеллёз өвчин ихсэж байгаа.Түүнчлэн сүүлийн 2-3 жилийн дотор хоолны хордлогод 2300 орчим хүн орлоо. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо. Энэ нь хүнсний бүтээгдэхүүнээс болж байгаа нь ойлгомжтой. Хоолны хордлогын гол шалтгаанууд дотор нянгийн болон химийн гаралтай хордлого ихэнх хувийг эзэлдэг.Тэр дундаа жимс, жимсгэнэ, хүнсний нэмэлт бодисууд энэ хордлогын гол шалтгаан болж байна" гэсэн мэдээлэл өгсөн. Эдгээр хүнсний зүйлийнхээ 80 орчим хувийг импортоор орж ирдэг. Сүүлийн үед олон улсын байгууллагаас хийгдсэн судалгаагаар манай улсын хүнсний аюулгүй байдал нэлээд хүнд байдалд орсон гэсэн дүгнэлтэд хүрсэн байна лээ.

-Монгол Улс цаашидхүнсний аюулгүй байдлыгхангах тал дээр ямар аргахэмжээ авах шаардлагатай вэ. Хүнсний бүтээгдэхүүнийхүний эрүүл мэндэд сөргөөрнөлөөлөхнөлөөллийгбагасгах чиглэлд ямар гарц байна вэ?

-Ихэнх оронд хүнсний аюулгүй байдал иргэдийнх нь эрүүл мэндтэй шууд холбоотой учир Үндэсний аюулгүй байдлын асуудалд хамрагддаг. Манайд ч адилхан. Гэхдээ хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс гаргасан бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй. Мөн мөрдөгдөж байгаа хууль тогтоомж нь нэлээд хоцрогдсон байна. Иймд Хүнсний тухай хуулиа өөрчилж боловсронгуй болгох, улмаар шинэ хуулийн төсөл боловсруулах хэрэгтэй. Нөгөө талаас импортоор оруулж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйд тавих стандартыг дээшлүүлж олон улсын түвшнээс дээш гаргах зайлшгүй шаардлагатай. Гол нь хүнсний стандарт сайтай оронд гаднаас чанар муутай хүнсний бүтээгдэхүүн импортлогдох боломж хомс байдаг. Энэ асуудал гол, горхи уул өөд сөрж урсдаггүйтэй ижил зүй тогтоолоор явагдана гэсэн үг. Нөгөөтэйгүүр,хүнсний сайн стандарттай орны жишгээр олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар өндөр байдаг.Уг нь гурав хүрэхгүй сая хүнийг эрүүл хүнсээр хангаад, хүнсний бүтээгдэхүүний экспортын том орон болох боломж Монгол Улсад бий.

-Тухайлбал?

-Өмнөд хөрш олон улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүн экспортолдог 180 орчим компаниудынхаа бүтээгдэхүүнд баталгаа өгдөг талаарх мэдээлэл хэвлэлд гарсан байсан.Тиймээс манай импортлогчид өмнөд хөршийн энэ найдвартай хүнс үйлдвэрлэдэг компаниудтай худалдаа хийх нь зүйтэй.Түүнчлэн хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүнийг хэн ч хамаагүй импортолдог орон ихэд цөөрсөн. Энэ асуудлыг Худалдаа зохицуулалтын хуулийг гаргаж шийдвэрлэх шаардлагатай. Дотоодын хүнсний үйлдвэрүүдийн үйлдвэрлэлд эрсдэлд суурилсан хяналтын менежментийг нэвтрүүлэх хэрэгтэй. Хөгжилтэй орнуудад ийм хяналт бүрэн нэвтэрсэн. Энэ нь үйлдвэрлэгдээд худалдаанд гарсан хойно нь биш, түүхий эдийн үйлдвэрлэлээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болж гартал нь бүх шатанд эрүүл ахуй, чанарын эрсдэлийн цэгийн хяналтыг нэвтрүүл гэсэн үг. Мөн орон даяар малын халдварт өвчний хяналтын олон улсын нэгдсэн тогтолцоо, стандартыг нэвтрүүлэх нь чухал. Хүнсний аюулгүй байдлын төрийн хяналтын тогтолцоо оновчгүй, энэасуудлыг хариуцдаг төрийн байгууллага байгаа ч ажил хийдэггүй. Иймээс Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн яам, ХХАХҮЯ-ны хариуцах ажлыг оновчтой болгох хэрэгтэй. Эцэст нь Монгол Улс иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй нь үнэн бол хүнсний аюулгүй байдлын асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх цаг нь болсон.

-Саяхан танай АН-ын Баабар таны талаар нийтлэл бичсэн байсан.Тэр талаар та ямар тайлбар хийх вэ?

-Баабарт би хувь хүнийх нь хувьд хэлсэн үг хийсэн гэм байхгүй. Би төрийн түшээ болсноосоо хойш Монгол Улсын болон нийт иргэдийн эрх ашиг, хуулийг дээдэлж яваа. Тиймээс стратегийн ордууд дээрх булхай тодруулбал, Оюутолгойн гэрээг шүүмжилсээр, асуусаар, хууль дээдлэхийг эрх мэдэлтнүүдээс шаардсаар ирсэн. Оюутолгойн гэрээ бол Монголд ашиг багатай. Өнөөгийн байдлаар энэ төслөөс Монголын талд орох нийт ашиг 40-45 хувьтай байгаа. Энэ гэрээг хүмүүс "Түрээсийн саалийн үнээний гэрээ" гэж ёжилдог болсон. Гэрээнд УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Эрдэнэтэд 2011оноос үйлчилж эхэлсэн нөөцийн төлбөрийн тухай хуулийг Оюутолгойд тодорхой төвшинд хамруулах байдлаар өөрчлөлт оруулах, улмаар энэ төслөөс Монголын талд орох ашгийг 60-аас доошгүй хувьд хүргэхийн төлөө ажиллах болно.

-Одхүү начин та хоёрын дунд ямар асуудал үүссэн юм бэ.Та УИХ-ын халдашгүй эрхээ хамгаалуулна  гэжцагдаа шүүхийн байгууллагад хандсан юм уу?

-Болсон явдлыг л хэлсэн. Би тэр орой "Сөүл" ресторанд хоол идээд гарч явсан.Тэр үед Одхүү начин нартай тааралдсан. Уулзаагүй удсан тул мэндээ мэдэлцсэн.Тэгснээ та нар мангуу, халдашгүй дархан эрхтэй гэл үү гээд түлхээд авсан. Гэтэл тэдний үйлчлэгч нь цагдаа дуудчихсан та холдчих гэсэн.Тэгээд цагдаа ч ирсэн. Ийм л юм болсон. Зодуулсан бол би маргааш нь ажилдаа ирж чадахгүй биз дээ. Би тэгж, цагдаа шүүхэд хандсан зүйл байхгүй. Цагдаагаас туслахаар яриулаад байхаар нь асуудал гараагүй тул гомдол байхгүй гэсэн бичиг хийж өгсөн. Ийм л байна. Энэ хэнд сонирхолтой байдаг юм бол.

-Таныг хэн нэгэн санаатайгаар гүтгэж байна хэмээн та урьд нь мэдэгдэж байсан. Мэдээж, танд гадарласан зүйл бий л байх. Гол нь гүтгэх болсон шалтгаан нь юу юм бэ?

-Энэ нь стратегийн ордуудыг нийт 2.8 сая монголчуудад ашигтай шийдүүлэх гэсэн тэмцэлтэй холбоотой. Мөн 2012 оны сонгуультай ч холбоотой байх шиг байна. Сүүлийн үед улстөрчид бохир мөнгө ихтэй болчхоод гүтгэлэг бичүүлж нийтлэх нь ихсэж дээ.Тэрнээс хүн өөрөө зовлогоо зовоож шударгаар олж авсан хөрөнгөө бусдыг гүтгэхэд зарцуулах уу. Энэ гүтгэлгийн цаад эзэд нь олигархжсан луйварчид гэдэг нь бараг тодорхой. Гол нь тэр гүтгэлэг надад олз байх болно гэж хэлэх байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.