П.Алтангэрэл Төмс, хүнсний ногоо тариаланчдыг урамшуулах хэрэгтэй байна
2011.10.31

П.Алтангэрэл Төмс, хүнсний ногоо тариаланчдыг урамшуулах хэрэгтэй байна

Манай улсын ҮАБ-ын үзэл баримтлалд хүнсний аюулгүй байдлыг дэлгэрэнгүй тусгасан байдаг. Гэтэл энэхүү баримт бичиг бодит ажил болж хэрэгжсэн эсэхийг дүгнэвэл багагүй сөрөг хариулт гарна. Ялангуяа хүнсний аюулгүй байдал аль түвшинд байгааг манайхан  хэлүүлэлтгүй мэдэх учиртай.

Тиймээс Ерөнхийлөгчийн  дэргэдэх иргэний танхимаас энэ асуудлаарх нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлдүүлэгт Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүд, МХЕГ, Хүнсчдийн холбоо зэрэг холбогдох албаныхнаас гадна, энэ чиглэлээр бүтээл туурвиж, судалгаа дүгнэлт гаргадаг эрдэмтэд, иргэдийн төлөөлөл хүрэлдэн ирсэн юм. Энэ үеэр төрийн түшээд дараах асуудлыг хөндсөн.


-Хүнсний тухай хуулиас үндэслүүлээд Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг баталж гаргах шаардлага тулгарч байгаа юм.

Эрх зүйн орчин тодорхой бус байгаагаас бид хүнсний аюулгүй байдлын тухайд зохицуулалт хийж, тодорхой арга хэмжээ авч чаддаггүй. Хууль, орчин байхгүйг, үйлдвэрлэгчид ч, хэрэглэгчид ч дур дурандаа явж байна. 

Аюулшүй байдлыг хангах гол ажил бол эрх зүйн орчныг тодорхой болгох. Энэ оны есдүгээр сарын 28-нд Байгаль орчин,хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Олон улсын санхүүгийн корпорацитай санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ байгууллага Монголд"хүнсний аюулгүй байдлыг хангах орчин бий болгоход тусалъя гэж байгаа юм. Санамж бичигт гарын үсэг зурснаар хүнсний аюулгүй байдлыг хангахад хоёр тал ямар үүрэг гүйцэтгэхийг тодорхойлсон.

Тус корпораци олон улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж туршлагажсан газар. Зарим улс оронд энэ хуулийг ч боловсруулж өгсөн юм билээ. Бид ийм хуультай болсноор дотоодоосоо хүнсээ бүрэн хангах боломжтой болно. Манайд гурил, махны тухайд асуудал байхгүй. Төмс, хүнсний ногооны тухайд ч тэр бараг бүрэн хангаж байгаа. Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүнийг хаахын тулд төмс, хүнсний ногоо тариалагчдад мах, ноосон дээр үзүүлдэг шиг зохих хэмжээний урамшуулал үзүүлэх боломжийг нээж болно. Ийм хуулийн төсөл санаачилсан ч Засгийн газар агүй. Дэмжээгүй ч гэсэн өргөн барьж болно л доо. Би өргөн барья гэж бодож байгаа. Монголчууд өөрсдийгөө мах,гурил,төмс,хүнсний ногоогоор хангадаг байхад өөр юу хэрэгтэй юм.

-Та өөрийнхөө, гэр бүлийнхээ хүнсний аюулгүй байдалд хэрхэн анхаардаг вэ?

-Баталгаатай хүнс хэрэглэдэг. Би хэзээнээсээ олон төрлийн хүнс хэрэглээд байдаггүй хүн. Монгол малынхаа махыг монгол гурилтайгаа иднэ. Ногооноос байцаа байхад л болно. Жимс ч бараг хэрэглэхгүй. Манай хүүхдүүд ч адил. Аав ээж нь юу идэж хэрэглэнэ, түүнийг хүүхдүүд дуурайдаг юм байна. Сайхан гурилтай хоол л гэхээс тэр бүр олон төрлийн хоол гээд байдаггүй. Өвөл идшээ базаачихна. Тэгээд л махаа чанаад, шөлөнд нь будаа чанаж идээд байхаас сайхан юм хаа байх билээ. Адууны мах сайн. Миний бие   организмын  сахарын  хэмжээ нэг их биш ч, жаахан илүү гарах гээд байдаг юм. Эмч хянаж байгаарай гэдэг л дээ. Адууны мах идэж хоноод өглөө нь хэмжээд үзэхэд сахарын үзүүлэлт буурсан байдаг юм шүү. Тэгэхээр сайн гэдэг нь үнэн шиг байгаа юм.

Орой унтахын  өмнө  хоол  иддэг  байлаа. Одоо бол үгүй. Нас ахиад ирэхээр ходоод гэдсээ боддог болдог юм байна. Өглөөгүүр хоол идэж байх нь зүгээр гэж бодоод хэрэгжүүлдэг болсон. Оюутан байхаасаа өглөө хоосон гүйж гараад сурчихсан болохоор энэ дэглэм олон жил хэвшсэн байлаа. Харин сүүлийн жилүүдэд өглөөдөө хоол идээд байх болсон. Зүгээр санагддаг. Ер нь эрүүл, өөрийн гараар бэлтгэсэн хоол,хүнс л аюулгүй, баталгаатай.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.