Монголчууд таарснаа идэж, харснаа худалдаж авдгаа болино
Үндэсний аюулгүй байдалтай хүнс маш их холбоотой. Монгол ядуу, дээрээс нь үйлдвэрлэгч биш хэрэглэгч учраас хүнсний аюулгүй байдал гэдэг нэн тэргүүнд тавигдах ёстой чухал асуудал юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар "Хүнсний аюулгүй байдал: Олон улсын туршлага ба Монголд хэрэгжүүлэх боломж,
арга зам" олон улсын бага хурал болов. Хуралд Их Британи, Франц, Серби, ОХУ, БНХАУ, Латви улсаас мэргэжилтнүүд оролцож илтгэл тавьсан бол манай орноос УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү нар оролцлоо. Ингээд тэдний илтгэлээс хураангуйлан хүргэе.
Хүнсний аюулгүй байдлаа хянадаг бие даасан байгууллага хэрэгтэй
Хятадын хөтөлбөрийн удирдагч Кевин З.Чен "Хятадын хүнсний аюулгүй байдлын тогтолцоо: Зохицуулалтын үр өгөөжийг сайжруулах үндсэн элементүүдийн судалгаа" сэдвээр илтгэл тавилаа. Тэр "Монголчууд Хүнсний аюулгүй байдлын тухай хууль батлах хэрэгтэй. Ингэхдээ хувийн хэвшлийн хүнс үйлдвэрлэгчдийнхээ санаа бодлыг хуульдаа түлхүү тусгаж өгөх нь зөв юм. Монгол Улс тархай оршин суудаг цөөн хүн амтай, жижигхэн зах зээлтэй орон. Тиймээс Монголд Канад улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцооны жишиг тохирно. Канад улсаас туршлага судлах хэрэгтэй" хэмээн санаа дэвшүүлсэн юм.Мөн БНХАУ-ын Хүнсний аюулгүй байдлын тогтолцоог танилцууллаа. Тус улс нь бизнес эрхлэгчид, Засгийн газар, Хүнсний салбар, олон нийт гээд бүгд харилцан бие биеэ хянадаг гэнэ. Мөн хүнсийг улсын хилээр орж ирэхээс өмнө хянаж,орж ирэх үед нь мөн шалгаж, орж ирснээс хойш мөн хянах гэсэн шат дамжлагаар өндөр шаардлага тавьдаг юм байна. Харин экспортын хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо нь хүнсний түүхий эдийн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл боловсруулалт ,экспортын хяналт, хорио цээр гэсэн дамжлагатайг тухай тус улсын судлаачид илтгэлдээ дурдсан юм.
Литва улс хүнсээ бүх төвшиндхянадаг
Литва улсын Хүнс, мал эмнэлгийн үйлчилгээний газрын дэд захирал Зенонас Станевишиус өөрийн орны туршлагаас хуваалцав. Литва улсын сеймас буюу хууль тогтоох байгууллага, Засгийн газар, ХАА-н яам, Улсын хүнс, мал эмнэлгийн үйлчилгээний газар, ЭМЯ, Эдийн Засгийн яам, Хуульзүйн яам, Байгаль орчны яам хүнсний аюулгүй байдалд анхаарч, хяналт тавьдаг гэнэ. Гэхдээ энэ дотроо Улсын хүнс, мал эмнэлгийн үйлчилгээний алба хамгийн том үүрэг гүйцэтгэдэг. Тэд тариан тал-байгаас тавганд хүртэл бүх хяналт шалгалтыг тавьдаг. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг бага эрсдэлтэй, өндөр эрсдэл бүхий, дунд зэргийн эрсдэлтэй, зохисгүй хэмээн дөрөв ангилж шалгадаг хэмээн танилцуулсан юм.
Нэг алхам урагшаа, нэг алхам хойшоо
Доналд Макрей монголчуудад ул мөр мөшгөх тогтолцоог танилцуулав. Энэ бол манай оронд "Монгол мал" хөтөлбөрөөр хэрэгжиж буй малыг ээмэгжүүлэх, бүртгэх арга юм. Тодруулбал, өвчин тархахаас сэргийлэх цорын ганц арга, Үүний сайн тал нь чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг эргүүлэн татаж болдог гэнэ. Малыг ээмэгжүүлэх, бүртгэх тухай энэхүү илтгэл монголчуудад төдийлөн шинэ зүйл биш байлаа. Мөн Серб улсын судлаач Миомир Никсич хэлэхдээ "Хүнсний аюулгүй байдлын тухай хууль батлах хэрэгтэй. Ингээд улс төрөөс хараат бус Үндэсний лабораторуудыг байгуулж, санхүүжилт, тоног төхөөрөмжийг нь хангалттай тавьж өгөх хэрэгтэй" гэлээ.
200 гаруй төрлийн өвчин хоол хүнсээр тархлаг
Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Виват Рожанапитаяакорн илтгэлийнхээ үеэр хүмүүсийг сэрдхийлгэсэн дараахь тоо баримтыг сөхсөн юм. Хоол хүнсээр дамжин тархах өвчин, хүнсний бохирдол нь нийгмийн анхаарал татсан сэдэв болоод байна. Аюулгүй байдал хангаагүй хүнс нь олон төрлийн ужиг өвчин,
тэр дотроо хавдар үүсгэдэг хэмээн онцлов. 200 гаруй төрлийн өвчин зөвхөн хоол хүнсээр дамжин халдварладаг байна. Мөн дэлхий дээр жил бүр 2.2 сая хүн хүнсээр дамжин халдварладаг өвчнөөр нас бардаг гэсэн судалгааг дэлгэв. Монголд хорт хавдрын өвчлөл хэтэрхий өндөр болсон нь хүнсний аюулгүй байдал алдагдсантай холбоотой байж болохыг эдгээр тоо баримт нотолж байна.
Монголыг шүүмжлэв
Дэлхийн банкны группийн Флорентин Бланк Монгол орны хүнсний аюулгүй байдлын орчинг шүүмжиллээ. Тэрээр илтгэлдээ "Монголчууд бүх төвшинд итгэлцэл муутай. Аль ч төвшинд бие биедээ итгэдэггүй. Мөн үйл ажиллагааг анхаарахаас илүү дүрэм журам, бичиг цаасанд анхаардаг, тавигдаж буй шаардлага нь хоцрогдмол, бодит байдалд нийцээгүй гэв. Хэрэглэгчид нь ч хүнсний аюулгүй байдал гэж юу байдгийг огт ойлгодоггүй, давхардсан олон хяналт шалгалт хийдэг, тэгсэн хэрнээ гол асуудлаа гээгдүүлэх нь энүүхэнд товчхондоо л хяналт нь ямар ч үр дүн өгдөггүй хэмээн ярилаа. Мөн аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдан авах чадваргүй, гадаадаас орж ирж буй бараа, бүтээгдэхүүнээс хамгийн хямдыг нь сонгон хэрэглэдэг гэнэ. Энэ бол "Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг олон улсын тавцнаас үнэлэх нь" гэдэг сэдэвт илтгэл байлаа.
Шүүмжлэлийг монголчууд хүлээн зөвшөөрлөө
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын илтгэл дээрх шүүмжлэлийг хүлээн зөвшөөрлөө. Тэрээр монголчууд хүнсний бүтээгдэхүүнийхээ 60 хувийг өөрсдөө хангадаг хэмээн өөдрөг тоо хэлсэн боловч эрүүл ахуй талаас хяналт, шалгалт муу хэмээн "гараа өргөлөө." Манай худалдааны сүлжээ муу, халдварт өвчин тархахгүй гэх ямар ч баталгаа өгдөггүй, үйлдвэрийн бус аргаар боловсруулдаг гэх мэтээр сул талаа хүлээн зөвшөөрлөө.
Чанаргүй хүнс үйлдвэрлэдэг хоёр орны дунд Монгол оршдог
Мэргэжлийн хяналтынгазрын дарга Р.Содхүү угхурлын талаар ийн хэллээ.
-Олон улсын хурлаас манай улсад авууштай санаа гарав уу?
-Мэдээж байлгүй яах вэ. Монголд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зөвхөн нэг салбарт
хүнсний аюулгүй байдлаа хариуцуулдаг. 16 салбарт хяналт тавьдгийн нэг хэсэг нь л хүнс. Тийм болохоор хяналтаа сайжруулж, стандартаа өндөржүүлэх нь зөв л дөө. Гадаадын судлаачид Монголд анх удаа ирж байгаа учраас бидний талаар мэдээлэл хэр цуглуулсныг мэдэхгүй юм. Гэхдээ би илтгэлээрээ өөрийн орны онцлогоо танилцуулъя гэж бодож байгаа.