Хэрэглэгч өндөр шаардлага тавьж байж хүнсний чанар сайжирна
МУ-ын Шадар сайдын зөвлөх Н.Батсуурь
2013.07.04

Хэрэглэгч өндөр шаардлага тавьж байж хүнсний чанар сайжирна

Хүнсний салбарт тулгамдаж байгаа асуудал хэлэлцүүлэгт МУ-ын Шадар сайдын зөвлөх Н.Батсуурьтай ярилцлаа.

- Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд яах хэрэгтэй бэ? Манай улсын хувьд ямар чанар стандартыг баримталж байна.

Хүнсний аюулгүй байдлыг хангана гэдэг олон талын оролцооноос хамааралтай. Хамгийн гол нь бүтээгдэхүүн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ёстой. Тэгэхээр хэрэглэгч, үйлдвэрлэгч гэсэн хоёр талын хамаарал чухал гэсэн үг.

Хоёр тал хоорондоо шударгаар хэрэгцээгээ хангаж чадвал  хүнсний аюулгүй байдал алдагдахгүй. Харамсалтай нь дэлхийн аль ч оронд бизнес эрхлэгч, хэрэглэгчийн хооронд зөрчил байсаар байдаг. Тиймээс зохицуулах үүрэгтэй гуравдагч этгээд төр оролцож нийт хүн амын аюулгүй байдлын талд зогсдог юм. Энэ нь зөвхөн хэрэглэгчийн талд гэсэн үг биш.

Хүнсний аюулгүй байдал

Үйлдвэрлэгчээ дэмжихгүй бол бүтээгдэхүүний хомсдол үүсэх, импортын бараа бүтээгдэхүүний эзлэх байр нэмэгдэж хүнсний бараа бүтээгдэхүүний хараат болохоос зайлсхийх хэрэгтэй юм. Иргэдийн эрүүл чийрэг өсөн хөгжих, оюуны болон бие бялдарын хүчтэй байдлыг бий болгох хүнс тэжээлийн чанартай амин дэмтэй байх тал дээр төрөөс үйлдвэрлэгчдэд шаардлага тавьдаг.

Төрийн зүгээс одоогоор таван нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах төлөвлөгөө тавин ажиллаж байна. Манай улсын цаг агаар орчин нөхцөлөөс хамаарч дотоодын хэрэгцээг хангах боломжтой бүтээгдэхүүнд Мах, сүү, төмс хүнсний ногоо, гурил, үр тариа  ордог.

Хүнсний аюулгүй байдлыг хангах хэрэглэгч, үйлдвэрлэгчийн хоорондын харилцааг зохицуулахын тулд эрх зүйн орчинг тодорхой болгох шаардлагатай. Өнгөрсөн онд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг шадар сайд гишүүдийн хамтаар санаачлан олон улсын санхүүгийн шинжээчдийн тусламжтай боловсруулан УИХ-д өргөн барьж батлуулсан.

Хуулиар хүнс үйлдвэрлэгчдэд томоохон шаардлага тавигдаж байгаа. хамгийн эхэнд бүтээгдэхүүний шошгод өөрчлөлт оруулж бүтээгдэхүүний найрлага, тайлбарыг монгол, англи, орос гэсэн гурван хэлээр гаргаж байхаар болсон. Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлалд зөвхөн Монгол хэлээр байна гэсэн шаардлага байдаг. Хэрэглэгчдийн шаардлагыг хангах үед л хүнсний аюулгүй байдал хангагдлаа гэж үзэж болно.  

Хэрэглэгч бүтээгдэхүүнийхээ чанарт дэлхийн хэрэглэгчид ямар шаардлага тавьдаг тэр л шаардлагыг тавьдаг байх хэрэгтэй. Монголын хэрэглэгч өндөр шаардлага тавихад үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарч эхэлнэ.

Эцсийн дүндээ хүнсний аюулгүй байдлыг хангана гэдэг нь хэрэглэгч өөрийн хэрэглээнд хэр зэрэг өндөр шаардлага тавьж байна өөрийгөө хэр зэрэг хүндэтгэж байгаатай л холбоотой. Өөрийнхөө төлөө баталгаагүй, хямд, хортой бүтээгдэхүүнээс зайлсхийх л хэрэгтэй. Ингээд хэлэхээр орлогогүй гэсэн тайлбар хэлдэг ч хөдөлмөрлөх л хэрэгтэй шүү дээ.

Нийтлэг залуучуудын хувьд өндөр цалинтай ажил хийх хүн олдохгүй бүгд л оффист сууж цагаан гартай байхыг хүсдэг нь асуудал юм. Хангалттай мөнгөтэй бол хэрэглээндээ өндөр шаардлага тавьж чадна. Ингэснээр хүнсний аюулгүй байдал бүрэн эхээр нь хангагдах юм.  

-Манай улсад дээр дурьдсан бүтээгдэхүүнээр дотоодын хэрэглээгээ хангах үйлдвэрлэгч хангалттай байгаа юу?

Хамгийн эхлээд анхдагч үйлдвэрлэл болох малчид, газар тариалангийн фермерүүд маань бүрэн нийлүүлэлт хийж чадаж байна уу гэдэг чухал.  Анхдагч үйлдвэрээс боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргана. Бүр цаашлаад гүн боловсруулалтад оруулж бэлэн бүтээгдэхүүн болгон худалдаалдаг шүү дээ.

Энэ олон шат дамжлага дунд зориулалтын тээвэрлэлт, хадгалалт гээд  олон үе шат дамждаг. Анхдагч үйлдвэрлэлээс хангалттай нийлүүлэлт бий болгохын тулд Атар-ын гуравдугаар аян, мал аж ахуйг дэмжсэн бодлого хэрэгжүүлж байгаа.

Үүнд ган зуднаас сэргийлэх, малыг эрүүлжүүлэх, үйлдвэр угсааг нэмэгдүүлэх зэрэг ажил хийгдэж байна. Монголчууд таван хошуу малынхаа ачаар ер өлсөж үзээгүй ард түмэн. Малаа хамгаалж зөв өсгөж зарцуулж чадвал хамгийн цэвэр бүтээгдэхүүн боловсруулах боломжтой.

Хүнсний аюулгүй байдал

Сүү, мах гэдэг хүний хамгийн гол хэрэглээ. Дээрээс нь гурил, газар тариалангаа дэмжээд явбал дотоодын хэрэгцээгээ хангаад байх боломж бүрдэнэ. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс байгалийн орчин нөхцөлийн улмаар үйлдвэрлэх боломжгүй бүтээгдэхүүн цөөнгүй үүнд будаа, сахар зэрэг ордог.

Үүнийг бид импортоор л худалдан авдаг. Харин жимс жимсгэнийн хувьд Монголд хамгийн өргөн тархацтай жимс бол чацаргана. Их олон төрлийн витамины найрлагатай биед их ач тустай бүтээгдэхүүн учир “Чацаргана” тусгай хөтөлбөр хэрэгжүүлж хүний хэрэгцээн дэх жимс жимсгэнийн 15-20 хувийг хангах боломжтой. Бусад олон төрлийн жимсийг импортоор оруулж ирэх хэрэгтэй. Гэхдээ мэдээж чанарын стандартыг мөрдөж ажиллана.

-  Сүү, сүүн бүтээгдэхүүний чанарт яаж анхаарал тавьж байна бэ?

Сүү маш эмзэг бүтээгдэхүүн  учир фермерийн сүүг шууд зах дээр худалдаалж болохгүй. Сүүний чанарт анхаарахын тулд анхан шатны болон, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хамтран ажиллах уялдаа холбоо хэрэгтэй. Фермерүүдийг нэгтгээд хоршоо байгуулан сүүгээ нэг газар төвлөрүүлж, ариун ариун цэврийн шаардлага хангасан сүүг үйлдвэрлэгчдэд нийлүүлдэг болох хэрэгтэй гэж хувьдаа боддог.

Бусад орны жишээнээс харж байхад фермерүүд нэгдэж хоршоо болон хоршоогоор дамжуулан чанар стандарт, ариун цэврийн шаардлага хангасан бүтээгдэхүүн сүүгээ нэг цэгээс хөргөлт хадгалалтын горимыг ханган үйлдвэрлэгчдэд нийлүүлдэг байх хэрэгтэй болов уу? Монгол улс асар их сүүний нөөцтэй бүрэн ашиглаж чадахгүй л байна.

Хотоос зайтай орших аймгийн сүүг авахгүй байгаа шүү дээ. Уг тэр алслагдсан сум, аймагт жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлж боловсруулсан бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчлэх гэх мэт бүхэл бүтэн салбарын бодлого хэрэгтэй байна. 

- Хүнсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байна. хэрэгжилт хэр байна?

Хууль бол хууль хуулийг хэрэгжүүлэх л ёстой. Хүнсний аюулгүй байдлыг хангаж хэрэглэгчийн эрхийг хамгаалахад хууль эрх зүйн орчин ойлгомжтой байх хэрэгтэй. Үйлдвэрлэгч өөрийн бизнесийн аюулгүй байдлыг анхаарч иргэдэд итгэл төрүүлснээр ашиг орлого нэмэгдэнэ.

Хуулийн хэрэгжилтэд Шадар сайдын зүгээс мэргэжлийн хяналтын байгууллагад хэд хэдэн шаардлага тавьсан. Хуулийн хэрэгжилтийг хянадаг аж ахуй нэгжүүдтэй хариуцлага тооцдог хариуцсан мэргэжилтэн бий. Хуулиар үйлдвэрлэгчдэд гурван үндсэн шаардлага тавьсан.

Нэгдүгээрт үйлдвэрийн зохистой дадлыг нэвтрүүлэх. Зохистой дадлын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чадвал аюултай, муудсан ажлын хариуцлага алдсан зүйл гарахгүй. Хоёрдугаарт хөдөө аж ахуйн зохистой дадлыг үйлдвэрлэгчдийн түвшинд мөрдүүлэх ёстой.

Гуравдугаарт дээрх хоёр үйлдвэрлэгч ариун цэврийн зохистой дадлыг мөрдөж ажиллана. Зохистой дадлын мэдээлэл сургалт, сурталчилгааг хөдөө аж ахуйн яамнаас хийж, мэргэжлийн хяналтын газраас ямар шаардлага хангасан байх ёстойг мэдэгдэж зөрчил дутагдлыг арилгах хэрэгтэй байна. үүний тулд хяналтын байцаагч нарт хандсан сургалт зохион байгуулах хэрэгтэй.

Одоогоор мэргэжлийн хяналтын газраас үйлдвэрүүдийг эрсдэлийн бүлгээр гурав ангилсан. Эрсдэлгүй, дунд эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй гэж. Ингэж ангилснаар хамгийн өндөр эрсдэлтэй үйлдвэрээс эхлэн шалгалтын хоорондох зайг нэмэгдүүлэх,  зөрчил дутагдлыг арилгуулах, зөвлөх арга хэмжээ авч байгаа.  Нийт хяналт шалгалтын 70 хувь нь зөвлөх үйлчилгээ үзүүлж байцаагч нараа сургадаг.

-Үйлдвэрлэгчдэд тавигдах хариуцлага өндөр дарамт үүсэх тохиолдол гарах боллоо. Үүнийг яаж шийдэх бэ? 

Үйлдвэрлэгчдэд дарамт шахалтаас хол байхын тулд өөрсдийнхөө үйлдвэрлэл явуулдаг системээ өөрчлөх хэрэгтэй байна. зохистой дадлыг бүх салбарт хэрэгжүүлээд эхэлбэл түүхий эд хүлээн авахаас эхлүүлээд ажлын үйл явцын мэдээлэл тодорхой бол ямар ч дарамтаас айх зүйлгүй болно. Урьд нь тийм зүйл байхгүй захаас авсан бүтээгдэхүүнээ шалгаад л торгох ажил хийдэг байсан. Зохистой дадлыг хэрэгжүүлээд эхлэхээр чанаргүй бүтээгдэхүүн гарахгүй.

-Зохистой дадлын шаардлага стандартыг хаанаас боловсруулсан бэ?

Олон улсын стандартын дагуу монгол хэлээр орчуулагдаад монгол стандарт болж гарч байгаа. Үүнийг үйлдвэрлэгчид ашиглаж ажиллана.

-Үйлдвэрлэгчдийн зүгээс импортын бараа бүтээгдэхүүнийг бууруулж өгөөч гэсэн хүсэлт их тавьдаг.

Дотоодын хэрэгцээг хангах боломжтой бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэхгүй байх хэрэгтэй. Тиймээс энэ талын мэдээллийг импортлогчдод өгч байх шаардлагатай.  Тэрнээс биш стандартын шаардлагад нийцсэн монголын зах зээлд байхгүй бүтээгдэхүүнийг дотооддоо оруулж ирэх боломжтой.

Хүнсний аюулгүй байдал

Энэ нь өрсөлдөөний зах зээлийн хуулиар зохицуулагдаад явна мэдээж хамгийн гол нь тэр бүтээгдэхүүн чанарын шаардлага хангасан, хаяг шошго нь ойлгомжтой байх ёстой. Зарим бүтээгдэхүүний хувьд эрсдэлээр хангаж эрсдэл багатай бүтээгдэхүүнийг оруулж ирэхэд хориглоод байх шаардлага байхгүй.

-Манай улсын хувьд дотоодын хэрэгцээгээ хангаж байгаа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах боломж хэр байна бэ? Чингис бондоос хүнсний салбарт зарцуулалт хийгдэх үү?

Манай улс гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ түүхийгээр нь гаргах тийм ч сайн биш. Бүр дотоодын зах зээлээс хямд үнээр экспортлох гээд байдаг. Үнэндээ монголын мах маш чанартай сайн бүтээгдэхүүн. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох дээр анхаарах хэрэгтэй байна.

Дэлхийн  хэмжээний томоохон худалдааны системд хамрагдахын тулд аж ахуй нэгжүүд хамтран томоохон зах зээл бий болгох хэрэгтэй.  Ялангуяа сүү, мах махан бүтээгдэхүүний салбар өнөөдрийг аргацаагаад байж болохгүй шүү дээ. Чингис бондоос хүнсний салбарт 27.7 сая доллар өгсөн. Одоо харин түүнийг яг хэрэгтэй салбартаа зарцуулах шаардлагатай.

Зээл авч байгаа аж ахуй нэгжүүд эргэн төлөх хариуцлагаа ухамсарласан, хамгийн хэрэгтэй тоног төхөөрөмж үйлдвэрлэлдээ зарцуулах төлөвлөгөөтэй байх хэрэгтэй . Нэг жижиг үйлдвэр 10 тонн хиамыг худалдаалах гэж гадаад зах зээл дээр гарах, 10 үйлдвэр нэгдээд 100 тонныг гаргах их ялгаатай.

Гадаадын томоохон үйлдвэр эрхлэгчдэд нийцүүлсэн гадаад зах зээлийг хөгжүүлэхийн тулд зохион байгуулалт хэрэгтэй байна. Том үйлдвэр ерөнхий массад зориулсан болохоор тэр бүр хамгийн чамин ганц гэгдэх дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн гаргах нь бага. Харин жижиг үйлдвэрүүд энэ чиглэлд анхаарвал үр дүнтэй байх гэж өөрийн санаагаа хуваалцмаар байна.