Р.Мөнхбат: Төрийн бодлого үгүйлэгдэж байна
Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Р.Мөнхбат
2013.10.01

Р.Мөнхбат: Төрийн бодлого үгүйлэгдэж байна

Газар тариалангийн салбарт тулгамдаж буй асуудал сэдвийн хүрээн Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Р.Мөнхбаттай ярилцлаа.

- Эхлээд ассоциацийн зорилгоо танилцуулахгүй юу?

Манай хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци нь хүн амын хүнсний хэрэгцээг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахад хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч, иргэн, өрх, фермер, аж ахуйн нэгж, бүлэг холбоо болон,

ТББ-ын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах тэдгээрийн эрх ашгийг хамгаалах төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилго бүхий гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм. 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хооронд аж, ахуй, өрхийн тариаланг дэмжих бодлогын хүрээнд олон ажил хийж гүйцэтгэж байна.

- Газар тариалангийн салбар Монголд ямар түвшинд байна вэ?

Монгол өөрөө мал аж ахуйн орон газар тариалан 1950 оноос хойш хөгжсөн. Нэгэн үе Монголынхоо хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй гадаадад экспортолж байсан бол өнөөдөр нийт нарийн ногооны дотоодын хэрэгцээний 50 хувийг л хангаж байна. Энэ жил 420 мянган га-д тариалалт хийснээс 293 мянган га-д үр тариа, 136.8 га-д төмс, 9.2 мянган га-д нь хүнсний ногоо тариалсан.

Гэвч өнгөрсөн жил төмс илүүдэж үнэгүйдсэнээр болж энэ жилийн төмсний тариалалт 1500 га-р багассан. Уг нь манай улсад тариалалтын бүс тийм ч олон байдаггүй. Гэтэл энэ жил хичнээн хэмжээний тариалалт хийгдэж хичнээн нь борлогдож, хичнээн нь үлдээд байгааг тодорхой судалдаггүй. Мөн ямар үнэтэй худалдаалагдаж байгаа, үнэтэй байна уу, үнэгүйдэж байна уу гэдгийг судалдаг байх хэрэгтэй.

Цаашлаад тариаланчдад ямар ногоо тариалах хэрэгцээтэй байгааг мэдээлэх хэрэгтэй байна.  Бусад ногооны хувьд мэдээлэл байхгүй. Учир нь яамнаас хүнсний ногоо гэж ерөнхийлсөнөөс Хятадаас ихэнх ногоог импортолж байна.

Өвлийн улиралд бид хятадын ногоог л идэж байгаа. Тиймээс өвлийн хүлэмж барьж, нарийн ногоо болон бусад ногоогоо тарих боломж бий. Байцаа өвлийн хүлэмжид маш сайн ургадаг.  Атрын 3-р аян, ногоо хувьсгал гэх мэт төсөл хэрэгжсэнээр үр тарианы салбар сэргэсэн ч төмс, хүнсний бусад ногооны хувьд хүндрэлтэй зүйл байсаар байна.

- Нэн тэргүүний тулгамдаж буй асуудлууд юу байна?

Нэн тэргүүний тулгамдсан асуудал зөвхөн борлуулалт биш газар тариалангийн салбарт хэрэгжүүлэх төрийн цогц бодлого үгүйлэгдэж байна.

Нэн тэргүүний тулгамдсан асуудал зөвхөн борлуулалт биш газар тариалангийн салбарт хэрэгжүүлэх төрийн цогц бодлого үгүйлэгдэж байна. Хураан авсан ургацынхаа хэмжээг нарийн судлан гаргаж үүнтэй уялдуулан борлуулалтад бодлого явуулах ёстой. Тиймээс нэн тэргүүнд энэ салбарт сайн судалгаа хийх хэрэгтэй байна. Үүнд манай ассоциацийн зүгээс тусалж, хамтран ажиллах бүрэн боломжтой. 

Удахгүй хүйтэрч тариаланчид гадаа худалдаа хийх боломжгүй болж худалдааны төв,  хүнсний захыг барааддаг. Гэтэл хүнсний зах, томоохон худалдааны төвд Монгол төмс 800-1200 төгрөг худалдаалагдаж, бүр тариаланчдыг энэ үнээр зар гэсэн шахалт үзүүлдэг байна. Тариаланчдын хувьд өртөг, зардлаа тооцон 600 төгрөгөөр зарах боломжтой ч худалдаачид, ченжийн шахалтад орж байна. Үүнд хэрэглэгч болоод, тариаланчид л хохирч байна шүү дээ. Өнгөрсөн жил төмс илүүдэн борлуулалт байхгүй үед ч төмсний үнэ буураагүй. Үүнийг ШӨХТГ яагаад анхааралдаа авахгүй байна вэ.

Хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциациас аймаг, дүүргийн төлөөлөл нийлсэн 230 гаран оролцогчдын бүрэлдэхүүнтэй “Төмс, хүнсний ногооны үнэгүйдэл, түүнээс гарах арга зам” нэртэй уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үр дүнг танилцуулан хотод мэдээлэл хийхэд төмс, хүнсний ногоо өндөр үнэтэй байхад үнэгүйдэж байна гэдэгтэй санал нийлэхгүй гайхаж байсан. Үнэндээ хөдөө орон нутагт төмс, хүнсний ногоо үнэгүйдэж, хот суурин газарт өндөр үнэтэй байгаа нь дундын дамжлага хэтэрсэн төрийн зохицуулалт хийгдэхгүй байгаатай холбоотой.

Тариалангийн бүс нутгийн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгчдийн хүсэлтээр Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциациас “Төмс, хүнсний ногооны үнэгүйдэл, түүнээс гарах арга зам” сэдэвт уулзалт хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг, үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт шаардлага гаргаж хүргүүлсэн.

Энэхүү шаардлагад газар тариалангийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг багтаан шийдэх өгөхийг хүссэн юм. Манай улсын төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд төрөөс борлуулалт  буюу хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүнээр тогтвортой үнээр хангах тогтолцоо, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, урамшуулах бодлого, хяналт, зохицуулалт,

менежмент алдагдсанаас болж, хураан авсан төмс, хүнсний ногооны 42 хувь нь борлуулалтгүй хаягдаж, дундын зуучлагчдын ашиг хөөсөн явцуу бодлого, ашгийн төлөөх хэт өсөлт удаан үргэлжилж үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироон давхар алдагдалд оруулсан нь үйлдвэрлэл эрхлэгчдийн урам зоригийг мохоож,  итгэлийг алдагдуулж байна.

Жишээлбэл: Төв аймгийн Жаргалант, Бор- нуур сумын тариаланчид 2012 онд хураасан төмсний 11.6 хувийг  борлуулж чадалгүй хаясан нь 3.4 тэрбум төгрөгийн алдагдалт хүлээсэн байна.  Энэ бүгдийг нэгтгэн албан шаардлага хүргүүлсэн ч хариу нь ирээгүй байгаа.

Тариалан эрхлэгчдийн зүгээс гаргасан энэхүү шаардлага нь газар тариалангийн салбарын тулгамдаж байгаа асуудлууд гэж ойлгож байна. Тэрхүү шаардлагаас дурдана уу?

Нэгдүгээрт нийслэлд дундын дамжлагагүй шууд хэрэглэгчдэд хүргэх бодит гарц бий болгох, өөрийн өртгөөс хэт давсан үнээр худалдаалахгүй байхад анхаарч, хотын төвлөрсөн зах, худалдааны төвүүдэд лангууны 30-40 хувийг үйлдвэрлэгчдэд түрээслүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэхийг шаардаж байгаа.

Өнөөдрийн байдлаар газар тариалангийн салбарын нийт ургацын 62 хувийг өрхийн тариаланчид буюу 71 мянга өрх бүрдүүлдэг гэсэн яамнаас гаргасан бодит тоо бий.

Мөн дотоодын хэрэгцээнээс илүү гарсан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалт, хураалтад судалгаа хийж, экспортод гаргахын тулд үндэсний үйлдвэрлэгчийг бодлогоор дэмжих,  Гуравдугаарт нь орчин үеийн технологийг нэвтрүүлсэн зоорь тариалангийн бүс нутгуудад төрийн хөрөнгө оруулалтаар байгуулан үйлдвэрлэгч нарт түрээсээр эзэмшүүлэх. 

Дөрөвдүгээрт: өнөөдөр манай газар тариалангийн үйлдвэрлэл найман хувийг механикжуулалттай үлдсэн хэсэг нь гар хөдөлмөр зонхилсон байгааг өөрчилж технологийг шинэчлэн тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч механикжуулалтыг дор хаяж 60 хувьд хүргэх нөхцөлийг бүрдүүлэх. Дараа нь хүлэмжийн аж ахуй эрхлэгч, үйлдвэрлэгч нарт үйлдвэрлэлээ өргөтгөж шинэ технологи нэвтрүүлэхэд урт хугацаатай санхүүгийн дэмжлэг олддоггүй.

Тариаланчдад ургацаар нь барьцаалан зээл олгох, тариалангийн талбайг нь үнэлэн үл хөдлөх хөрөнгийн хэмжээнд жишин тооцох, төрийн бодлогоор зээлийн сан байгуулах замаар тариаланчдад эдийн засгийн тогтвортой дэмжлэг үзүүлэх, Зургадугаарт: хүнсний ногооны нэр төрлийг олшруулах, өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд анхаарах. Аймагт нэг нарлаг хүлэмж байгуулахад өвөлжин нарийн ногоо идэх боломж бүрдэнэ гэсэн судалгаа байдаг.

Мөн хүнсний ногооны гол худалдааны газар болох “Барс” худалдааны төв нь бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйг дээдлэх бус, импортын бүтээгдэхүүний нийлүүлэлт үнийн өсөлтийг хөөрөгдөн үндэсний үйлдвэрлэгчдэд үнийн дарамт үүсгэж, үгсэн хуйвалдаж хэрэглэгч, үйлдвэрлэгчийг хохироож байгааг анхааралдаа авч үнийн монополь байдлаас хязгаарлах, хариуцлага тооцоход анхаарах юм. “Барс” худалдааны төвд өдөрт 6 -7 вагон төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ импортоор орж ирдэг гэсэн судалгаа бий.

Наймдугаарт: төмс, хүнсний ногооны нэг кг бүтээгдэхүүний үнийн өртөгт суурилсан борлуулалтын үнийн доод түвшинг үйлдвэрлэгч, төр хамтран тогтоож, мөрдөж ажиллах, Мөн ХАА-ын салбарт ажиллаж байгаа үйлдвэрлэгчдийг сургах, мэргэжил эзэмшүүлэх мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд богино хугацааны сургалтад хамруулж үнэмлэх гэрчилгээ олгох хамгийн сүүлд нь малчдын загвар хоршоо байгуулагдсантай нэгэн адил Газар тариалангийн загвар хоршоог үйлдвэрлэлийн үндсэн бүс нутгуудад шинээр байгуулан,чадавхижуулхад дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Энэ мэт 10 зүйл бүхий шаардлагыг холбогдох хүмүүст хүргүүлэн өгсөн байгаа.

Өнөөдрийн байдлаар газар тариалангийн салбарын нийт ургацын 62 хувийг өрхийн тариаланчид буюу 71 мянга өрх бүрдүүлдэг гэсэн яамнаас гаргасан бодит тоо бий. Гэтэл эдгээр хүмүүс анхаарал тавихгүй байна. Мөн “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөр засгийн газраас батлах гэж байгаа үүнийг яаравчлуулах юм бол дээрх тулгамдаж байгаа асуудлыг шийдэх олон гарц болно.

- Хөдөө орон нутагт хүнсний ногоо, төмсний үнэ үнэгүйдэж, Улаанбаатар хотод үнэтэй байгаа нь ойлгомжгүй байна. Ченжээр гар дамжих явдал, худалдааны төвийн шахалтыг яаж зохицуулах уу? гарц, гаргалаа юу байна?

Монгол ногоогоо гарал үүсэл, ариун цэвэрт нь шаардлага тавиад худалдах боломжийг нь гаргаж өгөх юм бол хэрэглэгч, үйлдвэрлэгчдэд ашигтай, тустай байх болно.

Төрийн бодлого л дутагдаж байна. Мэргэжлийн холбоо бол иргэдийн эрх ашгийг хамгаалж төрийн бодлогод нөлөөлөх шаардлага тавьж саналаа өгдөг байгууллага. Төрөөс судалгаагүй бүх зүйл сайхан болно гэсэн худлаа мэдээлэл өгдөг. Үүнийг бид хянах үүрэгтэй. Шинэчлэлийн засгийн газар сайхан ажлууд зөндөө хийж байгааг харж байгаа ч зарим салбарт ул үндсээр нь өөрчлөх шаардлагатай зүйл байгаа.

Миний хувьд Сүхбаатар, Дорнодоос бусад бүх аймгаар явж тариаланчдын аж байдалтай танилцсан. Гэтэл үр нь муудсан, механикжуулалт байхгүй, гараараа хөдөлмөрлөсөн хэрнээ үр дүнгүй ашиг олдоггүй, сэтгэлээр унасан хүнтэй их таарсан. Тариаланчдад тулгамдаж байгаа асуудалд төр нухацтай хандах ёстой. Бид айлгах гэж тулган шаардаагүй хамтран ажиллахад бэлэн гэсэн саналаа илэрхийлж байгаа юм. Мэдээж үр дүн нь өнөөдөр гарчихгүй цогцоор бодлого боловсруулж ирэх хаврын тариалалтад анхаарах хэрэгтэй гэж бодож байна.

- Нэгэнт зоорьтой байгаад өвөл  хүнсний ногоо худалдлаа ч гэсэн үнийн шахалт байсаар байгаа бол хямд байна гэж найдаад хэрэггүй юм уу даа.

Санал нэг байна. Зоорь бариад нэмэргүй импортоор бүтээгдэхүүн орж ирсээр байна. Импортоор жимсний хэрэгцээгээ бүхэлд нь хангаж байна гэхэд хилсдэхгүй биз ээ. Төмс, хүнсний ногоонд ч зөвхөн зоорь байгаад нэмэргүй төрийн оролцоо хэрэгтэй. “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнд Хятад ногоо худалдсан тохиолдол бий. Асуудал зоорь барьснаар шийдэгдэхгүй. Мөн барьсан зоорио хувьд эзэмшүүлэх юм бол дахиад л  өндөр үнээр түрээслэх болно. Тэгэхээр төрийн бодлого, оролцоо үгүйлэгдэж байна.   

- Манай тариаланчид төмс түлхүү тарьдаг.  Гэтэл төмс илүүдээд, хүнсний ногоо дутагдаад байна. Тариаланчид зах зээлээ мэдрээд хүнсний ногоо тарих нь дутагдаад байна уу? Тариад ч нэмэргүй импортын зах зээлд шахагдаад чадахгүй байна уу?

Энэ бол маш чухал асуулт би өөрөө ч ойлгохгүй байна. Яагаад хоол борлуулаад байхад нэг газар нь үнэтэй,  нэг газар нь үнэгүй, илүүдээд байгаа ч юм шиг хэрнээ импортоор орж ирээд дутаад байгаа ч юм шиг байгааг ойлгохгүй байна. Үүний учрыг төр олох хэрэгтэй. Төр ажлаа хийхгүй байна гэж шүүмжилмээр байна. Үйлдвэр хөдөө аж ахуйн бодлогын яам иргэдээ яаж хүнсний ногоогоор хангах уу гэдэгт анхаарлаа хандуулахгүй байна.

Гэтэл тэрбум гаран хүн амтай хятад улс иргэдээ хоолоор хангаж чадаж байна шүү дээ. Бас нэг ойлгомжгүй зүйл бол тариаланчид өөрийн тарьсан, эрүүл хөрсөнд ургасан ногоогоо гудамжинд зарах боломжгүй хэрнээ хятадаас орж ирсэн чанарыг баталгаагүй, хэзээ орж ирсэн нь мэдэгдэхгүй жимсийг наранд хатаагаад гудамжинд зарсаар байгаа явдал. Үүнд хэн хяналт тавих вэ? Харин монгол ногоогоо гарал үүсэл, ариун цэвэрт нь шаардлага тавиад худалдах боломжийг нь гаргаж өгөх юм бол хэрэглэгч, үйлдвэрлэгчдэд ашигтай, тустай байх болно.

Уг нь манай улсад хүнсний ногоо тариалагч хэдхэн аймаг, сум байдаг шүү дээ. Зах зээлд чанарын жинхэнэ өрсөлдөөн бий болгох хэрэгтэй. Манай ассоциацийн зүгээс судалгаа хийхэд анхаарч тусалж чадна. Үүний дараа гарах гарцаа тодорхойлох хэрэгтэй. Яам ард түмнээсээ хоцорч байна л гэж хэлмээр байна.