Хөрсний элэгдлийг зохих техник технологийн тусламжтай бууруулж болно
Доктор Вольфганг Фок, ХААИС-ийн доктор профессор Ч.Бямбадоржийн хамт
2013.09.27

Хөрсний элэгдлийг зохих техник технологийн тусламжтай бууруулж болно

Бидэнд цаг гаргаж ярилцлага өгч байгаад тань баярлалаа. Юуны өмнө өөрийгөө товч танилцуулна уу?

-Намайг Вольфганг Фок гэдэг. Би бага насаа фермерийн аж ахуйд өнгөрөөсөн. Хөдөө аж ахуйн машин техникийн инженер мэргэжилтэй, хөрс боловсруулах ажлыг механикжуулах чиглэлээр докторын зэрэг хамгаалсан нэгэн.

“LЕМКЕN GmbH & Со. КG” компанид 20 гаруй жил ажилласан. Энэ компани нь хөрс боловсруулах, үр суулгах, ургамал хамгааллын бодис цацах машин техникийг шинэчлэх, боловсронгуй болгож үйлдвэрлэдэг Германы тэргүүлэгч компаниудын нэг л дээ.

Миний бие уг компанид экспортын менежерээр ажиллаж Зүүн Европ, ТУХН-ийн орнууд болон БНХАУ-д “LЕМКЕN” -ий техник тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, борлуулалтын дараах үйлчилгээ хариуцан ажиллаж ирсэн. Миний бие 30 жилийн турш хуримтлуулсан туршлагадаа үндэслэн “Аmmас МGL” компанийн харилцагч нартай харилцаа, холбоо тогтоох, ClAAS, LЕМКЕN, RAUCH, WM/RОРА болон ВЕINLICH-ийн бүтээгдэхүүний борлуулалт, техникийн үйлчилгээний найдвартай сүлжээ бий болгох чиглэлд зөвлөгөө өгч ажиллаж байна.

Монголын газар тариалангийн салбарыг гадны хүний нүдээр харахад хэрхэн харагддаг бол. Таны харж байгаагаар Монголын газар тариалангийн салбарын тулгамдсан асуудлууд юу вэ?

-Одоогоор Монгол орны талаар, Монголын ХАА-н салбарын талаар мэдэх, судлах зүйл их байна. Иймд таны асуусан асуултад бүрэн дүүрэн хариулт өгөхөд арай эрт байна. Гэхдээ анхны сэтгэгдлээ хуваалцахыг зөвшөөрнө үү. Миний бодлоор Монголын газар тариалангийн салбар 20 орчим жил уналтын байдалтай байсны эцэст сэргэн хөгжих гарааны үедээ ирсэн.

Миний бодлоор Монголын газар тариалангийн салбар 20 орчим жил уналтын байдалтай байсны эцэст сэргэн хөгжих гарааны үедээ ирсэн.

Өнөөдөр газар тариалангийн үйлдвэрлэгчид хөрөнгө оруулах чадвар сул, тиймдээ ч өндөр хүчин чадалтай ХАА-н машин техник дутагдалтай байна. Хэдийгээр зарим ХАА-н компаниуд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж эхэлж байгаа ч дийлэнх аж ахуйнууд өнгөрсөн зууны 70-аад онд хэрэглэгдэж байсан арга барил, хуучин машин техникээр ажлаа явуулсаар байна.

Газар зүй, цаг уурын онцлог, ялангуяа ургамал ургах улирал богино, хур тунадас бага унадаг, тархац нь зохистой бус харьцаатай, салхинаас үүдэлтэй хөрсний доройтол зэрэг нь газар тариалан эрхлэгчдэд ихээхэн хүндрэлийг бий болгож байна. Хөрс бордолт, сэлгэн тариалалт бараг хийдэггүй, ургамал хамгааллын арга хэмжээ маш бага авч байна.

Одоо хэрэглэгдэж байгаа хараар өнжүүлэх уринш нь хөрсний үржил шимийг дээшлүүлэхэд төдийлөн оновчтой арга гэж үзэхгүй байна. Гэсэн хэдий ч Монголын тариаланчдын хүрсэн амжилтыг хараад бахархах сэтгэл төрснөө нуух юун. Жишээ нь дотоодынхоо төмсний хэрэгцээг хангах чадвартай болсон гэх мэтийг дурдаж болно. Миний хувьд Монголын газар тариалангийн салбар үүнээс ч илүү амжилтад хүрэх боломжтой гэдэгт бүрэн итгэдэг.

- Таныг хөрс боловсруулалтаар мэргэшсэн хүн гэж дуулсан. Тэгэхээр хөрсний үржил шимийн ач холбогдлын талаар санал бодлоо бидэнтэй хуваалцана уу?

-Энд би бяцхан залруулга хийх нь зүйтэй болов уу. Би бол хөрсний үржил шимээр мэргэшсэн хөрс судлаач хүн биш. Гэхдээ ХАА-н техникийн салбарт ажилладгийнхаа хувьд хөрс судлаач, тариаланчдын тавьж буй зорилгод хүрэхийн тулд хөрсний бүтэц, үржил шимийн үзүүлэлтүүд нь ямар байх ёстой, ямар техник технологи ашиглах шаардлагатай вэ гэдгийг харин хэлж чадна.

Хөрсөн дахь азот, кали, фосфорын хэмжээ хангалттай, хүчил, шүлтийн тэнцвэр нь шаардлагатай түвшинд, зохих хэмжээний ялзмагтай бол тухайн хөрснөөс урт удаан хугацаанд өндөр ургац авах боломж бүрдэнэ. Үүнийг хэрэгжүүлэх нь өөрөө цаг хугацаа шаардсан ажил бөгөөд юуны түрүүнд хөрсөндөө шинжилгээ хийлгэж түүний бүтэц, шинж чанарын талаар ерөнхий ойлголттой болохоос эхэлдэг.

Тариаланчдын хувьд хөрсний үндсэн арчилгаанд анхаарах нь хамгийн гол стратегийн зорилго нь байх ёстой. Үр суулгах ажлыг шим бордоогоор бордох ажилтай нэгэн зэрэг хослуулан гүйцэтгэх нь таримлын ургалтын хугацаанд хөрсний шим тэжээлийн дутмагшлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. Үүний тулд ийм хосолсон ажиллагааг хийх чадвартай “LЕМКЕN –Соmpact Solitair” мэтийн хийн үрлэгч шаардлагатай.

Уг үрлэгч нь нь нэг явалтаар үр суулгах шуудуу татан үрийг маш өндөр нарийвчлалтайгаар суулгахын зэрэгцээ эгнээ хооронд үрийг суулгасантай ижил түвшний гүнд эрдсийн бордоог өгөх функцийг давхар гүйцэтгэдэг.

Газар тариалангийн хөрсний үржил шимийн алдагдлыг бууруулах чиглэлд нэн даруй авах шаардлагатай бас нэг арга хэмжээ бол хараар өнжүүлдэг уриншийн технологийг нэн даруй хэрэглээнээс халж оронд нь ногоон бордуурт өнжүүлэх технологийг нэвтрүүлэх явдал юм. Жишээ нь царгас тариалах замаар ногоон бордуурт өнжүүлэлт хийж болно.

-Сүүлийн жилүүдэд Монгол орны хөрсний доройтол 60-70 хувьд хүрсэн гэсэн судалгаа бий. Үүнд ХАА-н салбарт хүлээн зөвшөөрөгдсөн ямар арга хэмжээ авбал үр дүнтэй, санхүүжүүлэх боломжтой арга хэмжээ болно гэж та бодож байна вэ?

-Тийм ээ, хөрсний доройтол бол дэлхий дахины анхаарал татсан асуудал болоод байна. Үүнд салхи, ус, хүчтэй бороо зэрэг хүн бүхний мэдэх байгалийн хүчин зүйлүүд нөлөөлдөг. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөллийг газар зохион байгуулалтын болон тариалалтын тодорхой арга, технологи ашиглах замаар шийдвэрлэж болно.

Мөн механикжуулалтын дэвшилтэт технологи ашиглан зохих түвшинд шийдвэрлэх боломжтой. Газар зохион байгуулалтын арга гэдэгт жишээ нь хэн бүхний мэдэх салхинаас хамгаалах зурвасыг дурдаж болно. Түүний тусламжтайгаар салхинаас үүдэлтэй хөрсний элэгдлийг бууруулдаг.

Тариалалтын арга гэдэгт Жишээ нь: өнгөн хөрсийг боловсруулахаас үрлэгээ хийх хүртэлх хөрс боловсруулалтын хугацааг аль болох бага байлгах, хөрсийг анжсаар хагалж боловсруулахаас татгалзаж хөрсийг аль болох сэндийчихгүй боловсруулах, идэвхтэй хөдөлгөөнт багаж техникийн хэрэглээнээс татгалзаж хөрс сийрэгжүүлэх ажиллагааг түүний өнгөн хэсгийг нягтаршуулах замаар чийг хаах ажиллагаатай уялдуулан гүйцэтгэх, хөрсний ширхэгжилтийг үр суулгахад тохиромжтой бүтэцтэй болгох, агротехникийн хувьд үр суулгах хамгийн тохиромжтой цагийг сонгон олон үйлдэл зэрэг гүйцэтгэдэг машин техник ашиглаж богино хугацаанд тариалалтын ажлыг амжуулах гэх мэтийг дурдаж болно.

Гэхдээ аль нэг арга хэмжээг ерөнхийлж ойлгоод бүх асуудлыг нэг дор шийдчихнэ хэмээн  төөрөгдөхөөс сэрэмжлүүлэх нь зүйтэй болов уу. Эцэст нь хэлэхэд тухайн хөрсөн дээр тариалан эрхэлж буй тариаланч л ямар арга хэмжээ өөрийнх нь хөрсөнд, өөрийнх нь орон нутгийн онцлогт, тариалж буй ургамал, таримлын сортод хамгийн сайн тохирохыг шийднэ. Зөвхөн эдгээрийг харгалзсан тохиолдолд төрөөс ямар нэг дэмжлэг тусламж горьдолгүйгээр өөрсдийн санхүүжилтийн эх үүсвэрээр хийх боломжтой.

-Хөрсний доройтлыг бууруулахад хөрс боловсруулах техник ямар ач холбогдолтой байдаг бас техникийг зөв ашиглахгүй бол үр дүнд хүрэхэд асуудал гардаг уу. Энэ асуудлыг шийдвэрлэхэд төрийн дэмжлэг бодлого байхгүй бол амаргүй байх тийм ээ?

-Тариалах ургамал, хөрс боловсруулах техник тоног төхөөрөмж, тариалах хугацаа, тоног төхөөрөмжийн тохируулгыг сонгохдоо тариаланч хүн өөрийн тариалалт хийх хөрсний доройтлын түвшин ямар байхыг ч давхар шийдэж байдаг.

Тариалалт хийхдээ хөрсний доройтлын түвшин ямар байхыг ч давхар шийдэж байдаг.

Монголын хувьд салхинаас үүдэлтэй хөрсний доройтол явагдах эрсдэл өндөртэйн дээр хөрсний үржил шимт давхаргын зузаан нь маш нимгэн тул хөрсийг хэт сийрэгжүүлдэг багаж, технологи хэрэглэхээс татгалзах шаардлагатай. Анжсаар газар хагалах технологийг. төмс, хүнсний ногоо тариалах усалгаатай талбайд ч мөн адил хэрэглэхээс татгалзах нь зүйтэй.

Хэрэв газар хагалах зайлшгүй шаардлагатай бол тэр даруйд нь шаардлагатай түвшинд хөрсний өнгөн давхаргыг нягтруулагч төхөөрөмжтэй хослуулж ашиглах нь зүйтэй. Ойрын жилүүдэд хөрсийг хучих арга технологи Монголд ихээхэн дэлгэрэх болов уу. Энэ тохиолдолд хөрсний гүнд бус өнгөн боловсруулалт хийдэг дискэн, шүдэт гэх мэт ажлын тоноглол бүхий төрөл бүрийн тоног төхөөрөмж хэрэглэгдэнэ.

Хөрсийг эрүүлжүүлэх, тогтворжуулахад мэдээж хэрэг хөрсийг гүн боловсруулах төхөөрөмж ч хэрэгтэй болно. Тэдгээр төхөөрөмж хөрсний гүнд ажиллах эсхүл гүехэн ажиллах аль ч тохиолдолд хөрсийг зохистой хэмжээгээр буцаан нягтруулдаг төхөөрөмжөөр тоноглогдсон байх нь туйлаас чухал. Миний бодлоор өөрийн тариаланд тохирох тоног төхөөрөмжийг сонгож авахын тулд заавал төрөөс тусгай хөтөлбөр боловсруулахыг хүлээх шаардлагагүй.

Олон орны туршлагаас ажиглаад байхад иймэрхүү төрөөс хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд нь техник, технологийг хэтэрхий ерөнхийлж, багцалж авч үздэгээс болж тариаланчдын ажилд ихээхэн хохиролтой шийдвэр гарах, хүлээгдэж буй үр ашгийг нь бууруулах байдал харагддаг харин төрөөс тариаланчдад өөрийн сонгосон тоног төхөөрөмж худалдан авахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлбэл илүү оновчтой болов уу.

Банк хөдөө аж ахуйн салбарт оруулах хөрөнгө оруулахыг эрсдэлтэйд тооцоод байх шиг байдаг?

Монголын банк газар тариалангийн салбарт хөрөнгө оруулалт хийхдээ төдийлөн дуртай биш байгаа нь ажиглагддаг. Газар тариалангийн салбарыг хэтэрхий эрсдэл өндөртэйд тооцож байна. Иймд төрийн зүгээс энэ талаас нь дэмжиж зээл авахад нь баталгаа гаргах, зээлийн хүүгээ төлөхөд нь дэмжлэг үзүүлэх зэргээр дэмжих нь зүйтэй.

Таны бодлоор монголчууд хөрс боловсруулах техникийг хэр ашиглаж байх шиг байна?

Миний үзэж байгаагаар хөрс боловсруулах орчин үеийн техник, технологийн талаарх Монголын газар тариалан эрхлэгчдийн мэдлэг, мэдээлэл төдийлөн сайнгүй юм шиг санагдсан. Ихэвчлэн Үрлэх болон ургац хураах техник тоноглол дээр анхаарч ирснээс бус хөрс боловсруулах техник дээр анхаарч байгаагүй. Харин сүүлийн хоёр жилд хөрс боловсруулах техник технологийн ач холбогдлыг ойлгож илүү өндөр ач холбогдол өгч эхэлж байгаа нь ажиглагдаж байна.

Хөрсний доройтлыг бууруулах үйлчил гээтэй хөрс боловсруулах техник, технологи ашиглах нь мэдээж хэрэг үр  дүнтэй байх. Таны хувьд хөрсний доройтлыг бууруулахад “LEMKEN” ий ямар техникийг онцгойлон санал болгох вэ?

-Ер нь “LEMKEN” -ий бүтээгдэхүүнүүдээс аль нэгийг нь онцгойлон дурдах хэцүү. Бүгд л сайн техникүүд. Жишээ нь “LEMKEN” -ий дэлхийд алдартай анжис болон хөрсийг гүнд нь хольж нягтруулагчтай хослуулсан VariaPack хэмээх бүтээгдэхүүнийг нэрлэж болно.

Гэхдээ Монголын нөхцөлд хөрсөнд гүехэн боловсруулалт хийдэг Heliodor болон Rubin маркийн богино дискт борной мөн Kristall маркийн иж бүрэн сийрүүлүүр илүү тохиромжтой гэж үзэж онцгойлон санал болгомоор байна. Нэр дурдсан төхөөрөмжүүд нь өөртөө хөрсийг буцаагаад зохих хэмжээгээр нягтруулах үүрэгтэй булны системтэй бөгөөд “LEMKEN”  –ий үрэлгээний машинтай маш сайн хослуулан ашиглах боломжтой.

Мөн Кагаt маркийн эрчимт сийрүүлүүр нь төрөл бүрийн ажлын гүнд ашиглах боломжтой тул Монголын ХАА-н салбарынхны сонирхлыг татаж болох юм.  

Герман Монголын хамтарсан "Тогтвортой Хөдөө Аж Ахуй" загвар аж ахуй байгуулах төсөлд CLAAS, “LEMKEN”  компани оролцож байгаа юм байна. Энэ төслийн үр дүнг та
ямраар төсөөлж байна вэ?

-Тийм ээ, СLAAS болон “LEMKEN” компаниуд өмнө нь дэлхийн олон оронд ийм төрлийн хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож ирсэн туршлагатай. Эдгээр компаниуд нь энэхүү төслийг санаачлагчдын нэг төдийгүй мөн үндсэн оролцогчдынх нь нэг юм. Төсөлд оролцогч бусад компаниудын нэгэн адилаар CLAAS ба “LEMKEN”  компани Монгол улсад урт хугацаанд үр ашигтай үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж байна.

Энэ ч үүднээс Монгол орон, Монголын ард түмний талаар илүү ихийг олж мэдэн ХАА-н салбарын хэрэгцээ, нөхцөл байдалтай нь танилцах хүсэлтэй байна. Загвар аж ахуй маань компани болон бүтээгдэхүүнээ монголчуудад танилцуулах, Монголын газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй санал бодлоо солилцох таатай боломж олгоно гэж үзэж байна.

“LEMKEN” компани энэхүү төсөлд оролцох болсон гол зорилго нь өөрийн бүтээгдэхүүнийг Монголын нөхцөлд тохируулах, турших явдал төдийгүй танай ХАА-н мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулахад дэмжлэг үзүүлэх явдал юм. Төслийн үр дүнгийн талаар харамсалтай нь одоогоор хэлэхэд эрт байна.

Харин хэдэн жилийн турш янз бүрийн түвшинд яриа хөөрөө өрнүүлж, харилцан айлчлал хийж, олон удаа буруу зөв ойлголцсоны эцэст энэхүү төсөл хэрэгжиж эхлэхnболомжтой болсонд туйлаас баярлаж байгаагаа л хэлэх байна.

Монголын хөдөө аж ахуйн салбарын ирээдүйг та хэрхэн харж байна вэ?

-Танай ХАА-н салбарыг томоохон ирээдүй хүлээж байгаа нь эргэлзээгүй. Загвар аж ахуйн төсөлд хамтран оролцож буй түншүүд, тэр дундаа “АММАС МGL.” ХХК болон түүгээр ашиг сонирхлоо төлөөлүүлсэн түншлэгч компаниуд бид энэхүү салбарыг амжилттай, тогтвортой хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байна.