Нэн тэргүүний тулгамдаж буй асуудал бол  борлуулалт
Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбооны ерөнхийлөгч Г.Даваадорж
2013.09.19

Нэн тэргүүний тулгамдаж буй асуудал бол борлуулалт

Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбооны ерөнхийлөгч Г.Даваадоржтой газар тариалангийн салбарын тулгамдаж буй асуудлаар ярилцлаа.

- Газар тариалангийн салбар сүүлийн жилүүдэд хэр ахицтай хөгжиж, ямар түвшинд байна бэ?

Газар тариалангийн салбар зах зээлд шилжихээс өмнө 82 орчим хувийг сангийн болон тэжээлийн аж ахуй, үлдсэн 20 гаран хувийг хөдөө аж ахуйн нэгдлүүдэд тариалангийн үйлдвэрлэл эзэлж байсан. 1990-1997 оны хооронд газар тариалангийн салбарыг хувьчилснаар аж ахуй нэгжүүд үйл ажиллагааны зардлыг өөрсдөө хариуцдаг болсноор уналтад орсон.

Өмнө нь газар тариалангийн салбар 100 хувь төрийн дэмжлэгээр ажиллаж, ашгийг нь улс  хураан авч тэгшитгэн хувиарлах замаар бүх тариаланчдад техник шатахуун, үр бордоо болгон тараадаг байсан. Гэтэл хувьд шилжин үйл ажиллагааны зардалд зарцуулах мөнгөгүйгээс өндөр хүүтэй банкны зээлд хамрагдаж, хөрөнгөө барьцаалж, техникээ цөөлж, талбайгаа багасгаж явсаар 2007 онд хамгийн доод хэмжээндээ тулсан юм.

Энэ үед төрөөс газар тариалангийн салбарыг дэмжих бодлого барьж Атрын 3-р аяныг зарласан. Шатахуун, техник, үр, бордоог нь зээлээр намрын ургацаар төлөх боломж бүрдэж газар тариалангийн бүс үндсэндээ бүрэн сэргэсэн гэхэд болно. 2012 оны байдлаар төмс, буудайн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнсний ногооны нийт хэрэгцээний 70 гаруй хувийг хангаад байна.

- Салбарын тулгамдсан асуудал юу байна бэ?

Атрын 3-р аяны хүрээнд төвийн бүсийн газар тариалан бүрэн сэргэж, Дотоодын Төмс, буудайн хэрэгцээг 100 хувь хангасан.

Нэн тэргүүний тулгамдаж буй асуудал бол  борлуулалт. Борлуулалтын хүндхэн асуудалтай тулгарсан нь үр тариа, төмс.  Мөн тэжээлийн ургамал тариалахгүй байна. Тариалсан ч борлогддоггүй. Учир нь малчид малынхаа тэжээлийг  үнээр худалдаж авахгүй, үнэгүй байгалийн хадлан идэх боломжтой гэж үздэг.  

2013 оны байдлаар буудайн хэрэгцээгээ арай бүрэн хангаж чадахгүй, 35 мянган гурил буюу түүнтэй тэнцэх буудай импортоор авахаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас судалгаа гаргасан.  Гэвч энэ жилийн буудай борлогдохгүй байх магадлал бий. Гурилын үйлдвэр бүгд хувийн учир хямд буудай худалдан авахыг зорих нь ойлгомжтой.  

Хэрвээ Оросын буудайн үнэ буурвал гурил импортлогч импортын буудайг сонгоно. Тиймээс дотоодын зах зээлийг хамгаалж, дэмжихийн тулд бүх буудайг худалдан авах хэрэгтэй. Гурилын үйлдвэр бүтэн жил хэрэглэх буудайг нэг сарын дотор худалдан авах бэлэн мөнгө байхгүй, тариаланчдад буудайгаа хураах агуулах байхгүй.

Хэдийгээр үр тариа энэ жил дотооддоо хүрэлцэхгүй ч хураасан тариагаа борлуулж чадахгүй байх магадлалтай. Үүнд төрөөс зохицуулалт хийж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Төрөлжсөн аж ахуй байгуулах, зээлийн хүүг бууруулах, хамтран агуулах барих зэргээр дэмжиж болно.

- Газар тариалангийн салбар одоогоор бүрэн сэргэж чадсан уу?  

Алслагдсан бүсийн газар тариалан сэргэж чадаагүй. Төвийн бүсэд атаршиж хаягдсан талбай байхгүй бүрэн сэргэсэн. Гэтэл баруун таван аймаг Завхан, Ховд, Увс, Баян-өлгий, Говь-алтайд ашиглаагүй талбай маш их байна.  Зүүн гурван аймагт мөн маш их талбай ашиглагдахгүй байгаа.

ҮХАА яам алслагдсан бүсэд газар тариаланг сэргээн хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл боловсруулахаар ажиллаж байгаа. Өмнөх засгийн газар Атрын гуравдугаар аянд төвийн бүсийн газар тариаланг сэргээсэн бол алслагдсан бүсийн тариаланг энэ засгийн газар сэргээхээр ажиллаж байна.

- Алслагдсан бүсийг сэргээхэд таны бодлоор ямар арга хэмжээ авах хэрэгтэй бэ?

Бид яг одоо үүн дээр ажиллаж байна. Атрын 3-р аян зарлахад баруун, зүүн аймгийн газар тариалан сэргэж чадаагүй нь тариалан эрхлэгчид нь жижиг, зээлийн урьдчилгаа төлөх чадваргүй, тариалан эрхлэх мэргэжилтэн, техник ажиллуулах боловсон хүчин байхгүй байна. Тиймээс шинэ үеийн тариаланч бий болгоход дэмжлэг үзүүлж, сургалт сурталчилгаа ажиллах хүч бий болгох шаардлагатай.

Жижиг аж ахуй нэгж учир арай хямд техникийг, арай өөр нөхцөлөөр өгөх арга хэмжээ авах хэрэгтэй байна. Мөн баруун, зүүн бус нь хуурайшил ихтэй. Тиймээ усалгаагүй тариалан эрхлэх боломж байхгүй, илүү их хүч, хөрөнгө мөнгө шаарддаг.  Энэ мэт олон бэрхшээл байна.

- Газар тариалан эрхлэгч төр хоорондын уялдаа хэр байна бэ? Төрөөс хэрэгжүүлж байгаа хууль тогтоомж газар тариаланчдын нөхцөл байдалд нийцэж байна уу?

Одоо байгаа хууль, тогтоомжийг хэрэгжүүлж чадвал ихэнх нь нийцнэ. Болохгүй юм уу, хэрэгжихгүй зүйл их бий. Хамгийн их асуудалтай нь  тариалангийн талбайд мал оруулахгүй байх явдал. Яаж ч зохицуулах боломжгүй байна. Хуульд мал оруулахгүй гээд гээд заачихсан ч хэл ам, маргаан ихтэй хохиролыг тогтоох, шийдэх явц удаан байдаг. Үүнд хуулиар нарийвчлан зохицуулалт хийх шаардлагатай.

Мөн буудайн үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчид хөрсний үржил шимийг тодорхой заалт тогтоож өгөх хэрэгтэй. Дорнодод их том хүчтэй техник ашиглан уул уурхай, барилга, тариалангийн компани үйл ажиллагаа явуулж байгаагаас хөрсний бүтэц алдагдаж, үржил шимийг нь үгүй хийж  байна. хуулийн тодорхой зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. Т иймээс хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, зарим нэгийг нь шинээр боловсруулах шаардлагатай тулж ирсэн.

- Газар тариалан эрхлэгчдийн аж амьдрал орлогын ашиг хэрхэн нэмэгдэж байгаа бол?

Боломжийн ургац авсан бол ашигтай байх нь аргагүй. Гэхдээ ямар ч талбайгаас ургац хураасан ашигтай ажилладаг тогтолцоо байхгүй. Дунджаас дээш ургац авсан тохиолдолд ашигтай байх тийм үнийг л ярихаас бага ургац авсан бол алдагдалтай байхаас өөр аргагүй.

- Намрын улиралд их хэмжээний ногоо зах зээлд гараад үнэ буурдаг?

Өнгөрсөн жил төмс их хураасан. Цаг агаар сайхан байсан, их ч төмс тарьсан. Үүнээс болоод төмс борлох зах зээлгүй хүндрэл үүссэн. Ховд аймагт 300 тонн төмс хаясан гэсэн мэдээлэл сонссон. Энэ хавар агуулах суллахаар үнэгүй төмс өгөх хүсэлтэй иргэд байсан ч авах хүн ховор гахай нохойны хоол болох, хаях тохиолдол гарсан.

Энэ бол алдагдал, төрийн буруу биш. Манай тариаланчид зах зээлийн баримжаагүй байгаагийн илрэл. Хүн болгон төмс тарьж байхад өөр ногоо тарья гэсэн бодолгүй. Үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн өөрсдөө зах зээлийн баримжаагаа авдаг байх ёстой. Тэрнээс салбарын яамнаас мэдэгдэл гаргана гэж байхгүй шүү дээ.   

- Тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдэх бэ?  Гарц  юу байна. Аж ахуй нэгж хувийн хэвшилд юуг сануулах нь зүйтэй бэ?

Энэ жил 300 мянган тонн үр тариа борлуулна.

Ямар ч бизнест зах зээлийн судалгаа маш чухал. Борлогдох нь мэдэгдэхгүй бизнес хийж болохгүй. Өнөөдөр тулгамдаж байгаа асуудал борлуулалт. Энэ жилийн хувьд тарианы болц оройхон хураагдах шинжтэй. Магадгүй зарим нь цасанд даруулж мэднэ. Тиймээс юуны өмнө тэр тариаг хаана борлуулах уу гэдэг асуудал байна. Бага ч гэсэн борлуулах хэрэгтэй.

Энэ жил 300 мянган тонн үр тариа борлуулна. Үүнээс 129 мянган тонныг яам өрөндөө шингээж, үлдсэнийг нь борлуулах хэрэгтэй. Гурилын үйлдвэрт хэрэгцээ байгаа ч тариа авах бэлэн мөнгө байхгүй. Банкнаас зээл авахаар хүү өндөр, гадаад зах зээлийн эрсдэл гээд тулгамдаж буй асуудал их. Шийдэхийн тулд хангалттай агуулах сав бэлдэх хэрэгтэй.

Төмс, хүнсний ногоо, тариаланчдад агуулах байхгүй. Төрөлжсөн агуулахтай болоод ургацаа аваад цэвэрлэж, хатаагаад үнэлэх хэрэгтэй.  Одоогоор ургацын хэмжээнээс хамаарахгүй бүгд л өөрийн үтрэмд ургацаа буулгадаг. Бороо, цасанд нэрвэгдэх аюултай. Төрөлжсөн нэг том цэвэрлэгээ хадгалалтын үйлдвэртэй бол тариаланчид ургацаа хураагаад шууд аваачаад өгдөг ажил, хүн хүч, цаг хэмнэх нэг арга нь юм.

- Газар тариалангийн салбарын ирээдүйг хэрхэн тодорхойлж байна.  Цаашдаа яавал илүү хөгжих бэ?

Манай улсын газар тариалан төрөлжсөн агуулах байгуулахаар ажиллана, хөгжинө, боломж байгаа . Дэлхийд одоо ингэж л хийдэг. Гэхдээ дэлхийн цаг агаар улам бүр л хуурайшсаар байна.  Үүнийг сааруулах тухай ярих хэрэгтэй.  2000 оноос хойш монголд цөлжилт маш эрчимтэй нөлөөлж  улсын нөөцийн хадлан байсан газар улаан элсэн манхан болоод байна.

Тиймээс усалгаатай тариаланд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ нь манай тариалангийн салбарыг аврах аврал болно. Боломжтой бүх л усны талбайн нөөцийг хөгжүүлэх хэрэгтэй. Нарны идэвхжилт 2015-2016 онд хуурайшиж эхэлнэ. Үүнд бид одооноос бэлдэх хэрэгтэй.