“Хаан жимс” буюу Чацарганы баяр боллоо
Жимсий хаан гэгддэг чацаргана жимсний баярыг жил бүр “Хаан жимс” жуулчны баазад тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэхүү уламжлалын дагуу энэ сарын найманд чацарганы баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
Баярын арга хэмжээнд ерөнхий сайд Н.Алтанхуяг, “Хаан жимс” компаны захирал Д.Гэрэлхүү, дуучин Г.Ариунбаатар, Г.Наранхүү, Ж. Алтанцэцэг, реппер Куйза нарын олны танил алдартнууд, хэвлэл мэдээллийн салбарынхан гээд нэлээд олон зочид оролцсон юм.
Хаан жимсний баярын нээлт чацарганы өнгөтэй нисдэг тэрэг нисэн ирснээр тун ч сүртэй эхэлсэн. Талбайн голд байрлуулсан чацаргана хэлбэртэй дүрсэн дотроос нугараач охид гарч ирэн сүүлийн үед хит болоод буй Солонгосын “Gangnam style” хэмээх дууны аянд үзүүлбэрээ үзүүлсэн нь хүмүүсийн таашаалд аргагүй л нийцлээ.
Арга хэмжээг “Хаан жимс” компаны захирал Д.Гэрэлхүү нээж үг хэлсэн юм. Тэрбээр “Анх 2005 онд чацаргана тарихаар шийдэн Оросоос суулгац худалдаж авч байлаа. Дараа нь гэр бүлийнхэнтэйгээ болон Алтанхуяг даргатай хамтран тариалалтаа хийж байсан юм.
Чацарганы ургац хураалт боллоо
Таван жилийн дараа үр ашгаа өгдөг энэ жимс үр ашгаа өгтөл ч хол байна даа хэмээж байсан цаг саяхан” хэмээн анх чацаргана тариалж байсан үеэ дурсаж байлаа. Тэгвэл одоо Монгол Улс нийт 200 орчим га-д чацаргана тариалдаг болжээ. Нийт модныхоо 50 хувиас ургац хурааж энэ жил 100 гаруй тонн чацаргана хураасан гэсэн мэдээ бий.
Сүүлийн үед манайд чацаргана төдийгүй үхрийн нүд ихээр тариалах болсныг салбарынхан онцолж байсан юм. Сонирхуулахад, үхрийн нүд антиоксидантаар баялаг учир хорт хавдраас сэргийлдэг ажээ.
Баярын үеэр дуучин Г.Наранхүү “Алтан намар” дуугаар үзэгчдийн сонорыг мялаасан. Мөн арга хэмжээг хөтлөн явуулж буй дуучин Г.Ариунбаатар ая дуугаа өргөн, ёслолын оройн зоог барьсанаар арга хэмжээ өндөрлөсөн юм. Ийнхүү нэг өдрийг байгалийн сайханд өнгөрөөж буй олны сэтгэл өөдрөг байгаа нь харагдаж байлаа.