Б.Баярхүү: Газар тариалангийн салбарт ямар ч менежмент алга
Газар тариалангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хөндөх сэдвүүдийн талаар “Агромаштех”-ийн ТУЗ-ийн дарга, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Баярхүүтэй ярилцлаа.
-Та өнгөрсөн хавар бас саяхан тариалангийн бүс нутгуудаар яваад ирсэн гэсэн. Явсан газрын сонин хачнаас дуулгахгүй юү?
-Тариалалтын үеэр Сэлэнгэ, Төв, Булган аймагт очоод ирсэн. Эдгээр аймаг нь хэзээнээсээ тариалангийн гол нутаг. Харин Төв аймагт газар тариалангийн үйлдвэрлэл сэргэж байна. Саяхан бас Хөвсгөл, Булган, Төв аймгаар яваад ирлээ. Газар тариаланг арван жилийн давтамжтай гэдэг. Тэр утгаараа энэ жил ч тариаланчдад мөн л өвөрмөц болж байна.
Өөрөөр хэлбэл, зун оройтсон. Зуны нар шарсан халуун өдрүүд зарим газарт нь бүр огт мэдрэгдсэнгүй. Төв аймгийн зарим нутгаар тариалалт явагдсанаас хойш хур тунадас маш бага орсон гэдгийг тариаланчид ярьж байсан.
Мөн зарим нутгаар наадмаас хойш бороо их орсноос буудайн болц удаашрахад нөлөөлөөд байна. Энгийнээр тайлбарлахад тарианы ургацад цаг агаарын байдал хамгийн чухал. Нар, бороо, салхи гээд бүгдийнх нь жин тун таарч байх ёстой юм. Энэ хэмжээ алдагдсанаас нэгдүгээрт, ургацын дүнд хоёрдугаарт, чанарт нөлөөлдөг.
-Буудай хураах цаг аль хэдийнэ болчихсон байхад болц муу байна гэж ҮХААЯ-наас мэдээлж байгаа. Энэ цаг үед буудайн болцыг сайжруулах тал дээр ямар арга хэмжээ авбал зохих вэ?
-Одоогийн болц муу байна гээд байгаа нь буудай нэг хэсэг нь шарлаад, доод тал нь ногооноороо байгаад учир нь байна. нэлэнхүйдээ шарласан цагт буудайн болц болжээ гэж дүгнэж болно. Ногоон хэсгийг нь шарлахыг хүлээхээр цаг хугацааны хувьд давчуу байна.
Хэрвээ одоогийнх шиг тариа нь алаг байгаа тохиолдолд га-гаас 10 центнерээс дээш ургацтай бол ангилан хадалт хийж болно гэж үздэг. Гэтэл зарим газруудад ангилан хадалт хийгээгүй, талбайгаа ч захлаагүй байна билээ. Мөн тариаланчид их эрсдэл хүлээхээр байна.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын зарим нутагт их хэмжээний талбайг мөндөр цохисон байна. Төв аймгийн Эрдэнэсант сумын нэг компанийн 500 га газарт комбайн орох аргагүй ганд нэрвэгдсэн байх жишээтэй. Гэх мэтчилэн газар тариалангийн амьдрал сайнтай муутай л байна. Цаг агаарын эдгээр байдал тарианы чанарт нөлөөлөхөөр байна.
-Тарианы чанарт нөлөөлнө гэдэг маш том асуудал. Чанаргүй буудай авснаар үр буудайн нөөцөд нөлөөлж мөн л чанаргүй гурил авна гэсэн үг. Ингэснээр импортын гурилд дарлуулах юм биш үү. Өнгөрсөн жил орос гурил кг нь 2000 төгрөгт хүрсэн шүү дээ?
Манай гурил үйлдвэрлэгчид өндөр цавуулагтай, натур сайтай, цэвэр хуурай буудайг өндөр үнээр авч хийсэн гурил нь өндөр үнэтэй байх хэрэгтэй.
-Тариаланчид гурил үйлдвэрлэгчид улаанбуудайн чанарын стандартыг хатуу мөрдөх ёстой. Энэ нь улаанбуудайн үнэ чанараасаа шалтгаалж хэлбэлзэж байх хэрэгтэй гэсэн үг.
Манай гурил үйлдвэрлэгчид өндөр цавуулагтай, натур сайтай, цэвэр хуурай буудайг өндөр үнээр авч хийсэн гурил нь өндөр үнэтэй байх хэрэгтэй шүү дээ.
Ер нь тариаланч, боловсруулах үйлдвэрийнхний хооронд түүхий эдийн үнэд хэн нэгэн оролцох нь утгагүй юм. Бид импортын будаа, гурилд дарлуулахгүйн тулд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх нь хамгийн чухал.
-Энэ салбарын бодлогыг шүүмжлэх гээд байна уу даа?
-Шүүмжлэхээсээ илүүтэйгээр хандлагыг нь өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Газар тариалан гэхээр л хүмүүс уринш бэлтгээд, тариа тарьж, хураах гэсэн өнгөцхөнөөр хүлээн авдаг. Гэтэл үүний цаана маш олон менежмент байдаг. Тодруулбал, санхүүгийн менежмент дутагдсанаас хавар болохоор л тариаланчид буудайгаа тарихаар мөнгөний эрэлд гардаг. Шаардлагатай мөнгөө өндөр хүүтэй авчихаад тушаасан будааныхаа үлдэгдэл мөнгөнд хүү тооцож авдаггүй байх жишээтэй
-Нэг үеэ бодвол энэ салбарт хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Үүнийг дагаад технологийн шинэчлэл ч их хийгдэж байгаа сурагтай?
-Иргэн, айл өрх бүр их бага хэмжээгээр газар тариалан эрхэлдэг болсон. Мөн бизнесийнхэн ч энэ салбарыг сонирхох нь олширсон. Түүнийг дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь сайн. Хавар тариалалтын бүсэд очиж танилцахад тариаланчид цомхотгосон технологи, химийн боловсруулалт сайн хийж байна билээ.
Энэ төрлийн технологийн шинэчлэлт Сэлэнгэ, Булган аймагт нэлээд цэгцэрсэн байдалтай байсан. Харин Төв аймагт энэ чиглэлээр цаашид хийх зүйл багагүй байгаа нь ажиглагдаж байлаа. Гэхдээ явсан газар бүрт тариалалт өөр өөрийн технологитой байсан. Энэ нь тухайн газар нутгийн болон тариаланчдын арга барилын онцлог байсан болов уу.
-Газар тариалан хөгжиж байгаа ч зөв голдирлоор хөгжиж чадахгүй байна гэх хүн олон байдаг. Та үүнтэй хэр санал нийлдэг вэ?
-Энэ яахын аргагүй үнэн. Хөгжлийн зөв голдиролд оруулахад менежмент дутагдаж байна. Газар тариалан маш эртнээс үүсэлтэй. Гэтэл түүнээс хойно хөгжсөн бусад салбар асар хурдацтай хөгжиж байна. Газар тариалан байгалийн болон гадны нөлөөтэй гэдгээрээ бусад салбараас илүү эрсдэл өндөртэйд тооцогддог.
Гэхдээ ухамсарт хүн энэ салбарын үйл ажиллагааг удирдан явуулж байгаагийн хувьд өөрсдөөс шалтгаалах зүйлсээ сайжруулах нь чухал байна. Тодруулбал, хүний нөөцийн менежмент дутагдсанаас боловсон хүчний бүхий л асуудал хөндөгдөж байна. Мөн санхүүгийн менежментийг дурдахгүй өнгөрч болохгүй.
Ийм зүйл огт байхгүйгээс хөрөнгө оруулалтын мөнгийг юм болгож чадахгүй “салхинд хийсгэж” байна шүү дээ. Энэ хоёр нэн түрүүнд яригдаж байгаа асуудал. Түүний дараа эрсдэлийн, байгаль орчны менежмент зэрэг асуудал яригдах болно. Бид маш яаралтай эрсдэлийн сан байгуулах, даатгалын тогтолцоог бий болгох шаардлагатай байгаа юм.
-Газар тариалангийн салбарт мэргэшсэн боловсон хүчин дутагдалтай байна гэдэг. Газар дээр нь очиж танилцахад ийм зүйл ажиглагдаж байна уу?
-Энэ бол мөнхийн сэдэв шүү дээ. Агрономич, инженер, мэргэшсэн механикжуулагч зэрэг боловсон хүчин хаа сайгүй дутмаг. Ер нь өдрийн од шиг байдаг. Би Хөдөө аж ахуйн их сургуулийг газар тариалангийн чиглэлээр төгссөн. Төгссөн цагаасаа хойш газар тариалантай холбоотой ажиллаж балгаа.
ХАА-н гол хоёр салбар мал аж ахуй, газар тариалан хослон хөгжих ёстой.
Энэ хугацаанд ажиглагдсан нэг зүйл нь энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн дунд мэддэг мэддэггүйн зааг их гардаг юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл, нарийн мэргэжлийн хүмүүс нь мөнгөгүйдээ ч юм уу, ямар нэгэн байдлаар энэ салбарт ажиллаж чаддаггүй. Эсвэл хэн нэгний дор ажиллая гэхээр хүссэн цалин мөнгийг нь өгч чаддаггүй.
Хоёр сая төгрөгийн цалинд хөтлөгдөн уурхайд ажиллаж байгаа инженерийн буруу биш шүү дээ. Тэд ч гэсэн цаанаа амьдралтай хүмүүс. Тэгэхээр үнэхээр чадалтай боловсон хүчиндээ уул уурхайгаас өндөр цалин хангамж амлаж болно шүү дээ. Хөдөлмөрийн гэрээ байгуулаад, нийгмийн асуудалд нь анхаарч чадвал энэ салбарт ажиллахгүй гээд зугтах хүн үгүй биз дээ.
-Газар тариалан эрхэлж байгаа хүмүүсийн мөнхийн дайсан нь мал байдаг юм шиг санагдсан. Тариаланчдын зарим нь талбайдаа мал оруулахгүй гэж ах дүү, хамаатан саднаараа ээлжлэн манадаг гэдэг юм билээ. Сэлэнгэ, Булган, Төв аймгийн тариаланчид энэ асуудлаа хэрхэн шийдсэн байна?
-ХАА-н гол хоёр салбар мал аж ахуй, газар тариалан хослон хөгжих ёстой юм. Газар тариалангийн бүсийн малчид малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэх замаар тоо толгойг нь цөөлөх, газар тариалангийнхан сэлгээндээ малын тэжээл тариалж эрчимжсэн МАА-г дэмжих хэрэгтэй. Харамсалтай нь одоо тийм биш байна. Үржил шимтэй хөрс гэдэг бол ганцхан тариаланчдын, тухайн компанийн өмч биш, ард түмний өмч.
Яагаад гэвэл хөрсөө хамгаалснаар бид хэдэн үедээ хүнс тэжээлээ бэлтгэх боломж бүрдэнэ. Малаас талбайгаа хамгаалж байгаа нь ургацаа хамгаалахаас гадна хөрсөө хамгаалж байна гэж ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас мал олон болсноос хөрс хамгаалах сүүлийн үеийн техник технологийг хэрэгжүүлэх боломжгүй болоод байгаа юм.
-Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?
-Газар тариалангийн бүтээгдэхүүнээс гарах эцсийн бүтээгдэхүүний үнэ, өртгийг төрөөс барих нь буруу санагддаг. Тухайлбал, дээд зэргийн гурилын килограмм тутмын үнийг 550 төгрөг гэж тогтоосон нь энэ салбарын хөгжилд сөрөг үр дагавар авчирч байна. Яагаад гэвэл нэгэнтээ үйлдвэрээс гарах үнэ нь 550 төгрөг юм чинь тариаланчид түүнд таарсан бүтээгдэхүүн л үйлдвэрлэнэ шүү дээ.
Газар тариалан байгалийн болон гадны нөлөөтэй гэдгээрээ бусад салбараас илүү эрсдэл өндөртэйд тооцогддог.
Түүнээс илүү чанартайг үйлдвэрлэх гэж илүү хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагагүй болж байгаа юм. Сүүлийн үеийн шинэ соргог техник, технологийг нэвтрүүлэх боломжгүй болсон гэсэн үг. Хуучнаа шинэчилж чадахгүй болохоор энэ салбар яаж ч хөгжих билээ дээ.
Монголчууд Цагаан сарын өмнө Оросын дээд гурил килограммыг нь 2000 төгрөгөөр худалдан авч байсан. Яагаад дотоодын үйлдвэрээ хөгжүүлэх, газар тариалангаа дэмжих зорилгоор одоогийнхоосоо хэдэн төгрөгөөр илүү үнээр гурил худалдан авч идэж болдоггүй юм.
Дотоодын гурилын үнийг өсгөлөө өсгөлөө гэхэд арай ч 2000 төгрөг болгохгүй нь мэдээж. Ер нь сүүлийн жилүүдэд махны үнэ тэнгэрт хадаж байгаа. Гэтэл энэ хугацаанд улаан буудайн үнэ огт нэмэгдээгүй. Зохицуулагдахгүй юмыг хүчээр зохицуулах нь сөрөг үр дагаварт хүргэнэ. Төрийн зохицуулах зүйл нь гурил, буудайн өртөг биш, арай өөр зүйл баймаар юм
-Өөр зүйл гэдгийг тодотгохгүй юу. Энэ салбарт төрийн ямар зохицуулалт нэн түрүүнд шаардлагатай байна вэ?
-Хүмүүс юмыг мартахдаа амархан. Бид хэдэн жилийн өмнө хэдэн бизнесменээсээ эхлээд Ерөнхий сайдаа хүртэл гаднаас будаа хайгаад явж байсан үе бий. Тэр үед “Атрын 3” аяныг өрнүүлж газар тариалан сэргэлээ, мөн сүүлийн жилүүдэд байгаль дэлхий ч ивээлээ. Цаашид ч гэсэн тариалангийн салбарыг зах зээлийн зарчмыг бизнесийх нь дүрмээр явуулах хэрэгтэй.
Тариаланчид үйлдвэрлэлийнхээ бүтээмжийг дээшлүүлж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн тариаланч, эрдэмтэн, мэргэжлийн байгууллагууд газар тариалангийн бодлогыг нарийвчлан боловсруулж, арваад жилийн өмнө батлагдсан тариалангийн тухай хуулийг өнөөгийн нөхцөлд зохицуулах, өөрчлөх шаардлагатай байгаа юм.