Төмсийг дахин боловсруулах үйлдвэр хэрэгтэй байна
“Монгол Төмс” хөтөлбөрийн зохицуулагч, Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Төрмандах
2013.09.18

Төмсийг дахин боловсруулах үйлдвэр хэрэгтэй байна

“Монгол Төмс” хөтөлбөрийн зохицуулагч, Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Төрмандахтай төмс, хүнсний ногоо тариалахад тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа.

- Төмс хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг хангаж чадаж байна уу? Энэ салбарт сүүлийн жилүүдэд ямар ахиц гарав.

Сүүлийн жилүүдэд төмсний үйлдвэрлэлд маш их ахиц дэвшил гарсан. Учир нь “Монгол төмс” хөтөлбөрийг гурван үе шаттай эхлүүлж 2004 онд 82 мянган тонн төмс хурааж авсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд бусад улсын ургац арвинтай, монгол орны хөрс цаг агаарын нөхцөлд дасан зохицох боломжтой хүнсний хэрэглээний сортуудыг судлан шалгаруулж үрийг нь үржүүлээд төмс тариалдаг нэгжүүдэд өгсөн.

 2004 онд дотоодын хэрэгцээний 60 хувийг хангаж, 40 гаруй мянган тонн төмсийг Хятадаас импортоор авдаг болсон юм. Харин 2010 оноос эхлэн дотоодын хэрэгцээг төмсөөр бүрэн хангаж байна. 2012 оноос 16.2 мянган га-д төмс тариалаад 242 мянган тонн төмс хурааж авсан. Нэг га талбайгаас авах ургацын хэмжээ 149 центнэрт хүрсэн давуу талтай.

Ингэснээр дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй төмсний илүүдэл үүссэн. Манай улсын дотоодын нийт хэрэгцээ жилдээ 180 мянган тонн төмс байдаг.  Өнгөрсөн жил 242 мянган тонн төмс үйлдвэрлээд 50-60 мянган тонн төмс илүүдсэн гэсэн үг.  Үүнээс үүдэн төмс, ногооны салбарт тулгамдсан нэг асуудал нь төмсний үнэ буурч өртгөөсөө хямдарсан явдал.

Судалгаагаар нэг кг төмсний өртөг 280-300 төгрөг байдаг ч зах зээл дээр 180-250 төгрөгөөр борлуулж алдагдалтай болж эхэлсэн. Өмнө нь 40 гаруй мянган тонн төмс импортоор оруулж ирдэг байсан бол өнгөрсөн жил 3.2 мянган тонн төмс импортоор орж ирсэн. 2013 онд импортын төмс зогссон гэж хэлж болно. Тэгэхээр хүмүүс төмс тарьж, ургац авч, дотоодын хэрэгцээгээ хангаж чадаж байгаа. Гэвч үйлдвэрлэлийн өртгөөс хямд төмсөө нийлүүлж байгаа нь асуудалтай.

- Үүнийг шийдэхийн тулд яах ёстой бэ?

Гадаадад экспортлох хамгийн энгийн арга бий. Өнгөрсөн жил Орос руу хувийн компаниуд бага хэмжээгээр төмсөө экспортод гаргасан ч үнэ харьцангүй хямд хэвээр байгаа. Борлуулалтыг нэмэгдүүлэх бас нэг арга бол дахин боловсруулах үйлдвэр байгуулах юм. Төмсийг дахин боловсруулж цардуул, шарсан төмс гэх мэт бүтээгдэхүүн болгох хэрэгтэй.

Ингэж чадвал илүүдэл төмсөө боловсруулах үйлдвэрт нийлүүлэн зах зээлд төмсний үнэ унахгүй байх  боломжтой.  Төмсний үнэ хямд байгаа бас нэг шалтгаан бол найман сарын сүүлээр бүх төмс хураагдаж борлуулалт нэмэгддэгтэй холбоотой. Тэгэхээр эрт ургацын төмс тариалах хэрэгцээ үүсч байна. Солист хэмээх Германы эрт ургацын сортыг шалгаруулаад үрийг нь үржүүлсэн.

Өнгөрсөн жил 242 мянган тонн төмс үйлдвэрлээд 50-60 мянган тонн төмс илүүдсэн

Ингэснээр  7 сарын 20-ноос эрт ургацын хураалт авах боломжтой болно. Мөн зооринд байгаа төмс дөрвөн сарын орчим соёолоод жингээ алдан үрчийдэг. Мэдээж ийм төмс хүнсэнд хэрэглэхгүй. Тиймээс соёололтыг удаашруулдаг бодис ашиглахаар одоогоор туршиж байна. үүнийг хэрэглэснээр наадам хүртэл зоорьноосоо соёолоогүй төмс ашиглах боломж бүрдэнэ. Энэ нь 5, 6 сард үүсдэг төмсний хомсдолыг арилгах юм.

- Төмс экспортлоход хүндрэл юу байна?

Төмс бол тээвэрлэлт муу даадаг. Манайд экспортлох ганц тээвэр нь төмөр зам. Орос, Хятад хоёр улс нь төмсний үйлдвэрлэлээр дэлхийд эхний хоёр байрыг эзэлдэг тул манайхаас төмс худалдаалж авахгүй. Өөр оронд экспортлоход  хугацаа их шаардах учир чанарт муугаар нөлөөлнө.

Мөн төмс экспортлоход тухайн улс оронд ургамал хамгааллын, хорио цээрийн гэрээ хэлэлцээр хийгдсэн чанар стандартын гэрээ байдаг. Манай улсын хувьд өөр улстай ийм гэрээ хийгээгүй.

-  Дахин боловсруулах үйлдвэр байгаа юу?

Гаднаас хамааралгүй төмсний илүүдлийг зохицуулах ганц боломж нь дахин боловсруулах үйлдвэр. Өнөөдөр монголд ийм үйлдвэр байхгүй. Цардуул хийдэг үйлдвэр жилдээ 50-70 мянган тонн төмс боловсруулдаг. Бусад оронд өргөн ашигладаг энэ үйлдвэр манайд байхгүй.  Шарсан төмсний үйлдвэргүйгээс Хятадаас импортолж байгаа.

Харин  Чипсны хэдэн жижиг  үйлдвэр байгаа. Гэхдээ Чипсны үйлдвэр нь хоёр янз байдаг. Нэг нь төмсөө,  хэрчээд шараад гаргадаг. Нөгөө нь гаднаас импортоор төмсний гурил буюу цардуул оруулж ирэн шарж хийдэг. Манай орны хувьд эхний хувилбар нь илүү ашигтай хэдий ч бизнес эрхлэгчид сүүлийн аргийг түлхүү хэрэглээд байгаа нь харамсалтай.

- Монголд төмсний илүүдэл үүссэн энэ үед агуулах, зоорийг хэрхэн шийдэж байна?

Улсын хэмжээнд нийт 100 гаруй мянган тонны багтаамжтай зоорь байгаа. Үүнээс 20 гаруй мянган тонн нь орчин үеийн хөргөлт агааржуулагчтай, механикжсан зоорь. Үлдсэн нь тариаланчдын өөрсдийн энгийн нүхэн зоорь юм. Энэ бол зөвхөн төмс бус бусад хүнсний ногоо ч хамаарна.

Тэгэхээр 240 мянган тонн төмс, 100 гаруй мянган тонн хүнсний ногоо жилд үйлдвэрлэдэг гэхэд зоорьны асуудал хүрэлцээгүй гэдэг нь харагдаж байгаа. Зоорьны багтаамжийг нэмэгдүүлэх, орчин үеийн болгож сайжруулах зайлшгүй хэрэгтэй байгаа.

- Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого  төмс, хүнсний ногоо үйлдвэрлэгчийн эрх ашигт хэр нийцэж байна?

Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг тодорхой хэмжээгээр Засгийн газар, үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас дэмжиж байгаа. Тодорхой механикжуулах, ургамал хамгааллын бодис, үрээр хангах чиглэлээр дэмждэг. Гэхдээ энэ нь хангалттай, хүртээмжтэй байж чаддаггүй. Хүнсний ногооны үйлдвэрлэлийн хувьд дотооддоо үйлдвэрлэсэн нийт хэрэгцээний 52 хувийг хангаж байгаа.

Үлдсэн 48 хувийг импортоор тэр тусмаа хятадаас оруулж ирж байгаа. Тэгэхээр хүнсний ногооны хувьд зах зээлд боломж бий. Харин төмс зах зээлд илүүдсэн. Тиймээс засгийн газар болон чиглэлийн яамнаас төмсний борлуулалтад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Мөн хүнсний ногоо цэвэр усалгаа их шаарддаг  учир тэр чиглэлд нь дэмжлэг үзүүлж байгаа.

Борлуулалтын чиглэлд энэ жил хүнсний павилон байрлуулан үйлдвэрлэгчид өөрсдөө оруулж ирж худалдаалах ажил хийсэн. Гэвч мөн л хүрэлцээ муутай. Миний бодлоор тариаланчид өөрсдийн ногоог шууд хэрэглэгчдэд өгдөг баймаар байна. Байшингийн дунд задгай чөлөөтэй талбайд стандартад нийцсэн угааж цэвэрлэсэн, савлагаатай ногоог зарах юм бол хоёр талдаа хожно.

Өнөөдөр төмсийг ченжүүдэд өгч байгаа бөөний үнэ 200 төгрөг. Гэтэл жижиглэнгийн лангуун дээр 600-с доош зарагдахгүй байгаа. Үйлдвэрлэгч алдагдалтай үнээр өгч, дундаас нь ченжүүд 50 хувийн үнэ нэмж жижиглэнд өгөх байдлаар үнэ нэмсээр хоёр гурав нугалсан үнээр хэрэглэгчид хүрдэг.

Үйлдвэрлэгч өөрөө зарах юм бол 400 төгрөгөөр зарж аль аль талдаа ашигтай байх боломжтой. Ийм л байдлаар зохицуулалт хэрэгтэй байна. Өнөөдөр хүнсний ногоо эрхлэгч 60 –аад мянган иргэд байдаг.  Эдгээрийн 240 нь л лангуунд худалдаа хийх боломжтой, хүртээмж муутай байгаа.

- Төмс хүнсний ногоо үйлдвэрлэгчдийн ашиг орлого сүүлийн жилүүдэд өгөөжөө өгч чадаж байгаа юу?

Гол нь тухайн зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч байна. Төмс илүүдээд ирэхээр үнэ нь буучихдаг. Үүнийг дагаад төмс үйлдвэрлэгчид бас буурсан. 2012 онд тариалж байсан иргэдээс нилээд нь төмс тариалахаа байсан. Учир нь гаргасан бүтээгдэхүүнээ өртгөөс нь доогуур зарж алдагдал үүрдэг. Энэ зөвхөн борлуулалтын механизмтай холбоотой.

"Монгол төмс" хөтөлбөр хөдөө орон нутагт

Үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ өөрөө борлуулж чаддаггүй дамлуулж байгаатай холбоотой үнэ өсдөг. Үүнийг багасгаж үйлдвэрлэгчдэд ашигтай, хэрэглэгчдэд ашигтай талыг л хамгийн түрүүнд бий болгох хэрэгтэй байна.

- Нэн тэргүүний шийдэх шаардлагатай тулгамдсан асуудал нь юу бэ?

Төмс,  хүнсний ногоо тариаланчдын өөр нэг зовлон бол хүн хүчний дутагдал байдаг. Тарьсан ногоогоо усална, бордоно, арчилна гээд. Нэг га талбайн хог ургамлыг зулгаахад 20 хүн шаарддаг. Өнөөдөр түр ажиллах ажлын хөлс 20’000 төгрөг болсон. Ургалтын хугацаанд гурван удаа хог, ургамал зулгаах шаардлагатай болдог. Тиймээс ургамал хамгааллын бодис ашиглахыг судлан сонгино, байцаад ашиглаж эхэлж байна.

Үүнийг ашиглавал 20 хүн шаардагдах ажлыг 2-3 цагийн дотор химийн бодис цацаад устгах боломжтой. Ингээд цаг хугацаа, мөнгө хэмнээд ирэхээр илүү их ногоо тариалах боломжтой болох юм. буудайн нэг тонн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал өгч байхаар болсон. Үүнтэй адил төмс хүнсний ногоонд урамшуулах олгох хэрэгтэй. Гэхдээ нэг га тутамд урамшуулал олгох юм бол хямд ченжид зарах шаардлагагүй болно.

- Химийн бодис ашиглан хогийн ургамлаас ангижрах, мөн зооринд соёолоод байгааг химийн аргаар зогсоох гээд. Энэ химийн арга нь эрүүл ахуйг сайн хангаж чадаж байгаа юу?

Зах зээлд монгол, хятад үрийн төмс гэж байхгүй болсон. Учир нь  Хятадаас үр, болон таваарын төмс авахгүй байгаа. Монгол долоон шинэ сорт батлагдан  худалдаалагдаж байгаа. Химийн бодисын хувьд дэлхий нийтээрээ ашиглаж байгаа.

Зөвхөн хог ургамал биш өвчин, хортон шавьжаас сэргийлэх шаардлагатай. Үүний эсрэг ургамал хамгааллын бодис учир аюулгүй. Энэ бодисыг сайн судлаад хоргүй чанараар нь ангилаад хэрэглэж байгаа. Мөн хураалтаас 14 хоногийн өмнө зогсоодог учир хорт нөлөө байхгүй.

- Хүнсний ногооны хувьд тулгамдаж байгаа асуудал юу байна?

Манай улс хүнсний ногооноос голлон байцаа, манжин, лууван, сонгино түлхүү тарьдаг.  Бага хэмжээгээр хүрэн манжин, улаан лооль, өргөст хэмх, сармис, чинжүү тариалж байгаа.  Хүнсний ногоо асар олон зүйл байдгаас Монголд ургуулж, ургац авах боломжтой 40 нэр төрлийн хүнсний ногоо бий.  Үүнээс 10 гаран төрлийг л голлон тариалж бусдыг нь өрхийн хэмжээнд тариалж байна.

Цаашдаа хүнсний ногооны чиглэлээр ажиллахдаа шинэ сортыг судалж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх чанартай сортыг шалгаруулахаар “Монгол төмс” хөтөлбөр ажиллаж байгаа. 2012 оноос эхэлсэн хүрээлэн болон туршлага судалгааны таван цэг дэр нийт 29 нэр төрлийн хүнсний ногооны 100 гаруй сортыг судлаад энэ жилээс зарим сортыг шалгаруулсан.

Мөн монголд урган өндөр ургац өгч байгаа сортын үрийг дотооддоо үйлдвэрлэж үрээр хангах ажилд дэмжлэг үзүүлж байгаа. Хүнсний ногооны бэрхшээлтэй асуудал нь хог ургамалтай тэмцэх юм.  Ургамал хамгааллын бодисыг хүмүүст таниулах хэрэгтэй байна. монголд тариалдаг хүнсний ногооны нэр төрлийг олшруулах, түүнийг хоол хүнсэндээ ашигладаг болгохоор ажиллаж байна. Ингэснээр бид ногооныхоо үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжтой болно.