2013.09.24

Хөдөө аж ахуйн салбар эдийн засагт хүчтэй дэмжлэг үзүүлэх боломжтой

МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж газар тариалан, мал аж ахуйн салбарын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр эдийн засаг хүнд  байдалд орлоо гэж санаа зовох хэрэггүй гэдгийг тус салбарынхан онцолж байна.

Учир нь хөдөө аж ахуйн салбар монголын эдийн засагт хүчтэй дэмжлэг үзүүлэх боломжтой болсон тухай сайхан мэдээ дуулгаж байна.

Ерөнхийлөгч эхлээд газар тариалангийн салбарт яг ямар дэвшил байгаатай танилцлаа.

ҮХАА яамны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээ:

404 мянган тонн буудай хурааж авах урьдчилсан тооцоотой. Ургацаас 320 мянган тонныг дотооддоо хэрэглэхээр төлөвлөж байгаа бол үлдсэн хэсгийг үр болон тэжээлийн зориулалтаар нөөцлөх гэнэ.

Ид өрнөж буй ургац хураалтыг ирэх сарын 10-ны өдрөөс өмнө амжуулахыг салбарын яамнаас шаардаж, шуурхайлж буй юм.

Нэг ёсондоо дотоодын хэрэгцээнээс 100 мянган тонн-оор давуулан биелүүлэх боломжтой гэдгийг тариаланчид хэлж байна. Өнөөдрийн байдлаар нийт ургацын 10 хувийг хураасан байна.

Буудайн болц 10 хоногоор оройтож байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал гэнэ. Гэвч ургацын чанар 2012 оныхоос илүү сайн, цавуулаг чанар 22 хувиас дээш гарсан зэргээс үзвэл энэ жил сайн гурил үйлдвэрлэх боломжтой аж.

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж газар тариалангийн салбартай танилцлаа.

Техникийн хувьд боломжийн ажиллаж байгаа ч Төв аймгийн Угтаал, Цээл, Сүмбэр суманд шатахуун хүрэлцээгүй болж хэсэг зогсчээ. Асуудлыг салбар яам түргэн шийдвэрлэх үйл ажиллагааг хэвийн болгосон гэнэ. Түүнчлэн урьд цагийн илгээлтийн эзэд шиг Батлан хамгаалах их сургууль болон бусад сургуулийн оюутнууд үтрэмийн ажилд оролцож байгаа нь ажлыг урагшлуулахад ихээхэн дөхөм болж буй аж. Буудайн үнэ ханш тун удахгүй тодорхой болгох юм байна.

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

Эдийн засаг хүдэрч байна гэж байгаа энэ үед гарах гарц нь өөрсдийнхөө баялагт тулгуурлан үйлдвэрлэл болгон хувиргах юм. Газар тариалан хөдөө аж ахуйн салбар энэ чиглэлд хамгийн том ашиг авах боломжтой.

Хүн ардаа хангаад цаашаа экспортлох болно. Энэ нь боломжтой зүйлээ гаднаас авахгүй ард иргэдээ хангаж байя гэсэн гол бодлого хэрэгжих алхам юм.

ҮХАА-ын дэд сайд Ц.Туваан:

Эдийн засаг хүнд байгаа энэ цагт хөдөө аж ахуйн салбар ямар хувь нэмэр оруулж чадах вэ?

Эдийн засаг хүнд үед хөдөө аж ахуйн салбар өсөлтөд их чухал үүрэгтэй. Оны эхний хагасын хөдөө аж ахуйн өсөлт 20.6 хувьтай гарсан нь Улсын эхний хагас жилийн эдийн засгийн 11.5 хувийн өсөлтөд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. 

Хөдөө аж ахуйн гол амжилт бол энэ жил мал сүрэг 15 саяар өссөн, газар тариалангийн хувьд дотоодын хэрэгцээнээс гадна олон улсын хэрэгцээг хангахуйц хэмжээнд хүрээд байгаа тухай мэдээлж байна.