Төрөөс урамшууллыг мөнгөөр бус бордоогоор өгөх хэрэгтэй
Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч И.Пэрэнлэй
2013.09.19

Төрөөс урамшууллыг мөнгөөр бус бордоогоор өгөх хэрэгтэй

Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч И.Пэрэнлэйтэй үр тарианы салбарт тулгамдаж буй асуудал сэдвээр ярилцлаа.

- Үр тарианы хувьд тулгамдаж буй асуудал юу байна. сүүлийн жилүүдэд үр тариа хэр ахицтай хөгжиж байна?

Үр тарианы үйлдвэрлэл зах зээлд орсноор хүнд байдалд орсон.  2007 онд 77 мянган тонн үр тариа авах хүртлээ буурсан тал ч бий. 2008 оноос Атрын гуравдугаар аяны хүрээнд гурилын хэрэгцээг дотооддоо хангах зорилт тавин ажилласан.

Энэ хүрээнд хэд хэдэн бэрхшээлийг шийдсэн нь техникийн шинэчлэлийн маш сайн хийсэн, газар тариалангийн ашиглагдахгүй байсан 300 гаруй газрыг эргэлтэд оруулсан. Мөн газар тариалангийн үйлдвэрт төрөөс урамшуулал үзүүлснээр өнөөдөр дотоодын нийт хэрэгцээг бүрэн хангах, жилд дунджаар 400 мянган тонн үр тариа хураан авах боломж бүрдсэн байна.

Газар тариалангийн гол дэвшил нь техникийн шинэчлэл. Одоо өндөр хүчин чадалтай техник ашиглах нь  ажиллах хүчийг багасгаж бүтээмж нэмэгдсэн. Мөн газар тариалангийн үйлдвэр санхүүгийн хувьд тогтвортой болсон. Сүүлийн гурван жил цаг уурын таатай нөхцөл бүрдэн ургац арвин хураасан ч бэрхшээл байна.  

Нэгдүгээрт буудайн үнийн асуудал хүндээр сөхөгдөж байна. Импортоор хямд гурил, үр тариа орж ирэн буудайн хиймэл нөөц бий болж үнэ огцом буурсан. Нэг тонн нь 280 мянган төгрөг гэж өнгөрсөн жил тогтоосон. Төрөөс 100 мянган төгрөгийг урамшуулал болгон өгч байгаа. үүнээс үүдэн тариаланчид буудай тарих сонирхол нь буурсан. Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах хэрэгтэй.

Нийт эргэлтэд 600 мянган га газар байгаагийн 60 гаруй хувь нь элэгдэлд орчихсон.

Жилд 400 мянган тонн ургац хураадаг ч Орос улсад  будааны үнэ буураад гурил хямдрах үед импортоор буудай их хэмжээгээр орж ирдэг. Ийм үед үндэсний үйлдвэрлэл уналтад ордог. Дараачийн тулгамдаж байгаа асуудал нь ажиллах хүч. Уул уурхай руу ихээхэн хошуурч байгаагаас газар тариалангийн салбарын ажиллах хүч дутагдалтай байна.

Дараачийн тулгамдсан нэг асуудал нь хөрс хамгаалах. Нийт эргэлтэд 600 мянган га газар байгаагийн 60 гаруй хувь нь элэгдэлд орчихсон. Яаралтай хөрсөө хамгаалахгүй бол болохгүй. Хөрсөө хамгаалж байж ирээдүйн тариалангийн салбараа хамгаална. Хөрс хамгаалах хоёр арга байна.

Нэгдүгээрт гурваас, дөрвөн үетэй таримлын сэлгээ хийх хэрэгтэй. Ургамал бүр өөр өөр шим тэжээл авдаг учир нэгээр нь нөхөх замаар сэлгээ хийх юм.

Хоёрдугаарт бордоо. Манай улс бордоогоо импортоор, тонн нь 800 саяын үнэтэй авдаг.  Ийм үнэтэй бордоо авах боломжтой аж ахуй нэгж цөөхөн учир улсдаа бордооны  үйлдвэрлэл хөгжүүлэх шаардлагатай. Төрөөс тариаланчдад мөнгөн урамшуулал олгодгийг өөрчлөн бордоо болговол илүү үр дүнтэй байх болно. Ийм механизм хэрэгтэй байна. Мөн малын тариалангийн талбайд оруулахгүй бах асуудалд онцгой анхаарах хэрэгтэй.

Нэг га-гаас авах ургацын 3 центнэрийг мал идэж байна гэсэн судалгаа гаргасан. Тариалан, малыг ялган бүсчлэн хуваах замаар зохицуулалт хийх санал байгаа. Хуулиар маш тодорхой нарийн зааж өгөх хэрэгтэй. Энэ мэт газар тариаланд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэл хөгжих боломж бүрэн байна.

- Яавал дотоодын зах зээлээ хамгаалах бэ? Гарц гаргалаа юу байна.

Гурван  гарц байна. Эхнийх нь импортын гурил буудайны татварыг өндөр болгох. Гэхдээ нийтэд нь биш. Хойд  хилд татвар өндөр, Ховдын боомтын бүтээгдэхүүнд татвар бага гэх мэт зохицуулалт шаардлагатай. Баруун аймаг тариа тарьдаггүй учир үнэтэй байж болохгүй шүү дээ. Хоёрдох нь хөрөнгө оруулалтыг урамшуулах хэрэгтэй.

Хөрөнгө оруулалтад урамшуулал өгөх нь дэвшилтэд шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэх, илүү ургац хураах боломж бүрдэнэ.  Гуравдугаарт хууль эрх зүйн зохицуулалт хийж тариалангийн талбайг малаас хамгаалж өгөх хэрэгтэй. Дараа нь үрийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Үр үржүүлгийн эрдэм шинжилгээний газрыг дэмжиж, үрийн замбараагүй хомсдолтой байдлыг шийдэх хэрэгтэй.  

- Сүүлийн жилүүдэд цаг агаар их хуурайшилттай байгаа. Мөн хөрсийг эрүүлжүүлэхэд ямар арга хэмжээ авч байна?

Бүсийн хөгжил статистик

Энэ бол маш чухал асуудал. Цаг уурын өөрчлөлт бол хэцүү хүнд захирагдахгүй ч шинжлэх ухаан хөгжсөн энэ үед цаг уурт уялдуулах боломжтой. Үүлд зориудаар нөлөөлж бүх орон нутагт бороо оруулах хэрэгтэй.  Жоохон үүл үүсэхэд л тэрийг тундас болгох хэрэгтэй. Мөн хөрсийг эрүүлжүүлэхэд таримлын сэлгээ хийх, уриншийн эзлэх хувийг багасгах хэрэгтэй.

Уриншгүй ургац авах хэцүү ч талбайн 30 хувийг л уриншд зориулах хэрэгтэй. Бусад ургамалд талбай гаргаж өгснөөр хөрсөө хамгаалах боломжтой. Хөрс хамгаалах бас нэг алхам нь малын хөлөөс холдуулах юм. Үүний тулд тариалангийн талбайг хаших хэрэгтэй. Хашиж сүрлээр нь хучлага үүсгэж салхинаас хамгаалах, ойн зурвас хийх зэрэг арга хэмжээ авч болно үүнийг тариаланч дангаараа хийж чадахгүй, төрөөс дэмжлэг хэрэгтэй.

- Атрын гуравдугаар аян хэрэгжсэн нь хэр өгөөжтэй байв?

Атрын гуравдугаар аяны хүрээнд эргэлтийн талбай нэмэгдсэн. Гэхдээ бүс нутагт газар тариалан хөгжөөгүй. Одоо газар тариаланг бүсэлж хөгжүүлэх шаардлагатай. Баруун бүс, зүүн бүс гэж ангилан, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Улаанбаатар руу зөөх биш экспортод гаргахад л анхаарах хэрэгтэй.

Ургацын илүүдэл гаргаж үнэгүйдэлд хүргэхгүйн тулд эхлээд экспортлох, өөр олон янзын хүнсний ногоо, ургамал тариалах чиглэлд анхаарах хэрэгтэй. Мөн баруун бүс, зүүн бүсийн нутгийн онцлогт тааруулан тариалалт хийх нь чухал. Үүний тулд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийх хэрэгтэй. Улаан буудай тариад ургахгүй газар нилээн бий.

- Улаан буудайн зоорь агуулах хангалттай байж чадаж байна уу?

Ер нь улаан буудайн агуулах энэ жил хангалттай болсон. Гурилын үйлдвэрт 200 мянган тонны агуулахтай, аж ахуй нэгжүүд 100 мянган тонн, иргэдэд нийт 100 гаруй мянган тонны агуулах сав байгаа. Жилд 400 мянган тонн ургац авахад хадгалах сав, агуулах нь бэлэн байна.

Хамгийн гол нь агуулахыг бүсчилж нэгтгэх тал дээр дэмжлэг хэрэгтэй. Хаа байсан Булган аймгийн тариаг Улаанбаатарт авчирч хадгална гэж байхгүй тээврийн зардал өндөр шүү дээ.