УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2013.07.01

Мон-93 бензинийг Хөх хотын боловсруулах үйлдвэрээс импортлож байгаа

УИХ-ын чуулганы Баасан гаригийн /2013-06-28/ үдээс хойшхи хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатараас Уул уурхайн сайдад тавьсан “Газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийг тогтворжуулах ажлын хүрээнд Монголбанк, Уул уурхайн яамтай хамтран 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баталсан Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн явц байдлын талаарх асуулга”-ын хариуг сонслоо. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой барих зорилтот хөтөлбөр бий. “Мон Питекс” гэж ямар компани байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын шатахууны нөөц хэр байна вэ. Энэ гаргасан 100 гаруй тэрбум төгрөгийн үр дүнд нөөцийн хэмжээ нэмэгдсэн үү. Намар тийшээ ургац хураалт, өвөлжилтийн асуудал эхлэх үед шатахууны үнийн өсөлт хандлага ямар байна.

“Мон Питекс” компани бол М-Ойл гэсэн брэндээр арилжаагаа явуулж байгаа.

Бичигтээр гараад Петро Чайнагийн экспортод гаргаж буй газрын тос хаана боловсруулагдаад, яаж дамжигдаж, ямар өртгөөр шингэн Замын-Үүд рүү орж Монгол-93 болов оо. Үүнийг тайлбарлаад өгөөч. Сая газрын тосныхонтой холбоотой бүтээгдэхүүн хуваах гэрээн дээр нилээн олон тэрбум төгрөг ашигласан, шамшигдуулсан гэсэн мэдээ монголын хэвлэлээр гараад байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү.

Яг чухам ямар луйвар явагдсан бэ. Монгол-93 бензин хэдээр экспортлоод, ямар өртөг шингэж үйлдвэрлэгдээд, аль үйлдвэрээс ямар тээврийн зардал шингэж, хичнээн тонн орж ирсэн. Цаашдаа хэр орж ирэх вэ. Энэ зөвхөн сонгуульд зориулсан шоу байв уу, бодит үйл ажил байв уу. Үүний өртөг үнэ цэнийг сайн задлаад өгөөч гэлээ.

Уул уурхайн сайд Д. Ганхуяг:  Зээлийн хэмжээ янз янз байгаа. Монголын жижиглэнгийн зах зээлд эзэлж буй хувь хэмжээнээс нь хамаарч тогтоосон. Улсын хэмжээнд жилийн дүнгээр нь авч үзвэл 40 орчим хувь нь бөөнийх, 60 орчим хувь нь жижиглэнгийх. Энэ нь улирлаас шалтгаалаад өөрчлөгдөнө. Манай газрын тос Хөх хотын таван сая тоннын газрын тос боловсруулах үйлдвэрт очиж байна.

Д.Ганхуяг: Манай газрын тос Хөх хотын таван сая тоннын газрын тос боловсруулах үйлдвэрт очиж байна.

Монголд олборлож буй газрын тосны үнэ Сингапурын бирж дээр Дачин-33 гэж ийм үнээр үнэ хэлэлцэж байгаа. Гэхдээ худалдаж авч буй бүтээгдэхүүн, гаргаж буй газрын тосны хооронд шууд эдийн засгийн тооцоо, ямар нэгэн арилжаа наймааны асуудал явагдаагүй. Хамгийн гол нь бид ганцхан үүсвэртэй учраас монголд олборлон гаргаж буй газрын тосноосоо газрын тосны бүтээгдэхүүний үнийг тооцож байгаа.

Бидний судалгаагаар “Орос нефть” компаниас монголд нийлүүлэгдэж байсан үнэ бусад оронд нийлүүлэгдэж байснаас 300-400 доллараар үнэтэй байсан. Тиймд түүхий газрын тосноос нь үнээ тооцдог болъё гэсэн асуудлыг тавьж, сая тав, зургаан сард 150-260 доллараар бууруулсан.

Энэ бол улс төрийн шоу биш иргэдэд чухал бодлого болсон. Бүтээгдэхүүн хуваах гэрээний тухайд хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Өнөөдрийн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр орж буй орлогынх нь тухайд холбогдох газруудын хяналт тавигдаж байна.

Ажлын хэсэг: “Мон Питекс” компани бол М-Ойл гэсэн брэндээр арилжаагаа явуулж байгаа. “Мон Питекс” компани Улаанбаатар хотод  10, хөдөө орон нутагт 20 шатахуун түгээх станцтай. Монгол-93 бензиний хувьд 19,21 дүгээр талбайгаас олборлож буй манай тос Бичигтийн хилийн боомтоор гараад Рашаантын өртөөн дээр очиж хоолойгоор шахагддаг. Ингээд Сайхан талд очиж, Сайхан талаас вагонд ачигдан Хөх хотын боловсруулах үйлдвэрт хүргэгддэг. Мон-93 бензинийг бид Хөх хотын боловсруулах үйлдвэрээс импортлож байгаа.